Categories
мэдээ нийгэм

Н.Уламбаяр: Архи, ундааны шил савнаас гал гарах боломжтой

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалахыг хориглосон захирамж гарсан байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга хурандаа Н.Уламбаяртай ярилцлаа.


-Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалж байгаа иргэдэд хэрхэн хяналт шалгалт тавих вэ?

-Монгол Улсын хэмжээнд хуурайшилт ихтэй, хур бороо багатай, зуншлага тааруу байна. Энэ нь нэлээдгүй хугацаагаар үргэлжилж ган гачиг болох эрсдэлтэй байна. Улаанбаатарын ногоон бүсэд хуурайшилт нэн аюултай зэрэгт хүрсэн учир нийслэлийн удирдах ажилтаны зөвлөлийн хурлаар хэлэлцээд 2017 оны долдугаар сарын 17-ны өдөр А537-р зүйлээр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Гол үндсэн заалтанд нийслэлийн ногон бүсэд явган хүн болон тээврийн хэрэгслийг хуурайшилттай энэ үед зорчихыг түр хориглъё гэж шийдсэн. Хяналт шаардлагын хувьд байгаль хамгаалагч, нийслэлийн онцгой байдлын албан хаагчид, нийслэлийн цагдаагийн газар мөн нийслэлийн аялал жуулчлалын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэх мэт мэргэжлийн байгууллагууд энэхүү захирамжийг хангаж хяналт тавьж ажиллана. Ногоон бүс рүү зорчих авто болон явган замаар, ямар нэг байдлаар хууль бус газраар зам гарган зорчих энэ хэсгийн хөдөлгөөнүүдийг хаана. Хэрэв хориглосон бүсээр зорчивол захиргааны хариуцлагын дагуу торгууль шийдвэр ногдуулна. Байгаль хамгаалагчдад хариуцуулж өгсөн ам газруудад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

-Ямар хугацаагаар хориглосон бэ?

-Яг нарийн хугацаа зааж өгөөгүй ч долдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түр хугацаанд хориглосон байгаа. Ер нь ой хээрийн түймэр гарсан шалтгааныг тогтооход 70-80 хувь нь иргэдийн хариуцлага болгоомжгүй байдлаас гардаг гэсэн дүгнэлт гарсан байна. Амралт зугаалгаар явсан иргэд маань ой хээр явахдаа галын аюулгүй байдлыг хангаагүйгээс болж байна.

Яг ямар бүс газруудад хориг тавьсан байгаа вэ?

-Нийслэлийн орчим ногоон бүс гэхээр дүүргээр авч үзвэл Налайх Багануур мөн хойд талын зуслангийн чиглэлийн ногоон бүс, Богд Уул , Хан Уул дүүргүүд орно. Нийслэлд гарсан 18 түймрээс авч үзэхэд Сонгинохайрхан дүүрэг Толгойтын баруун, зүүн салаа зуслангийн бүсээр, Сүхбаатар дүүрэг Чингэлтэй дүүрэг болох хойшоо зуслангийн чиглэлээр иргэд олноор зорчих хөдөлгөөн хийдэг. Эдгээр газруудаар хориг тавьсан. Иргэд маань Онцгой байдлын газраас тавьж байгаа шаардлага зөвлөмжийг биелүүлэх нь бидний ажилд дэмжлэг үзүүлж буй явдал юм. Нөгөө талаар өөрсдийнхөө болоод нийслэлийн аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг.

-Нийслэлд энэ хавраас хойш түймэр хаана хэдэн удаа түймэр гарсан байна вэ?

-2017 он гарснаас хойш нийслэлийн ногоон бүсэд 18 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Хан Уул дүүргийн Нүхтийн ам, Баянзүрх дүүргийн Залаатын ам, Сонгино хайрхан дүүргийн баруун салаа, зүүн салааны амуудад гарсан байна. Хамгийн сүүлд долдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хандгайтын амд 3 га орчим газар түймэр өртсөн.

-Гал гарч байгаа гол шалтгаан юунаас болж байна вэ. Архины шил халуунд хэт халснаас болж гал гарч байгаа гэх юм?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 түймэр гарсан. Түймэр гарсан шалтгаан өхцлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоодог. Ерөнхий судалгааг харвал гарсан түймрийн 70-80 хувь нь иргэдийг санамсар болгоомжгүй үйлдлээс болдог. Асаасан тамхи шүдэнзээ бүрэн унтраалгүй хаях, үнс нурмаа ил задгай асгадаг, асаасан түүдэг галаа бүрэн унтраахгүй орхиод явдаг. Нөгөө талаараа унаж яваа тээврийн хэрэгслийн яндангийн цогшилтоос үүсч гал гарч байна. Үлдсэн 20-30 хувь нь аянга буух, өвс хэт хуурайшсанаас болж мод бутууд шүргэлцэх үед гардаг. Архи, ундааны шил савнаас гал гарах боломжтой. Энэ нь линз хэлбэрийн технологоор хийгдсэн байдаг учир хуурай өвсөн дээр хурц нар тусахад гал гарах тохиолдол цөөн гарч байна.

Ц.МИШЭЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *