Японы Шизуока муж, Яйзү хотын 12 мянган сурагч үдийн цайндаа Монгол хоол иджээ.
Шизуока мужийн Яйзү хот нь “Токио 2020” олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөл, Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн төрлөөр Монгол Улсын шигшээ багийг хүлээн авч, бэлтгэл хангуулах бааз хотоор ажиллаж байна.
Тус хотын иргэдэд Монгол Улсын талаар мэдээлэл өгөх, сурталчлах таниулах олон арга хэмжээг Яйзү хотын гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг Б.Янжинлхам зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан сурагчдын үдийн хоолонд Монгол хоол бэлтгэж өгсөн байна.
Яйзү хотын бага, дунд сургуулийн 12 мянган сурагч үдийн хоолондоо бууз, нийслэл салат, ногоотой шөл багтсан цэсээр хооллосон байна. Сурагчдын хувьд сургуулийн радиогоор Монголын талаар мэдээлэл сонсонгоо анх удаагаа амталж үзэж буй Монгол хоолоо амтархан идэж, Б.Янжинлхамаас манай улсын талаар олон асуулт асууж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөжээ.
Цаашид жил бүрийн баяр наадмаар сурагчид үдийн хоолондоо төрөл бүрийн Монгол хоолыг зооглож байх аж.
Яйзү хотын бэлэг тэмдэг Яй-чан гэх хүүхэлдэйн баатар нь саяхан Монгол дээлтэй болсон бөгөөд Монгол хоол идэж буй Когава бага сургуулийн хүүхдүүдтэй Монгол хувцастайгаа ирж мэндчилжээ.
Яй-чангийн Монгол дээлний загварыг шалгаруулах уралдааныг өнгөрсөн жил хотын бага сургуулийн сурагчдын дунд зарлаж, 570 бүтээл ирснээс гурван удаагийн шалгаруулалтын дүнд Когава бага сургуулийн Мочизүки Амиюгийн бүтээл шалгарсан байна.