Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дараагийн уулзалтыг орон нутагт зохион байгуулахаар боллоо. Орон нутгийн иргэд санамсаргүй түүврийн аргаар сонгогдож санал асуулгад оролцоно. Тэнд оролцож буй иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцаад санал бодлоо илэрхийлэх юм.
Санал асуулга орон нутагт зохион байгуулахын тулд аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэд ажлын хэсэг байгуулагджээ. Мөн УИХ-ын Тамгын газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй долоон баг гарч, ажиллах бөгөөд улс төрийн 24 намын төлөөлөл ажиллах боломжтой байх юм. Ингээд орон нутгийн санал асуулгыг долдугаар сарын 24-нөөс эхлэн зохион байгуулна. Бэлтгэл ажлын хамгийн эхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар санал асуулгаас гарсан зөвлөмж, УИХ-ын 39 дүгээр тогтоолтой танилцах шаардлагатайг УИХ-ын гишүүн М.Энхболд сануулав.