Categories
мэдээ цаг-үе

Р.Очирбал: Улс төрийн нам, бүлэглэлийн хэт туйлшралаас Үндсэн хуулийг хамгаалах шаардлагатай байна

Хуульч, өмгөөлөгч Р.Очирбалтай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж байгаа. Таны бодлоор уг нэмэлт, өөрчлөлтийн давуу болон сөрөг тал юу байна вэ?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төслийг сайшаах зүйл байгаа хэдий ч шүүмжлэх зүйл ч олон байна. Бид Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ул суурьтай авч хэлэлцэхийн тулд агуулга, хэлбэр болон уг төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад баримтлах процесс гэсэн гурван асуудалд анхаарах шаардлагатай.

-Яг ямар өөрчлөлт оруулж байгаа юм бэ?

-УИХ-ын хянан шалгах түр хороо, Төрийн хяналтын байгууллага зэрэг төрийн тогтолцоонд хамаарах шинэ институтыг байгуулахаар төлөвлөж байна. Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх талаарх бүрэн эрхийг хасаж, Дээд шүүхийн шүүгчдийг томилох талаарх заалтад өөрчлөлт оруулахаар тусгасан байна лээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудалд Ерөнхий сайдын шийдвэр тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ Засгийн газрын чиг үүргийн яамдыг хуульд тусгайлан нэрлэн заах, Засгийн газрын яамдын тоо 12-оос илүүгүй байхаар төсөлд тусгажээ. Төрийн албаны төв байгууллагын хараат бус ажиллах нөхцөлийг хангах, төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх, Монгол Улсын засаг, захиргааны нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулах зэрэг хэд, хэдэн томоохон асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөндөгдөж байна. 2000 онд Үндсэн хуульд оруулсан зарим өөрчлөлтийг дахин өөрчлөхөөр төсөлд тусгасан байгаа.

-Тухайлбал?

-УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулахаар хуульчилсан байсныг 75-аас доошгүй өдөр чуулахаар болгосон. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно зэрэг өөрчлөлт оруулахаар төсөлд заажээ. Дээрх нэмэлт, өөрчлөлтөөс Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг хязгаарлах, хасах, түүнчлэн Засгийн газрын гишүүнийг томилох асуудалд Ерөнхий сайдын бүрэн эрхийг өргөжүүлэх талаарх зохицуулалтыг хуульч, судлаачийн хувьд дэмжиж байгаа. Харин төслийн бусад заалтуудыг ул суурьтай эргэн харах шаардлагатай болов уу.

-Эргэн харах шаардлагатай ямар заалтууд байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэж заасан хэдий ч одоогийн боловсруулсан төслийн эрх зүйн актыг нэршил нь тодорхойгүй “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” хэмээн томьёологдсон байгаа. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь одоогийн нэршилтэй адилхан байсныг тэмдэглэх нь зүйтэй байх. Энд дан ганц үг, нэршлийн асуудал хөндөгдөж байгаа мэт боловч агуулгын хувьд хууль зүйн томоохон үр дагаврыг бий болгодог. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд УИХ-аас Үндсэн хууль батлахгүй нь ойлгомжтой, хууль батална. Хэрэв Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь тогтолцоо, үндсэн зарчим, хэм хэмжээг алдагдуулсан тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн хяналт хэрэгжих боломжтой. Харин нэршил тодорхойгүй байгаа нь Үндсэн хуулийн Цэцээс нэмэлт, өөрчлөлтийг хянах боломжийг зарим талаараа хязгаарлах эрсдэлтэй. Ер нь бид одоогийн төслийн зохицуулалтын агуулгад анхаарахаас илүүтэй, Үндсэн хуулийн агуулга, зарчим хэм хэмжээг хэрхэн хадгалах, хамаалах, түүнийг зөрчсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн засварлах талаарх эрх зүйн механизмын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна.

-2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг эрдэмтэн, судлаачид төдийгүй жирийн иргэд олон жил шүүн хэлэлцсээр өнөөг хүрсэн. Хэрэв энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт өмнөх алдааг дахин давтвал яах вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн Үндсэн хуулийн суурь агуулга, зарчим, хэм хэмжээг алдагдуулсан зүй бус нэмэлт, өөрчлөлтийг засварлах бүрэн эрх УИХ-д байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг эрх зүйн аргаар хянаж хүчингүй болгох бүрэн эрх Үндсэн хуулийн Цэцэд хуулиар олгогдсон эсэх нь маргаантай байдаг шүү дээ. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн одоогийн заалтыг өргөжүүлэн тайлбарлах замаар Үндсэн хуулийн Цэц зүй бус нэмэлт, өөрчлөлтийг хянан үзэж хүчингүй болгох боломжтой гэж үзэж байгаа. Харамсалтай нь манай улсын Үндсэн хуулийн Цэц өөрийн гаргасан шийдвэрээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд хянах бүрэн эрхээ хязгаарласан байдаг. 1999 оны арванхоёрдугаар сард УИХ-аас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг журам зөрчсөн гэх үндэслэлээр 2000 онд хүчингүй болгож байсан. Улмаар 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр УИХ холбогдох хуульд заасан зохих дэг, журмын дагуу Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Харин одоогийн нэмэлт, өөрчлөлт нь агуулгын хувьд Үндсэн хуулийн өөрийнх нь мөн чанар, бүтэц, зарчмыг алдагдуулсан байсан хэдий ч Цэц зохих арга хэмжээ авах боломжгүй. Учир нь Цэцийн гишүүний маргаан үүсгэхээс татгалзсан тогтоол хүчинтэй байгаа үед уг асуудлаар Цэцэд дахин хандсан ч өмнөхийн адил маргаан үүсгэхээс татгалзсан тогтоол гарах нь туйлын тодорхой болчихоод байна.

-Энэ удаагийн төсөлд төрийн эрх мэдэл хуваарилах үзэл баримтлалыг зөрчиж төрийн эрх мэдлийг олон хувааж байгаа нь буруу гэх хандлага ажиглагдаж байгаа шүү дээ?

-Төрийн хяналтын байгууллага, төрийн албаны төв байгууллагатай холбогдуулан дээрх асуудал яригдаж байгаа байх.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс Төрийн хяналтын байгууллага, түүний гүйцэтгэх чиг үүрэг, төрийн байгууллагын тогтолцоонд эзлэх байр суурь, бусад эрх мэдлийн байгууллагатай үйл ажиллагааг нь хэрхэн уялдуулах эсэх асуудал хамгийн их анхаарал татаж байна. Одоогийн төсөлд “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон Их хурлын үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд Төрийн хяналтын байгууллагыг байгуулснаар УИХ-ын хяналтын механизм сайжирч, төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулдаг, албаны эрх мэдлээ хууль бусаар ашигладаг одоогийн байдлыг эерэгээр өөрчлөхөд чухал нөлөөтэй хэмээн тайлбарлаж байна лээ.

-УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болохоор, гэхдээ Засгийн газрын гишүүний гуравны нэгээс хэтрэхгүй байхаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна лээ. Энэ нь одоогийн төрийн тогтолцоонд үүсээд байгаа хямралыг шийдвэрлэхэд үр нөлөөтэй байж чадах уу?

-Ер нь Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааг хянаж, хууль тогтоох байгууллагад ард түмний элчийн үүрэг гүйцэтгэхээр сонгогдсон УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар эрхлэх нь зохимжгүй хийгээд, хяналт хариуцлагын тогтолцоог үндсээр сулруулдаг болохыг өнгөрсөн нь туршлага бидэнд тодорхой харуулсан. 1999 оноос эхлэн уг асуудлыг тасралтгүй шүүмжилж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дагаврыг ярисаар өнөөг хүрлээ. Миний бодлоор УИХ-ын гишүүн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа нь Үндсэн хуулийн суурь тогтолцоо, төрийн эрх мэдэл хуваарилах үзэл баримтлалыг илэрхий, ноцтой байдлаар зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөв, бурууг бус харин уг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх Улсын Их Хуралд олгогдсон эсэхийг шүүн хэлэлцэх цаг нь болсон. Үүний тулд Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн ойлголтын ялгааг тодорхой байдлаар зааглах шаардлагатай. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь агуулгын хувьд тодорхой хязгаарлалтын хүрээнд явагдах бөгөөд Үндсэн хуулийн тулгуур үзэл баримтлал, тогтолцоо, зарчим, суурь зохицуулалтыг зөрчиж, хөндөж болохгүй. Хэрэв Үндсэн хуулийн суурь буюу тулгуур хэм хэмжээг өөрчилбөл энэ нэршлээсээ үл хамааран Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх үр дагаврыг бий болгоно. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх эрх гагцхүү ард түмэнд олгогдсон учраас Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн байж болох эсэхийг Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг хуульчид, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачид ярих, хэлэх шаардлагатай байна.

-Ер нь Үндсэн хуулийг ингэж өөрчилбөл тогтвортой байдалд нөлөөлөх үү?

-Нийгмийн харилцаанд гарч буй хувьсал, өөрчлөлттэй уялдуулан Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах явдлыг үгүйсгэх аргагүй ч улс төрийн аливаа нам, бүлэглэл, институтын зүй бус хүсэл зориг болон нийгмийн түр зуурын шинжтэй үзэгдэл, үйл явцад хөтлөгдсөн хэт туйлшралаас Үндсэн хуулийг хамгаалах шаардлагатай байна. Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах УИХ-ын гишүүдийн хувь хэмжээг өндөр байхаар заасан ч улс төрийн нэг нам үнэмлэхүй олонхийн суудал авсан нөхцөлд энэ нь хангалттай хамгаалалт болж чадахгүй болох нь дахин батлагдлаа. Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангахын тулд 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох Үндсэн хуулийн зүйл, заалтуудыг нэрлэн зааж хуульчилсан хэдий ч УИХ энэ оны хоёрдугаар сард дээрх заалтад өөрчлөлт оруулсан. Үүнээс харахад Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тогтвортой байдлыг хангах асуудлыг давхар ярих шаардлагатай. Нийгмийн цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь маш буруу. Тухайлбал, УИХ-ын хянан шалгах түр хороо, Засгийн газрын чиг үүргийн яамдыг нэрлэн заах зэрэг нь Үндсэн хуулийн тогтвортой үйлчлэлд илэрхий сөргөөр нөлөөлнө. Дээрээс нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгхэн заалтад зохицуулалтын зөрүүтэй байдал байгааг хэлэх хэрэгтэй. Жишээ болгон ганцхан заалтыг онцолъё. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 1 дүгээр зүйлд УИХ нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно гэсэн байдаг. Гэтэл УИХ-ын дарга түр хороо байгуулна гэхчлэн түр хороог байгуулах эрх бүхий этгээдийг өөр өөрөөр заасан зөрчил ажиглагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ийм хариуцлагагүй боловсруулж, иргэд олон нийтээр хэлэлцүүлж байгааг мэргэжлийн хуульчид, судлаачид идэвхтэй ярих хэрэгтэй.

Бид өөрсдөө ч анзаарахгүйгээр Үндсэн хуулиа булшлах нүхээ ухаж байгааг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, УИХ цаашид анхаарах шаардлагатай. Учир нь төрийн тогтолцоо, эдийн засгийн хямралыг Үндсэн хуулийн зохицуулалттай хэт холбон тайлбарлаж байгаа нь ирээдүйд Үндсэн хуулийг үгүйсгэх үзлийг ард түмэнд бий болгох томоохон эрсдэл үүснэ. Иргэд, олон нийт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хүлээлт ихтэй байгаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь засаглалын тогтолцоонд үүссэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол бидэнд ямар үр дагавар үүсэх эсэхийг давхар бодолцох шаардлагатай байх аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *