Наадам дөхсөн энэ өдрүүдэд иргэд хөдөө хээр, салхинд гарахдаа хорхог хэмээх үндэснийхээ зоогийг өөрсдийн арга барилаар хийдэг билээ. Хээр, ил гал дээр, улаассан чулуу хийж болгохох эртний энэхүү зоогийг бэлдэх аргыг уншигчиддаа хүргэе.
ОРЦ: Мах, лууван, давс, ус, Сонгино, сармис, төмс / өөр хүссэн амтлагч болон ногоо хийж болно/
ХИЙХ АРГА:
Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана.
Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж яльгүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, сармис төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална.
Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой.