Туркийн шүүхээс хүний эрхийн төлөө тэмцэгч зургаан хүн, тэдний дотор Эмнести Интернэшнл байгууллагын тус улс дахь салбарын тэргүүн Идиль Эсерийг энэ сарын 5-ны өдөр баривчлан хорих шийдвэр гаргасан байна. Баригдсан хүмүүс нь Хүний эрхийн хөтөлбөрийн холбооны Гунал Курсун, Вели Аку, Оршин суугчдын нийгэмлэгийн Өзлем Далкиран, Мэдээллийн технологи, стратегийн зөвлөх Али Гарави, Хүчирхийллийн эсрэг төвийн Петер Стайдтнер нар юм.
Баривчлагдсан хүмүүсийг террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаж буй тухай Ассошиэйтид Пресс агентлаг мэдээлэв.
Amnesty International байгууллагын нарийн бичгийн дарга Салил Шетти мэдэгдснээр хүний эрхийн төлөө тэмцэж, хамгаалагч дөрвөн хүнийг “Оршин суугаа газраасаа гадагш явахгүй” гэсэн нөхцлөөр сулласан ажээ. Идиль Эсер болон бусад 6 хүнийг төрийн эргэлт хийх оролдлогыг үргэлжлүүлэх зорилго бүхий байгууллагын хуралд оролцсон гэх үндэслэлээр хорьж буй аж.