Categories
мэдээ цаг-үе

​Эрдэнэтийн хувьцаа ба Таван толгойн 1072

-ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ-

Хувьцаа гэж ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах хэмжээг гэрчилсэн үнэт цаас юм. Жишээлбэл “Монгол шаазан” гэдэг компанийг байгуулахад арван сая төгрөг зарцуулсан. Түүний 80 хувийг Дорж үйлдсэн 20 хувийг Бат, Оюунаа нар тэнцүү гаргасан. Компани жилийн дараа 40 сая төгрөгийн ашиг олсон. Энэ ашгийн 80 хувь болох 32 сая төгрөгийг Дорж, үлдсэн найман сая төгрөгийг Бат, Оюун нар тэнцүү хувааж авна. Тэдний ашигаас хүртэх мөнгөний хэмжээг баталгаажуулсан бичиг нь хувьцаа юм. Социализмын үед бидэнд хувьцааны тухай ойлголт байсангүй. Тухайн үед улсын болон амины өмч л гэж байсан. Хувь хүний хамгийн том өмч нь хашаа байшин. Инженерийн байгууламжтай орон сууц улсын өмч. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр иргэд их хэмжээний хөрөнгөтэй болох боломж бүрдсэн. Хувийн олон банкууд, Женко, MCS зэрэг томоохон компаниуд төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байна. Тухайн компаниуд ганзагын наймааны орлогоос өнөөгийн 10-15 ажилтантай компаниуд болж бойжсон. Томрох тутам ашгийн хуваарилалт нарийн болж хувирсан. Тэгш шударга хуваарилалт байгаагүй бол дээрх компаниуд өнөөгийн зах зээлд оршин тогтнох, өрсөлдөх чадвартай болж чадахгүй. Харин компанийн томрох, ашиг нэмэгдүүлэх хамгийн том хөшүүрэг нь хувьцаа. Хувьцаанас олсон шударга ашиг л тухайн компанийг өргөжүүлж улам их ашиг олох сэдлийг хувьцаа эзэмшигчдэд төрүүлдэг.

Монголд анх 1991 онд ягаан, цэнхэр тасалбар гарсан нь хувьцааны зах зээл үүсэх нөхцөл болжээ. Тухайн үед улсын үйлдвэрийн томоохон газруудыг цэнхэр тасалбараар, жижиг үйлчилгээний газрууд, мал болон машин, зарим тоног төхөөрөмжүүдийг ягаан тасалбараар хувьчилжээ. Нийгмийн зах зээлийн ойлголт дутуугаас олон иргэд өнөөг хүртэл цэнхэр тасалбараас ашиг хүртэлгүй өнөөг хүрч байна. Гэхдээ оройтоогүй. Хөрөнгийн бирж дээр очиход таны хувьцаа байж л байгаа. Зарим иргэн арав хүртэл сая төгрөг авсан мэдээ бий. Хувьцаа ашиг авах үе бий авахгүй ч үе байдаг.

Компанийн тухай хуулиар Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэлтэй хамтран Монгол Оросын хамтарсан үйлдвэр байсан. Тухайн үедээ ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан ч оросууд 1990-ээд оны дундуур өөрийн эзэмшлийн 51 хувиа бууруулж 49 болгосон. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр нь хязгаарлагдмал хариуцлагтай компани. Компанийн тухай хуулинд “3.5.Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ” заасан. Өмнө нь энэ заалтаар Эрдэнэт үйлдвэр 51 хувийг эзэмшдэг Монгол улсын Засгийн газар, 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын Засгийн газар гэсэн хоёр хувьцаа эзэмшигтэй байсан. Харин өнөөдөр оросууд өөрсдийн эзэмшлээ “Монгол зэс” корпорацид зарсан. “Монгол зэс” корпорацийн оросуудаас худалдан авсан 49 хувийг УИХ шийдвэрээр нийгэмчилж Засгийн газрыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон ч өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Учир нь Монгол улсын шүүх УИХ-ын шийдвэрийг буруутгасан шийдвэр гаргажээ. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Засгийн газар “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийг иргэдэд хувь болгон бэлэглэх шийдвэр гаргасан. Хэрэгжиж амжаагүй байтал МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, УИХ, МАН-ын дарга М.Энхболд ялагдав. Гэхдээ тэрээр саяхан твиттер хуудсаараа УИХ-ын 65 гишүүний шийдвэр хэвээр байгааг зарласан. Өмнө нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “өмч хураах” шийдвэрийг хэрэгжүүлэхгүй дүлэгнэж байгаад УИХ-ын даргын сэнтийгээс дургүйцлээ илэрхийлж байсан.

Эндээс “Монгол зэс” корпорацийн оросуудаас худалдан авсан 49 хувь хэний өмч вэ гэсэн асуулт гарна. Монголчуудын ихэнх нь улсын өмч гэж хариулна. Түүхээс харвал Эрдэнэт, Монросцветмет үйлдвэрүүдийг Монголын талаас нэг мөнгө гаргахгүйгээр оросууд барьж өгсөн байдаг.Ашиглалтын явцад оросууд 51 хувийг эзэмшиж, улмаар хоёр хувиа монголчуудад бэлэглэсэн байдаг. Энэ нь 49 хувь нь гарцаагүй оросын өмч гэдгийг баталж байна. Гэхдээ оросууд 49 хувиа шууд зарах эрх байхгүй. Гэрээндээ Эрдэнэт үйлдвэрийн аль нэг хувь эзэмшигч өөрийн хувийг зарахын тулд эхний ээлжинд нөгөө хувь эзэмшигч Засгийн газартаа мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг. Оросууд тухайн үедээ Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газарт мэдэгджээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 400-500 сая ногооноор Эрдэнэтийн 49 хувийг авах нь бүү хэл хэдхэн сарын дараа төлж эхлэх бондын төлбөрт өгөх сохор копейк байсангүй. “Монгол зэс”-ийнхны тайлбараар бол хэрэв эдгээр залуус аваагүй бол өнөөдөр Хятад, Казакстаны аль нэг компани Эрдэнэтийн 49 халаасалчихсан сууж байх аж. Энэ тохиодолд Батлан хамгаалахын сайд хэдэн цэргээ дагуулаад морддоггүй л юм бол ямар ч УИХ тогтоол үйлчлэхгүй болов уу. Хуулиар бол Монгол улсын Засгийн газар өөрийн мэдлийн 51 хувийг ард иргэддээ бэлэглэх боломжтой. Эсвэл “Монгол зэс” корпорацийн 49 хувийг Үндсэн хуульд заасны дагуу нөхөн төлбөр төлөөд үнэгүй тарааж болно. Харин Таван толгойн 1072 бол үнэхээр хуулийн дагуу зарласан хувьцаа.

ТАВАН ТОЛГОЙН 1072 ХУВЬЦАА ЮУ ТОО ЮУ зурган илэрцүүд

-ТАВАН ТОЛГОЙН 1072 ХУВЬЦАА ЮУ ТОО ЮУ-

Энэ асуултыг эдийн засгийн мэргэжлээр сурч байгаа оюутан асуусан юм. “Одоохондоо тоо боловч удахгүй үнэт цаас болно” гэж хариулсан. Хувьцаа гэдэг бол хуулиар баталгаажсан хувийн өмч. Иргэн хувийн өмчөө зарж, бэлэглэх мэтээр захиран зарцуулах эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан. Хэрэв хувьцаа мөн бол иргэний энэ эрхийг Засгийн газар хориглох эрх байхгүй. Харамсалтай нь Засгийн газар бидэнд хувьцаандаа ойртохыг хориглосон байгаа. Гэхдээ хориг тавьсан тавиагүй бидний халаасанд байгаа гэх 1072 хувьцаа нэртэй тоог хятадуудаас өөр хэн ч сонирхохгүй юм. Олон аж ахуйн нэгжүүд энэ тоог мөнгөөр худалдаж авсан боловч буцааж Засгийн газар зарсан. Мөн цөөнгүй иргэд сургалтын төлбөрөө төлж амжсан байдаг. УИХ-ын сонгуулийн үеэр олон иргэн 300 мянга төгрөгөөр тодорхой хэмжээний хувьцаагаа Засгийн газарт зарсан. Энэ тохиолдолд 1072 гэдэг тоо хувьцаа гэдэг нь үнэн. Гэхдээ Засгийн газар хувьцаа, тооны учрыг олтол хугацаа шаардагдана. Энэ хувьцаатай иргэд үхэж үрэгдэж цөөрнө. Хувьцаагүй иргэд олноор мэндэлнэ. Тэнгэрт хальсан өвөөгийнхөө хувьцааг өнөөдөр мэндэлсэн ач нь эзэмших эрхгүй. Энэ тохиолдолд тэнгэрт хальсан тоо болж хувирна. Энэ нь Засгийн газарт л ашигтай.

ХУВЬЦАА АМИЛАХ ЦАГААР зурган илэрцүүд

-ХУВЬЦАА АМИЛАХ ЦАГААР-

МАН УИХ-ын сонгуульд орохдоо хачин гоё амлалтууд өгсөн. Татвар нэмэхгүй гэдэг үг бизнес эрхлэгчдийн мэлмийг тэнийлгэж үнэмлэхүй ялалт байгуулав. Харамсалтай нь жил хүрэхгүй хугацаанд долоон төрлийн татвар нэмсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэний ч санаанд ороогүй ялагдал хүлээв. Иргэд Засгийн газар нь Эрдэнэтийн хувьцааг үнэгүй бэлэглэж байхад эсрэг санал өгнө гэхэд итгэх хүн байхгүй. Харин тэр хувьцаа нь биежнэ гэдэгт хэн ч итгээгүй болов уу. Өмнө нь Засгийн газрын зарласан Таван толгойн хувьцаа тоо хэвээр л байна. Саяханы зарласан Эрдэнэтийн хувьцаа ч түүнээс дээрдэх юмгүй. Энэ хоёр хувьцаа өнөөдөр холион бантан болж хувирсан. Хувьцаа ярих бүр Засгийн газрын нэр хүнд унана. Гэхдээ ямар нэгэн ашиг хүртэх хувьцаа иргэдийн гар дээр тавихгүй бол иргэд 2020 онд хариугаа барина. Тиймээс ямар нэгэн тоо биш бага ч гэсэн ашиг олж болох эсвэл зараад хэдэн төгрөг олох хувьцаа ойрын хугацаанд шаардлагатай. Ийм боломж Засгийн газарт бий юу гэвэл бий. Эхний ээлжинд Эрдэнэтийн 49 хувийг биш, Засгийн газрын мэдлийн 51 хувийг иргэдэд бэлэглэж болно. 49 хувийн зарга удаан үргэлжлэнэ. Зарга үргэлжлэх тусам нэхэмжлэх хохирол нэмэгдэнэ. Өнөөгийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын халааснаас нэг ч мөнгө гарахгүй. Иргэдийн халааснаас л гарна. Таван толгойг хэн нэгэн мөнгөтэй хүн ирж амилуултал өдий. Тиймээс амлалтаа биелүүлж, Эрдэнэтийн 51 хувийг хувьчил. Төсвийн цоорхойг Улсын үйлдвэр нэртэй авилга, өрийн голомт болсон 20 их наядын хөрөнгөнөөс жаахныг зараад нөхчих. Өөр ч олон арга бий л дээ.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *