Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр л гэхэд зарим нутагт 40 градус хүрч халсан. Хэт халалтаас шалтгаалж газар хуурайшиж, бэлчээрийн ургамал ургахгүй ихэнх нутгаар ган болж байна. Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу, 10 гаруй хувь нь бүр гантай байгаа аж. Үлдсэн 10 орчим хувь нь хэвийн зуншлагатай байна. Тодруулбал, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар хэвийн, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар дунд зэрэг буюу гандуу байгаа аж. Харин Дорнод Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан аймгуудын зарим сум гантай байна. Түүнчлэн орон нутагт зуншлага муу байгаагаас гадна нийслэлийн зарим таримал ургамалууд гандаж эхэлжээ.