Categories
мэдээ цаг-үе

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглагсдыг бүжигчин залуус баясгаж байна

Энэ удаагийн “Шөнийн сурвалжлага”-аа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бэлтгэлээ. Нар төөнөсөн энэ өдрүүдэд оройн сэрүүнд уужирсан хэн бүхэн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк, голын эрэг зорих нь олонтаа байна. Үүнийг ч баталж байна уу гэлтэй 21:30 минутын үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явахад түгжрэл ихтэй байлаа. Очиход ойр хавийн зогсоол дүүрэн. Зогсоолын хүрэлцээ тааруу болоод ч тэрүү иргэд цэцэрлэгт хүрээлэнгийн замын урд талын явган хүний зам дээр машинаа тавьцгаажээ.

Цэцэрлэгт хүрээлэнд оронгуут л хүүхэд суулгадаг, гэрэл гялалзуулсан удирдлагатай машинууд энд тэндгүй байх аж. Ер нь энд ирсэн хүүхэд бүр удирдлагатай машинд суухыг эцэг эхээсээ гуйдаг гэнэ. Уг машин дээр суулгаад таван минут тоглуулахад 3500 төгрөг, арван минут нь 5000 төгрөг. Эндхийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй бизнес болохоор удирдлагатай машин ийн түрээслүүлдэг хүмүүс олон байдаг аж.

Хүүхдүүдэд зориулсан “Мини парк” ажиллаж байх юм. Тоглоомуудад нь тоглоход 2000-5000 мянган төгрөгийн үнэтэй. Харин томчууд сууж болохуйц галт тэрэг 4000 төгрөг, завинууд хэмжээнээсээ хамаараад 3000-10000 төгрөгийн хооронд байна. Сар болон бархасбадь гаригийг 1000 төгрөгөөр дурандах боломж ч энд бүрджээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд зугаалагчдын хамгийн их сонирхлыг татдаг зүйл нь цэвэр агаарт салхи татуулан дугуй унах юм. Гэр бүл, найзууд, хосоороо хоёр болон дөрвөн хүний суудалтай дугуй сонгон унах боломжтой. Дугуйнууд нь 5000 төгрөгийн үнэтэй. Ер нь анзаараад байхад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, багачуудад зориулсан тоглоом, сонирхол татахуйц зүйлс олон байна.

Бүжигчин залуус цэцэрлэгт хүрээлэнд зугаалагчдыг хэдэн давхар тойрог болтол нь цуглуулсан нь ихэд сонирхол татлаа. Тэднийг хөгжмийн аянд тун ч эвлэгхэн, эрч хүчтэй бүжиглэхийг харсан үзэгчид алга ташин баяр хүргэнэ. Зарим хүүхэд, багачууд даган бүжиглэж байлаа. “Welcome to Mongolia” продакшны бүжигчин залуус ийнхүү бүжгийн гайхамшгаар хүмүүст бэлэг барьж байгаа бөгөөд хамтлагийн ахлагч А.Мягмарсүрэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урлаг соёлын арга хэмжээ бага болдог шиг санагддаг. Энэ чигийн үзэх, харах зүйл багатай гэсэн үг л дээ. Цаг заваа гарган байж хүрээлэнг зорин ирсэн хүмүүст үзэх зүйл ихтэй байвал сайхан гэж боддог. Тиймээс манай хамтлаг зуны дэлгэр цагт цэцэрлэгт хүрээлэнг зорин ирсэн хүн бүрт цаг завтай үедээ чаддаг зүйлээрээ бэлэг барихыг хүссэн юм. Хүмүүс бидний төсөөлж байснаас илүү их сонирхож байна. Энэ нь бидэнд маш их урам өгч байна. Биднийг үзэж, сонирхож, халуун алга ташилт бэлэглэдэг хүмүүстээ баярлалаа” гэсэн юм. Тэдний үзүүлбэрийг үзэн сонирхож буй хүмүүс хөгжмийн аянд сэтгэл нь хөдөлж байгаа нь илт ч зориг гарган хамт бүжиглэж байгаа нь ховор байлаа, дороо хөлөө зөөн хөдөлж, найган ганхах ажээ.

Харин үдэш бүр эдгээр бүжигчин залуус ч юм уу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд “Flashmob” буюу бүгдээрээ нэгдэн нэгэн зэрэг бүжиглэж болохуйц орчин, нөхцөлийг бүрдүүлээд өгвөл хүмүүс нэрэлхэж хойш суухгүй нь лавтай. Саяхан л гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Алтай” хамтлагийнхан үндэсний хөгжим дээр тойрон бүжиг зохиоход олон хүн оролцсон гэнэ. Цахим ертөнцөд ч уг тойрон бүжгийн бичлэгийг маш олон хүн эерэгээр хүлээн авсан билээ. Иймэрхүү олныг хамарсан бүжиг наадам нь өнөөгийн нийгмийн стрессийг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үндэснийхээ уламжлалыг сэргээж, нэгдэн нийлэхэд нэн тустай нь дамжиггүй. Мөн эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн байдаг. Хөдөлгөөний идэвх нь зөвхөн өндөр настай хүмүүст гэлтгүй хүүхэд, залууст гээд хэн бүхэнд эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж үзэж болно. Тиймээс энэ мэт олон нийтийг хамарсан бүжгийн үзүүлбэрүүдийг олон нийтийн хамгийн их зорин очдог Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Сүхбаатарын талбай зэрэгт зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. Ямартай ч дээрх хамтлагийн залуусаас өөр цэцэрлэгт хүрээлэнд ирсэн олон түмний нүдийг хужирлаж, сэтгэлийг нь баясгачихаар зүйл бараг байсангүй гэж хэлж болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн элдэв төрлийн тоглоом зарж буйг эс тооцвол гар дээрх наймаа худалдаа өмнөхөө бодвол цөөрсөн нь анзаарагдсан. Хуушуур, түргэн хоолны мухлагууд үйлчлүүлэгчдийн суух ширээ сандлаа нэмж, бороо, шорооноос хамгаалсан үзэмж сайтай асартай болсон нь нүдэнд тусч байлаа. Эндээс та хуушуурыг 1000, хачиртай талхыг 4000, халуун цай, кофег 1000 төгрөгөөр худалдаж авна. Харин цэцэрлэгт хүрээлэнд оронгуут л хиншүү, хярвас утай май тавьж зогсдог шорлогчид хүрээлэнгийн зүүн тал руу нүүжээ. Тэд шорлогоо хачиртай, хачиргүйгээс нь хамаараад 5-15 мянган төгрөгөөр зарж байна. Шорлог авсан үйлчлүүлэгчид хажуу дахь зүлгэн дээр тааваараа зооглож суугаа нь харагдаж байлаа.

Цэцэрлэгт хүрээлэнд оройн агаарт салхилж, зугаалж яваа хүмүүс “Энэ хүрээлэн байгуулагдаад олон жил болоогүй ч жил ирэх бүр өнгөө засаад байна. Юмыг тэр дор нь сайжруулчихна гэж юу байх вэ. Бага сагаар юм нэмэгдээд ая тухтай орчин бүрдүүлэх гээд л хичээгээд байх шиг байна. Хэрвээ ийм цэцэрлэгт хүрээлэн байгаагүй байсан бол бид одоо хаана явж байх байсан бол. Суулгасан модод нь тав, арван жилийн дараа өндөр болж, үйлчилгээ нь улам сайжрах нь ойлгомжтой. Улаанбаатар хотод ийм цэцэрлэгт хүрээлэн дахиад нэгийг байгуулчихвал болох л асуудал” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *