Наадмын бөхийн барилдаан найраагүй, шударга сайхан болж, шинэ залуу бөхчүүд улсын өндөр цолонд хүрэхийг харах бахтай сайхан. Өнөө жилийн наадам ийм боллоо. Монгол Улсын арслан цолтон шинээр төрж, гарьд, заан, харцага, начин цолтнууд араас нь залгалаа. Наймын даваа буюу их шөвөгт харцага цолтой дөрвөн бөх шалгарч үлдсэн нь монгол бөхийн түүхэнд бас нэгэн содон тохиолдол боллоо. Түрүү жилийн мянган бөхийн манлай Ч.Санжаадамба аваргын эсэргүүцэлтэй, олон түмний шуугиантай, аварга, арслан, гарьдууд тавын даваанд ташраараа харуулдсан энэ жилийн наадам үнэндээ үзүүштэй, ярих юмтай болсон. Нэгийн даваанаас л шуугьж эхэлсэн. Тэрхүү шуугианы эзэн нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат залуу начин Эрдэнэбатын Даш байв. Мань эрийг цолоо батална, улмаар ахиулна гэж наадамчид харж байв. Учир нь Даш начин өнгөрөгч жилийн наадмаас хойших заал танхимын барилдаанд ихэвчлэн шөвгөрч, түрүү үзүүрт шалгарч байв. Гэтэл нэгийн даваанд учраа бөхдөө сөхрөөд уначихсан.
Хоёрын даваанд хэд хэдэн цолтой бөх тахимаа өгсөн. Мөн л Дундговийн Эрдэнэдалайн А.Алтанхуяг начин Говь-Алтайн Дэлгэрийн аймгийн арслан Тогтохмэндийн Сайханжаргалд өвдөг шороодсон. Тэрээр хоёр жилийн өмнө С.Мөнхбат аваргаар тав давж начин цол хүртэн үзэгчдийг шуугиулж байсан удаатай. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат уран барилдаант начин Лувсанрагчаагийн Нямсүрэн аймгийн заан Д.Батсайханд, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин М.Эрдэнэбат Архангайн Батцэнгэлийн Л.Отгонбаатарт, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Чимэдвандан Булганы Бүрэгхангайн Дармаагийн Тамирт, Увсын Д.Энхбаяр начин Хөвгөлийн Ц.Сандагдоржид, Архангайн Ц.Нямдорж начин Өвөрхангайн Сантын Ж.Наранбаатарт, Б.Сугаржаргал начин Говь-Алтайн Ж.Алтаншагайд тус тус өвдөг шороодлоо. Хоёрын даваанд Г.Эрхэмбаяр аварга жүдо бөхийн ОУХМ сумын заан Д.Төмөрхүлэгтэй оноолт таарч давсан. Төмөрхүлэг бол Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат уран барилдаант харцага Чогжинмүнсэлийн Даваадоржийн хүү юм.
Монголын нууц товчооны 750 жилийн даншигт Донровын Долгорсүрэн заанаар тав, Дэндэвийн Амгаа заанаар зургаа давж байсан хүчтэн. Эрхэмээ аварга аавтай нь төрийн наадамд мөн барилдаж байв. Баянхонгорын “Их Богд” дэвжээний бөх залуу начин Ж.Чулуунбат нэг галын бөх цэргийн арслан Д.Цэрэнтогтохтой таарсан нь хатуу учраануудын нэг байлаа. Цэрэнтогтохын хувьд улсын цолны төлөө зүтгэж байгаа залуу. Гэвч Чулуунбат начнаа дийлэлгүй, яалт ч үгүй тахимаа өгсөн. Хоёрын давааны төгсгөлд аймгийн шилдэг арслангууд хоорондоо оноолт таарч хүч үзсэн. Ш.Мөнгөнбаатар “Хангайн даваа” компанийн бөх аймгийн арслан Т.Цогт-Эрдэнэтэй, Увсын Оюуны Гантулга Баянхонгорын Б.Бат-Оршихтой, Завханы уран барилдаант Ш.Пүрэвгарьд хурц арслан Б.Бямба-Очиртой таарч давсан. Харин улсын цолны тааварт нэр нь зүй ёсоор бичигдэж байсан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү Хөвсгөл аймгийн арслан Б.Даваа-Очирт тахимаа өглөө. Эрдэнэхүүгийн аав Болд мөн аймгийн арслан цолтой бөх байдаг. Улсын наадамд хоёр удаа дөрөв давж начны даваанд аварга О.Балжинням, арслан Б.Ганбат нартай хүч үзэж байсан түүхтэй.
Гурвын даваанд шинэ залуу арслан, гарьдууд нас ахиж яваа бөхчүүдээ ихэвчлэн амлаж, “зөөлөн боорцог” болгосон юм. Тэд улсын цолгүй бөхчүүдийг бараг л амлаагүй дээ. Нэг л шийрэгнээд байгаа харагдсан. Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пүрэвжавыг амлалаа. Пүрэвжавын хувьд Санжаадамба аваргыг төрийн наадмын түрүү болно хэмээн ид шуугьж байх үед тавын даваанд хаяж, бөх сонирхогчдын дунд “бөхийн аранга” хэмээн нэрлэгдэж байсан бөх юм. Намсрайжавын Батсуурь Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хүчит арслан Дуламжавын Мөнх-Эрдэнийг амлалаа. Тэрээр гарын даа нар дээр ирж нэр сонсч байхдаа Мөнх-Эрдэнэ гэж хэлээгүй. “13-ыг тавьчих” гээд яваад өгсөн. Өнөө жилийн наадамд зодоглосон бөхчүүдийн арван гуравт хүчит арслан эрэмбэлэгдэж, нэр нь бичээстэй байсан. Тэрээр нэг хэсэг Бат-Эрдэнэ, Балжаа хоёрын ард зогсож байсан бол ийнхүү арван хэдээр бичигдэж байна. Батсуурийн хоёр жилийн өмнөх наадмын тавын даваанд И.Доржсамбуу гарьдыг амлаж байсан. Д.Мөнх-Эрдэнэ өнөө жил 53 насандаа төрийн наадамд зодоглож буй.
Д.Азжаргал арслан Увсын Б.Насандэлгэр начинг, Ж.Бат-Эрдэнэ гарьд Б.Адъяахүү начинг амласан. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү одоогоос 20 жилийн өмнө буюу 1997 онд Дамдингийн Баяраагаар тав давж начин хүртэж байсан. Энэ даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын харьяат улсын арслан Доржпаламын Ганхуяг Завхан аймгийн арслан Шаравнямбууд, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын гарьд И.Доржсамбуу Архангай аймгийн заан Дагва-Очирт тус тус өвдөг шороодлоо. Дагва-Очир хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харьяат улсын начин Ду.Батбаярыг өвдөглүүлсэн. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Лхагвасүрэнгийн Отгонбаатар нутгийн ах улсын гарьд Д.Рагчаагаар гурав давлаа. До.Ганхуяг арслан, И.Доржсамбуу, Д.Рагчаа гарьдууд хэн хэн нь анх удаагаа төрийн наадмын гурвын даваанд ийнхүү өвдөг шороодож байна. Гурвын давааг гүүр даваа гэдэг. Нутгийн ах нар, мөн багш нар нь залуу бөхчүүдээ амлан авч унаж өгдөг. Үндсэндээ гар хөнгөн давуулж, дээлийнх нь захыг мушгиж хоцордог. Энэ уламжлал мөн л хадгалагдлаа. Дамирангийн Бумбаяр заан 50 шахам насандаа зодоглож хоёр даваад гурвын даваанд өөрийн шавь Увсын Ц.Мөнхбаярыг амлахаар очсон. Яг энэ үед Ховдын Ц.Мягмарсүрэн заан мөн л өөрийн шавь О.Хангайг гар хөнгөн давуулах бодолтой очсон. Ингээд хоёр заан хэл амны нэмэр гэсэн үү, яасан амаа зөрүүлж авсан юм. Үндсэндээ Бумбаяр Хангайг, Мийгаа заан Мөнхбаярыг амласан. Архангайн Т.Мөнгөнцоож харцага нутгийн дүү М.Бадарчийг, Д.Амгаланбаатар заан мөн нутгийн дүү Ганжадыг, Г.Элбэг харцага өөрийн шавь Даваа-Очирыг, Д.Батболд харцага өөрийн шавь Золбоог амлаж даваа ахиулсан.
Дөрвийн давааны оноолт маш халгаатай хатуу таарлаа. Тэр дундаас үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн оноолт нь өнөө жилийн наадмын түрүү үзүүрт яригдаж буй Ховд нутгийн хоёр залуу хүчтэн болох улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан О.Хангайтай оноолт таарч өвдөг шороодсон. Пүрэвсайханы хувьд их л амархан унах шиг харагдсан. Мөн энэ давааны гол шуугиан нь их дээшээ барилдана гэж олны таамаглаж байсан төрийн наадмын түрүү бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Дармаагийн Тамирт өвдөг шороодсон. Тамир хүчтэй бяртай начин Б.Чимэдвандан, Ц.Одбаяр нараар хоёр, гурав давж, Батсуурь арслангаар дөрөв давж, түрүү үзүүрт баттай яригдаж байсан Пүрэвийн Бүрэнтөгс арслангаар тав давж начин цолны босго алхсан. Улсын арслан Ц.Содномдорж аймгийн хурц арслан О.Гантулгатай дахиад дөрвийн давааны нугалаанд таарсан. Түрүү жил мөн таарч Содном давж байлаа. Гантулга улсын цолонд хамгийн ойр яваа бөхчүүдийн нэг. Олон ч жил горьдлого тээж барилдаж байгаа. Сураг сонсох нь ээ, Содномдоржийн төрсөн эгчийнх нь нөхөр юм гэсэн. Худ ураг ийм хүмүүс хамгийн гол даваанд дараалан таарсан нь хамгийн хэцүү учраануудын нэг байв. Хэн хэн нь оноолтыг сонсоод “шок”-нд орсон байх л даа. Булганы заан М.Өсөхбаяр аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд, заан Т.Санчир Баян-Өлгийн Б.Серикт, заан Б.Соронзонболд Архангайн М.Бадарчид, Завханы гарьд Ш.Жаргалсайхан Г.Ганжад энэ даваанд тахимаа өгсөн. Харин жилийн жилд наадамчдын горьдлогыг төрүүлдэг Шарын Мөнгөнбаатар Дорноговийн Цацавшир харцагад өвдөг шороодож дахиад дараа жилийн наадмыг хүлээхээр болсон. “Мөнгөнбаатарыгаа мөн л олон жил итгэж хүлээлээ. Одоо больё доо, горьдлого тасарлаа” гэж СГЗ яруу найрагч, Сүхбаатар нутгийн хүү Ай.Төмөр-Очир харамсан бичсэн байна лээ. “Мөнгөний начин байснаас Мөнгөнбаатар шиг аймгийн арслан байя” гэх яриа хүртэл бий. Ийм л нэг улсын цол авдаггүй, тийм хэрнээ бусад үед онцгой сайн барилдаж, дархан ташаагаараа бүгдийг нь тонгордог бөхтэй болоод удаж байна даа.
Тавын даваанд улсын цолгүй найман бөх тунаж үлдсэнээс бүгд цолны өндөр босго алхсан. Тухайлбал, Архангайн Батцэнгэлийн аймгийн заан Ж.Дагва-Очир нутгийн ах дархан аварга Г.Өсөхбаяраар, Төв аймгийн арслан Г.Ганжад Ч.Санжаадамба аваргаар, Ховдын Оргихын Хангай залуу арслан Э.Оюунболдоор, Булганы Д.Тамир улсын арслан П.Бүрэнтөгсөөр, Говь-Алтайн Чандманын Б.Хишигбаатар нутгийн ах улсын гарьд Н.Ганбаатараар, Архангайн М.Бадарч улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатараа, Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн арслан Б.Серик уран барилдаант харцага Т.Баасанхүүгээр тус тус давж улсын начин цолны болзол хангасан. Гэвч найман начин цолтон мэндлэхээс илүүтэй тавын давааны гол шуугиан өнөө жилийн наадмын гол сенсааци Ч.Санжаадамба аваргын барилдаан гарцаагүй мөн.
Түрүү жилийн наадмын 1024 бөхийн манлай Санжаа аварга амаа буруу авчих шиг болсон. Барилдаж сурснаараа Цацавшир харцага, Азжаргал арслан, Батчулуун начин, Баасандорж заан, Лха-Очир начин гээд амлаад үзчихэд болохоор бөхчүүд олон байлаа. Гэтэл Ганжад гэж залууг амлаад Хөлийн цэц Ч.Санжаадамба аваргыг унасан, Ганжадыг давсан гэх шийдвэр гаргасан. Ингээд аваргыг тахимаа өгөхийг шаардсан. Үүнд Санжаадамба эсэргүүцэл үзүүлж, телевизийн бичлэгийг үзүүлэхийг хүссэн. Гэвч хүлээж аваагүй. “Хэрвээ би уначихсан бол шууд тахимаа өгнө. Илт давчихсан, өрсөлдөгч бөхийн тохой түрүүлж хүрсэн, хэдэн талаас нь авсан бичлэг байхад би тахимаа өгөхгүй. Хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Ард түмэн Ганжадын тохой түрүүлж хүрч байгааг телевизийн бичлэгээс хэдэн талаас нь харсан. Төв аймгийн хоёр хүн нутгийнхаа бөхийг давах шийдвэрийг гаргалаа” гэж хэлээд ч нэмэр болоогүй. Өсөхөө аварга Бөхийн салбар хорооны дарга Баясгаланд захидал бичээд ч хүлээж аваагүй. Зургаагийн даваа хэдийнэ эхлээд зүүн жигүүрийг Эрхэмбаяр аварга тэргүүлээд гарсан юм. Ингээд Санжаадамба эсэргүүцэл зарлаж талбай дээр зогссон. Тэр жил Санжаад унаснаа хүлээн зөвшөөрөхгүй Содномдорж эсэргүүцэл зарлан уйлаад зогсч байсан удаатай. Шийдвэр гаргасан хөлийн цэц гэдэг нь Төв аймгийн харьяат ардын багш Д.Сэрээтэр, улсын заан Ц.Баярсайхан нарыг хэлсэн байх. Ганжадад “жадлуулсан” залуу аваргын өнөө алдарт тохой хүрсэн зураг, түүнийг зассан засуулчийг зүхсэн ард түмний зүхэл одоо хэр нь үргэлжилсээр байна.
“Санжаадамба, Пүрэвдагва хоёр ингэх гээд байсан юм. Их л оодорч байсан. Нэг жилийн наадмын түрүү хүнд ирж болно. Гэхдээ Архангай арай л эз дийлээд байсан юм” гэх яриа чих дэлсэж л байлаа. Үнэндээ Пүрэвдагва арслан гайхширал төрүүлсэн. Өнөө уран хурц барилдаан хаачив. Дотроосоо шатаж, язуур зууж тэмцэлддэг тэмцэл хаачив. Сав л хийвэл сэв хийтэл босоо өмсөөд олныг шуугиулах нь бүү хэл олигтойхон ч хөдөлж чадаагүй, баглаатай юм шиг байгаад барьц сонгуулаад унасан. А.Цацавшир харцагын хувьд бол аргагүй ясны бөх гэдгээ харуулсан даа. Одоогоос арван жилийн өмнө тэрээр Б.Ганбат арслангаар тав давж начин цол хүртэж байсан юм. Тавын даваанд Санжаадамба, Пүрэвдагва, Бүрэнтөгс, Оюунболд, Гончигдамба бүгд нурсан. Сүүлийн зургаан жил төрийн наадамд завсаргүй шөвгөрсөн ганц бөх гэгддэг Гончигдамба гарьд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аралтай чацтай, хүчтэй начин Ч.Батчулуунд элэг бүсээ тайлсан даа.
Энэ жилийн наадам ийм л ярих сонин ихтэй болсон. Их шөвгийн дөрөвт Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр нарын дөрвөн харцага цолтон үлдсэнээс ард түмний хүсэн хүлээж байсан Содномдорж гялалзан түрүүлсэн. Тэрээр долоогийн даваанд шинээр харцага цолны болзол хангасан М.Бадарчтай, гарьд цолны төлөө Нэгдэлийн Жаргалбаяртай, түрүү үзүүрт Увсын Өлзийтогтохын Бат-Оршихтой барилдсан барилдаануудыг түмэн олон мэдэж байгаа. Угсраа олон мэхийг дараалуулан хийж ямар гоё гайхуулж барилдав. Үнэхээр ир нь орчихсон, од нь гийчихсэн байсан нь даваа бүрээс мэдрэгдэж байлаа. Олон жил хүлээсэн хайртай бөх нь наадмын түрүү авахад ард түмэн баярладгийг бид мэдэрч байна. Содномдоржийн их баяр, Санжаадамбын харуусалтай наадмын тэмдэглэлээс хүргэхэд ийм байна.
Ө.МАНЛАЙ