Categories
мэдээ нийгэм

Ээлжийн амралтыг хэрхэн тооцдог вэ?

Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.

Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.

Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орохгүй гэсэн үг үү?
Орохгүй. Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй. Үүнд:

  • Нийтээр амрах баярын өдрүүд;
  • Долоо хоногийн амралтын өдрүүд;
  • Жирэмсний болон амаржсаны амралт;
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
  • Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.

Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө үү?
Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:

  • 6-10 жилд ажлын 3 өдөр;
  • 11-15 жилд ажлын 5 өдөр;
  • 16-20 жилд ажлын 7 өдөр;
  • 21-25 жилд ажлын 9 өдөр;
  • 26-31 жилд ажлын 11 өдөр; -32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.

Ээлжийн амралтыг жил бүр эдлэх боломжтой юу?
Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно.

Насанд хүрээгүй ажилтны ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
18 насанд хүрээгүй ажилтны үндсэн амралт ажлын 20 өдөр байдаг. Хэрэв 18 насанд хүрээгүй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хүрсэн бол түүний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тус тооцож гаргана.

Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?
ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг. Үүнд:

  • Цэргийн жинхэнэ алба хаасан
  • Тэтгэмжтэй чөлөөтэй байсан
  • Техник мэргэжлийн сургуульд суралцсан.
  • Зургаан сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *