Categories
мэдээ цаг-үе

Уитни Хьюстон, Эми Уайнхаус нар хар тамхи хэрэглэдэггүй байсан бол…

2011 оны зун Их Британийн нэрт дуучин Эми Уайнхаусын цогцсыг Лондон хот дахь гэрээс нь олсон юм. Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс тэрээр 27-хон настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Алдарт дуучны амьдрал, уран бүтээл зэрэг нь хар тамхинаас болж сүйрсэн. Тэрээр “Грэмми” шагналыг гардуулах 50 дахь удаагийн ёслол дээр таван төрлөөр уг шагналын эзэн болсон боловч арга хэмжээнд оролцож чадаагүй. Учир нь түүнийг мансуурагч хэмээн АНУ руу орохыг хориглосон байсан. Эми Уайнхаус донтон мансуурснаасаа болж нэг бус удаа төлөвлөсөн тоглолтоо цуцлахад хүрч нэлээд хэмжээний төлбөрт унаж байсан удаатай. Тэрээр илүү их амжилтад хүрэх бүрэн боломжтой авьяаслаг дуучин байсан гэдэгтэй маргах хүн үгүй. Өөрийн гэсэн хэв маягтай өвөрмөц уран бүтээлч тэрээр өнөөдөр амьд байсан бол ер бусын бүтээлээрээ сонсогч олны гайхлыг төрүүлсээр байх байсан. “Бие хамгаалагч” кино төдийгүй олон сайхан уран бүтээлээрээ дэлхий дахинаа алдаршсан Америкийн нэрт дуучин Уитни Хьюстоныг 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд ухаангүй байхад нь олсон. Үхлийн шалтгаан нь мөн л хар тамхи. “I will always love you” дуугаараа үзэгчдийг бишрүүлсэн түүний охин ч удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нэрт дуучны хувь заяа ийнхүү эмгэнэлтэйгээр төгссөнд түүний нөхөр Бобби Брауныг буруутай хэмээн нэг бус удаа хэвлэлээр бичсэн. Бобби Браунтай танилцаж Уитни Хьюстон хар тамхинд орсон гэдэг. Үүний улмаас сүүлдээ хоолой нь эрс муудсан. Мансууруулах бодис хэрэглэдэг гэдгээ ч өөрөө хэлж байсан. Сүүлдээ шинэ уран бүтээл туурвих чадваргүй болж эмчилгээ хийлгэсэн боловч тус болоогүй. У.Хьюстон, Б.Браун хоёр хар тамхи авч явж байгаад Хавайн нисэх онгоцны буудалд саатуулагдсан нь тухайн үедээ шуугиан тарьсан. 2000 оноос хойш буюу гэрлэснээсээ хойш У.Хьюстоны уран бүтээл зогсонги байдалд оржээ. Хар тамхинд орсон түүнтэй Америкийн шилдэг менежерүүд хамтран ажиллахыг хүсээгүй. Тэрээр хэд хэдэн удаа дахин тайзан дээрээ эргэн ирж шинэ уран бүтээл туурвих гэсэн боловч чадаагүй. Хар тамхи хэрэглэдэг тул түүнтэй дуу бичлэгийн студиуд хүртэл хамтран ажиллаагүй гэдэг. Мансуурагч бол найдваргүй, гэрээ байгуулсан ч хэзээ яахыг хэн ч мэдэхгүй.

Энэ сарын зургаанд дижитал борлуулалтаараа Азид тэргүүлдэг Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн гишүүн Чой Сэн Хюн мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн. Түүнийг сэтгэл гутралд орсноос амиа хорлохыг завдсан, марихуан хэрэглэсэн хэмээн шалгагдаж байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр бичигдсэн. T.O.P. хэмээх нэрээр олны танил болсон дуучинг өнгөрсөн аравдугаар сард 21 настай Хан Сё Хи гэгч бүсгүйтэй дөрвөн ч удаа мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр буруутгасан.

Хар тамхинд орсон алдартнууд цөөнгүй бий. Тэдний жагсаалтыг интернэтэд хүртэл тавьсан байдаг. Элвис Пресли, Курт Кобейн, Мэрлин Монро зэрэг олон алдартан хар тамхины улмаас амиа алдсан. Хэрвээ тэд цэл залуудаа нас бараагүй бол ямар сайхан уран бүтээлүүд туурвих байсан бол. Ямар ч авьяастай, мундаг байсан хар тамхи хэрэглэдэг бол ирээдүй үгүй. Ингэсний хариуд амьдрал өөрөө тэднийг шийтгэдэг. Тиймээс мансуурагч, мансууруулах бодис тээвэрлэсэн, зарсан хүмүүст хатуу шийтгэл оноодог.

Иранд нэг жилд дунджаар хар тамхи зөөсөн хэргээр 500 хүн цаазаар авах ял авдаг гэсэн судалгаа байдаг. Харин Саудын Аравид мансууруулах бодис зөөж, тээвэрлэсэн бол шууд л олны өмнө цаазалдаг хуультай. Хятадад ч ялгаагүй ялын дээд хэмжээг оноодог. Учир нь энэ нийгэмд ямар их аюул учруулж байгааг үгээр илэрхийлэх аргагүй.

Эмч нарын тайлбарлаж байгаагаар мансууруулах бодис гэдэг нь юуны түрүүн хүний оюун ухаанд, биед сөргөөр нөлөөлдөг. Эрүүл ухаанаар бодох чадваргүй болж, өнгөрсөн амьдралынх нь үйл явдал алдаг оног санаанд нь ордог гэнэ. Хамгийн аюултай нь хар тамхичнаас өвчтэй хүүхэд төрдөг. Эмч нарын ярьснаар мансууруулах бодис хэрэглэж байсан хүнээс эрүүл хүүхэд төрсөн удаа бараг байхгүй гэдэг. Хүүхдүүд нь ч мансуурагч болдог.

Залуучуудыг хар тамхинд татан оруулах явдал нь өнөөдөр дэлхий нийтэд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Улс, үндэстэнг устгах аюултай тул ялангуяа залуучуудад мансууруулах бодис нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгтэй болгох явдал хэмээн мэргэжлийн хүмүүс үздэг. Зарим судлаач хар тамхийг үндэстнийг хоморголон устгахаас ялгаагүй хэмээн бичсэн байдаг. Үндэстэнг цус гаргалгүй, хүчирхийлэлгүй, аллага үйлдэлгүйгээр үгүй хийж байгаа гэдэг.

Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров өнгөрсөн жил нэгэн санал дэвшүүлсэн байдаг. Тэрээр хар тамхи хэрэглэдэг, худалддаг хүмүүсийг шүүх хурал хийлгүй, өчиггүйгээр буудаж байхыг хүчний байгууллагад санал болгож байсан удаатай. Энэ талаар орон нутгийн хүчний байгууллагын удирдлагатай уулзахдаа хэлсэн үгний бичлэгийг интернэтэд тавьж тухайн үедээ шуугиан болж байсан билээ. Өнгөрсөн пүрэв гаригт НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан газраас гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар манай дэлхийн хүн амын таван хувь буюу 30 сая хүн мансууруулах бодисоос бүрэн хамааралтай болсон бөгөөд эдгээр хүмүүст яаралтай тусламж хэрэгтэй аж. Мансууруулах бодис түгээн дэлгэрүүлж байгаа гол эзэд бол террорист байгууллагууд гэдгийг ч НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан газраас гаргасан тайланд дурдсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *