Categories
мэдээ цаг-үе

Намбарын Пүрэв: Монголчуудад Нобелийн шагналт зохиолчтой болох амбиц байх ёстой

“Намрын өнгө орлоо ээж ээ”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Аялгуу бүүвэй ээж”, “Тоотой бодогдох юм”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Хайр буруугүй” зэрэг дууны шүлгийг туурвисан, яруу найрагч Намбарын Пүрэвтэй ярилцлаа.


-Та хоёр зуу гаруй дууны шүлгийг бичиж туурвижээ. Ер нь яруу найраг, мөр холбодог бүхэн дууны шүлэг биччихдэггүй, амаргүй эд гэж ярьдаг. Энэ их уянга дуу, шүлэг найраг юунаас ундардаг юм бэ?

-Уржнан жил байх шүү аав, ээж, нутаг гэсэн сэдвээр дуунуудаа түүгээд цомог гаргасан. Одоо дан хайрын дуугаар цомог гаргая гэж бодож байгаа. Дууг хит гэж хэлээд байдаг. Гэтэл дуу болгоны ард сонсогч байдаг. Хит болоогүй ч гэсэн нэг сонсогчтой дуу хүртэл байдаг. Тэр дууг сонсоод ухаарч, ижий ааваа хайрлах ухаарлыг авдаг улс бий. Тэгэхээр хит дуу гэхээс илүүтэй дуу гэдэг өөрөө хүчтэй гэж боддог. Бусдыг ухааруулж, тайтгаруулж буй мөн чанараараа дуу цагаан мөртэй. Дуу бүтээнэ гэдэг ламаар бол тарни уншсантай адил байх. Хөгжмийн зохиолч, дуучин, найрагч гээд хэд хэдэн хүний сэтгэл цуглаж байж дуу бүтдэг. Хэрэвзээ тэдний нэгийнх нь сэтгэл дутвал тэр дуу мартагдан замхардаг. Тиймээс би дуундаа их хүндэтгэлтэй ханддаг.

Дуу бол өөрөө төрдөг, түүнийг бичих гээд хүчлээд байх нь үгүй. Яахав, хүмүүс дууны шүлэг, яруу найраг гэж ялгаж яриад байдаг.Дууны шүлэгт гурван гол юм бий. Мэдрэмж, санаагаа багтаах ухаан, шүлгийн мөр, үгийн зохицол гэж байна. Үг хатуудна, үг уртадна, эсвэл богиноддог. Тэгэхээр ая данг тааруулж, мэдэрч бичих нь амаргүй байх. “Дууны яруу найраг бол явж явж яруу найргийн охь нь. Бяслаг шиг шахсан, тараг бүрсэн, өрөм загссан мэт охь нь” гэж Монголын дууны шүлгийн нэрт мастерууд хэлсэн байдаг юм.

-Яруу найрагчид онгодоор бичдэг гэлцэх. Үнэхээр онгод гэж байдаг уу, байдаг бол ямар дүр зургаар илэрхийлж болох вэ?

-Зохиолч, яруу найрагч болгонд ирдэг гоё асуулт л даа. Би хувьдаа гоё асуулт гэж боддог юм.

Онгод гэж байдаг. Гэхдээ байнга онгод ирээд, хөглөгдөөд хамт нисээд байдаггүй. Онгод юунаас ч ирж болно. Юунаас ч онгодыг авч бас болно. Салхинаас, уул уснаас, намрын гунигийн навчнаас, эсвэл хавраас, цаснаас, үгүй бол хажуугаар зөрж өнгөрсөн сайхан бүсгүйгээс, ижийнхээ тухай ярьж суухад ч юмуу онгодыг авч болно. Аан, манайхан онгод гэх гүн утгатай үгээр хэлээд байгаа юм, би бол сэрэл мэдрэмж гэнэ. Чи яаж сэрж мэдэрнэ, ямар санаа олно. Тэр л маш чухал. Санаагаа олсон л бол яаж бичих нь тухайн зохиолчийн авьяас билиг, мэдлэг боловсрол, туршлагаас шалтгаална.

Хэрвээ онгодгүй юмуу, онгод байхгүй гэвэл тэр уран бүтээлч биш. Онгодоор бүтсэн юм үнэ цэнтэй, амьтай байдаг. Онгод, сэрэл мэдрэмжээр бичээгүй бол надаас цаашаа бусад хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэлгүй замдаа замхарна гэж ойлгодог. Манай яруу найрагчид өөрсдийгөө би бол хавар бичдэг хүн, эсвэл намар их бичдэг гэхчилэн хэлдэг. Тэр утгаар яривал би намар бичих дуртай.

-Та сая намар цагаар бичиж туурвих дуртай гэж хэллээ. Тэгэхээр “Намрын өнгө орлоо ээж ээ” алдартай дуу тань яах ч аргагүй намраар төрж үү дээ?

-1987 он, одоогоос гучин жилийн өмнө юм. Арван долоохон настай хүү оюутан болж ирээд намрын ажилд гарлаа. Намрын хүйтэн бороо ороод л, тэгснээ цас унаад л тийм нэг өдөр ажилд гаралгүй өнжсөн юм. Тэр үед ээжийн минь бие чилээрхүү гэсэн захиа ирээд. Үе үе тэр захиагаа гаргаж уншаад, нүдэндээ нулимстайхан суусан сан. Намрын улирал, тэгээд гэрээсээ холдсон хүү жаахан эмзэглэнхэн суухдаа

Намрын өнгө орлоо ээж ээ

Насыг тань нэмээд одлоо

Нуурын зэгс шаргалтлаа ээж ээ

Нулимсаа даалгүй бөхөлзлөө хэмээн шүлгээ бичсэн дээ. Дуучин Х.Болормаагийн дуулснаар ард түмэн мэднэ.

Ер нь намрын улирал орчлонгийн өнгө гэрэл, хорвоогийн дүр зургийг хүнд маш гайхамшигтайгаар мэдрүүлдэг тийм сайхан улирал. Намрын салхи, навчны өнгө, усны шувуудын ганганаа, усны долгио гээд л. Намрыг хүнтэй зүйрлэ гэвэл яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач л гэх байх.

-Дуучин Х.Болормаагаар ямар тохиолоор дуулуулсан юм бэ, дуундаа зохицсон дуучин гэж байдаг шүү.

-Намайг шүлгээ бичсэнээс бараг арван жилийн дараа, 1996 онд Х.Болормаа дуулсан байдаг юм. Хожим бид уулзалдан энэ тухай түүхээ ярьцгаасан л даа. Тухайн үед Х.Болормаа үндэсний телевизэд хүнтэй таараад ярьж сууж байж. Ширээн дээр нь миний ном байж л дээ. Тэгээд уншиж суугаад, “Намрын өнгө орлоо ээж ээ” шүлгийг олж харан номын хэсгээс салгаад авсан байгаа юм. Ээждээ зориулж сайхан дуу хийе гэж өөрөө бодож явсан байх. Тэгээд өөрийн хань аранжровшик Аранзад “Энэ шүлгээр нэг сайхан дуу хийгээд өг” гэж өгч. Тэр үед Аранза буюу Б.Бат-Эрдэнэ маань ая дан хийгээд байдаггүй, хөгжмийн найруулга л хийдэг байсан. Аранзагийн ширээн дээр бараг хоёр жил болсон гэж байгаа юм. Нэг л өдөр Х.Болормаа би нөгөө ээжийн тухай дуугаа авмаар байна, миний хань л юм бол хийгээд өг гэж шахсаар байж. Тэгээд л их тийм гоё ритмлэг дуу төрөн гарсан даа.

-“Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дуу тань бас хит болсон доо…

-Тухайн үеийн хайрын дууны өнгө аясыг эвдсэн болов уу. Амьдралд нэг нандин учрал байдаг гэдгийг хэлсэн дуу. Тэр үед Л.Галмандах багш 52 дугаар сургуульд багшилж байлаа. Бид гудманд таараад анх танилцаж байсан юм. Тэгэхэд би “Сэтгэлийн гэгээ” гэж номоо гаргасан байсан. Багшид номоо өглөө. Хоёр хоногийн дараа утас дуугарлаа. Л.Галмандах багш залгаж байна, чи хүрээд ирээч гэлээ. Би ч тэр даруйд гүйгээд очсон. Тэгсэн номноос чинь дөрөв таван шүлэг харж, нэгэнд нь би ая хийчихсэн гэлээ. “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дуунд ая хийсэн байсан. Чулуунбаатар гэж шинэ дуучин залуу бий, зөөлөн тослог хоолойтой. Яг таарна гээд Л.Галмандах багш сонгож дуулуулж, олон түмэнд хүргэсэн. Хөгжмийн зохиолч хүн дуучнаа олж дуулуулна гэдэг зөвхөн тэр хүнд л заяасан мэдрэмж юм билээ.

-Л.Галмандах хэмээх гайхалтай авьяаслаг хүний тухай залуучууд бид та бүхнээс л сонсож дуулж явдаг. Та хувь хүнтэй нь нөхөрлөж, олон чиг жил ойр тойронд нь явжээ.

-Л.Галмандах багштай ёстой л ойрхон байсан даа. Маш гайхалтай нямбай хүн. Бичгийн соёл, шүлэг ноотолсон байдал энэ тэр нь нямбай. Амьдралын сайн сайхны төлөө 100 хувь амьдрах гэж түүнийг л хэлэх байх. Маш их уншдаг, мэдлэгтэй. Зарим хүнтэй нэг хоёр уулзаад цаашаа ярих юм дуусдаг бол Л.Галмандах багштай дахин дахин уулзаж, ярьж хөөрч суумаар тийм уйдашгүй, залхашгүй, ундаргатай, баялаг хүн байсан.

Ялангуяа хүүхдэд маш их хайртай хүн байсан. Л.Галмандах багш шиг хүүхдэд зориулсан дууг тэгж гоё урладаг, тэгж гоё хоолойд нь тохируулдаг, тэгж шүлгийг нь сонгодог хөгжмийн зохиолч одоо хэд байна. “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” гэх мэт дуунууд нь супер дээ.

-Монголын дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал агсантай та бас л ойрхон явсан. Саяхан “Монголын тал нутаг” дуу нь гадныхны сэтгэлийг огшоогоод авлаа шүү дээ?

-Миний багш. “Намрын өнгө орлоо ээж ээ”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дуунуудын маань тухайд ингэж хэлж байсан юм. “Дууны яруу найрагт цаанаасаа төрсөн хүүхэд байна шүү” гэсэн ихэд том магтаалыг хэлж билээ. Дуунд нэр нь их чухал байх ёстой. Чи дууныхаа нэрийг онож өгөх юм, зүгээр нэг ээжийн дууг ээждээ биш, аавын дууг аавдаа гэж өгөөгүй байна шүү гэж. Тэр урмын үг намайг их хөглөж явдаг.

Ардын уран зохиолч Балжирын Догмид ах, Түмээ ах хоёр зохиолчдын хороонд нэг өрөөнд суудаг байв. Шинэ гарч ирж байгаа бид чинь том зохиолчдыг алсаас харах, хажуугаар нь зөрөх юмсан гэсэн сэтгэлийн дуудлагатай явна. Айгаад, мэндэлж ч чадахгүй шүү дээ. Тэгээд нэг өдөр Түмээ ахтай таараад “Сайн байна уу та” гээд мэнд асуутал намайг шууд таньж байна аа. Овог нэрээр минь хэлээд “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”-г чи бичсэн мөн биз дээ гээд. Тэгээд нэг үнсээд, одоо чамайг нэг чухал хүн дээр авч очно гээд шууд явсан. Л.Галмандах багш дээр очсон. Түмээ ах айхтар гярхай, хүний авьяасыг олж танихдаа мэдрэмжтэй. Хүнээс үг харамладаггүй тийм гайхамшигтай хүн байсан даа. Сая, “Монголын тал нутаг” дууг нь Г.Ариунбаатар дуулж шуугилаа. Хэн бичсэн билээ дээ.

-Та одоо Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж байгаа. Утга зохиолын салбарын ай савд багтан явж буй энэ олон уран бүтээлчдийн нэр хүндийг нийгэмд өсгөж өгөх тал дээр танай эвлэлээс ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Монголын зохиолчдын эвлэл шинэ удирдлагын багаар ажиллаад хагас жил болж байна. Бид урьд өмнөх удирдлагуудын хийсэн ажлыг үргэлжлүүлэхийн сацуу шинэ санаа, шинэ бодлогыг тодорхойлж ажиллаж байгаа. Манай эвлэл улсаас төсөвгүй ч өөрийн байрыг тодорхой хэмжээнд түрээслэн, түрээсийн мөнгөөр санхүүжиж явж байгаа гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага л даа.

Жилдээ гол хийдэг хэд хэдэн ажил бий. “Болор цом”, “Алтан өд”, “Утгын чимэг” гэх мэт ард түмний хүсэн хүлээж байдаг ийм чухал ажлуудаа амжилттай хийсэн. Үүнээс гадна олон нийтийн байгууллага, их, дээд сургууль, дунд сургууль, аймгуудын утга зохиолын нэгдэл, гадаад дахь хамтран ажилладаг газрууд гээд бидний өдөр тутмын ажил тасралгүй үргэлжилж байна. Өдөр тутмын ажлуудаас гадна том том ажлуудын уялдаа холбоог сайжруулах, урьд өмнөх уур амьсгалыг эвдэх, өөрчлөх маягаар шинэ удирдлагуудын санааг шингээж ажиллаж байгаа. Өнөө жил Ч.Лодойдамба, Ч.Лхамсүрэн, Гомбын Сэр-Од, Б.Ойдов нарын зохиолчдын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Мөн Б.Явуухулангийн 88 жил, О.Дашбалбарын мэндэлсний 60, Д.Нямсүрэн найрагчийн мэндэлсний 70, Р.Чойномын 80 насны ой тохиож байна. Ирэх наймдугаар сард Монголд Дэлхийн яруу найрагчдын их чуулган мөн болох гэж байна.

-Утга зохиолын салбар эдийн засгийн хувьд дэмжлэг багатай явж ирсэн гэж ойлгодог. Та бүхэн шинэ хөшүүрэг бий болгох тал дээр ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа вэ.

-Утга зохиолын салбар гэдэг оюуны хөдөлмөрийн ажил байдаг. Гэвч, зохиолчдын оюун санааны бүтээлийг үнэлэх, тэдний нэр хүндийг өсгөх тал дээр ямар нэгэн дэмжлэг үзүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байдаг. Харамсалтай нь, манай төр засаг энэ тал дээр ямар ч бодлогогүй явж ирсэн, хаясан. Төрийн бодлогын гадна үлдсэн. Гэхдээ аливаа юм хоёр талтай. Хэдийгээр улсаас төсөв авахаа больсон ч яруу найраг, зохиолд элэгтэй хүмүүс, байгууллагууд олон байна. Монголчууд их оюунлаг. Ард түмний дунд яваа утга зохиолыг шимтдэг хүмүүсийн дэмээр, урмаар, цаашлаад эдийн засгийн тусламжаар явж байна. Мэдээж, бид төр засгийн анхааралд ордог байвал бидний ажлын хүрээ ч гэсэн өргөн байх боломжтой.

-Монголчууд утга зохиолыг дээдэлж хүндэтгэн бишрэн хайрладаг уламжлалтай хүмүүс. Сүүлийн үед зохиолчид нийгмийн хөшигний ард байхыг хүсдэг, ил гарахгүй байх тал руугаа хандчихсан юмуу гэж харагддаг. Угтаа оюунлаг улсуудын үг, үзэл бодол дэлгэрч байж нийгмээ авч явдаг шүү дээ.

-Энэ бол хоёр талтай. Ил гарахгүй даруухан уран бүтээлээ хийгээд, уран бүтээлээрээ амьдраад явж байгаа олон зохиолч бий. Ерөөс монголчууд их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэсэн суурь хүмүүжил, боловсролтой ухаалаг ард түмэн. Жишээ нь, манай Чинаагийн Галсан гуай яг гадны зохиолчдын жишгээр яваа. Хөгжилтэй улс орнуудад яадаг вэ гэхээр зохиолоо л бичих хэрэгтэй. Түүнээс биш ходоодоо яаж тэжээнэ, амьдралаа яанаа гэж санаа зовдоггүй. Ийм жишиг аль хэдийнэ тогтож цэгцэрсэн. Харин зохиол бүтээлээ туурвихаас гадна хувь хүний амьдралдаа анхаарч нийгэмд тэр бүр дуугараад байдаггүй улсууд ч бий. Уран бүтээлээрээ л илүү үзэл бодол үгээ илэрхийлэхийг зорьдог байх.

-Ер нь Монголоос яагаад Нобелийн шагналт зохиолч төрөхгүй байгаа юм бэ гэсэн нэг асуулт байдаг. Монголын зохиолчдын авьяасын ундарга, Монголын их утга зохиолын охь дээжис хаачсан юм бэ.

-Дэлхий даяаршсан байна. Даяаршина гэхээр улс орноороо нэг зорилготой байх ёстой болчихоод байгаа юм. Уржигдархан би Солонгосын уран бүтээлчтэй уулзаж ярьж суулаа. Тэгэхэд тэд Ко Ун гэх яруу найрагчийг Нобелийн шагналтан болгохын тулд солонгосчууд дөч тавин саяулаа нэгдэж чадаж байгаа гэж ярьж байна лээ. Солонгос хүн Нобелийн шагнал авах нь хамгийн чухал гэж тэд үзэж байна. Нэг талаасаа энэ зөв амбиц. Улс орнуудын бодлого ийм болж цэгцэрсэн байгаа юм.

Тэгэхээр манайд төр засгаа хүртэл ийм бодлоготой, ийм нэгдсэн санаатай байх ёстой байгаа юм. Шуудхан хэлэхэд, Монголын их утга зохиолоос Нобелийн шагнал авах хэмжээний бүтээл төрчихсөн байгаа шүү дээ. Яагаад их Нацагдорж, Данзанравжаагийн бүтээл болохгүй гэж. Бүр нааш нь татаад хэлэхэд Чинаагийн Галсан гэж Европт хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч байна. Данзангийн Нямсүрэн байна, бүр залуу үеэсээ хэлэхэд Г.Аюурзана байна. Жинхэнэ байгалийн, жинхэнэ яруу найраг, утга зохиол Монголд байгаа гэдэг.

Удахгүй ирэх наймдугаар сард Монголд Дэлхийн яруу найрагчдын чуулган болох гэж байгаа тухай түрүүн хэлсэн. Төр засаг чимээгүй л байна. Уг нь ийм л боломжийг ашиглаж, Нобелийн шагналт зохиолчтой болох эхний алхмаа хийж байх ёстой гэж уран бүтээлчийн хувьд боддог. Монголчуудад тийм амбиц байх ёстой.

Ц.БАЯРЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *