Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүй долоон худагт цаг агаарын байдлыг тодруулахад тэнгэр бүрхсэн, салхитай байгаа гэж байв. Соёолон морины уралдааны үеэр хүн хөдөлгөөн ихтэй, түгжрэл ихтэй байсан аж. Харин одоо замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэв. Хүй долоон худагт хүүхдийн тоглоомын худалдаа, хуушуур, айраг зэрэг наадамчин олонд үзэж сонирхох зүйл их байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Хуушуур 1000-1200, айраг 4000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Иргэн Б.Гэрэлт ярихдаа “Өчигдөр соёолон насны морины уралдаан үзэх гэж гэр бүлээрээ ирсэн. Энэ жилийн наадам их сайхан болж байна. Морины уралдаан үзэхэд цагдаа нар зохицуулж, зохион байгуулалттай байсан. Автобус үйлчилж байна. Хүүхдүүддээ тоглоомын талбай дээр аваачиж тоглууллаа байгаа. Одоо бөхийн барилдаан үзнэ дээ” гэв.
Б.УРАН