Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Чингисийн хүүхдүүд” киноны продюссерээр ажилласан. Уг кино нь АНУ-ын Кино ассоциациас Америкт гаргах лиценз болох G ангилал буюу “Бүх насныхан” ангилалд албан ёсоор багтсан Монголын анхны уран сайхны кино болоод байгаа юм.
-Та “Чингисийн хүүхдүүд” кинонд зураглаач Д.Ангарагтай хамтран продюссерээр нь ажиллажээ. Монголчууд Холливудтай хамтарч ажиллаж энэ киног бүтээсэн гэж дууллаа?
-Зураглаач Д.Ангараг маань Лос-Анжелост гэр бүлээрээ амьдарч байгаа. Намайг “Pro sound” студид байхад Д.Ангараг “Дэв” гэж аймшгийн кино хийж байсан. Нөгөө талаар бид чинь хамаатан садан улс. Д.Ангараг унаач хүүхдүүдийн тухай өгүүлдэг “Чингисийн хүүхдүүд” нэртэй их хөөрхөн кино хийчихсэн байгаа. Сүүлийн хэсгийн санхүүжилт болоод киноны дууг дуулж өгнө үү гэсэн санал тавьсан юм. Ийм сайхан саналыг нь хүлээж аваад хамтарч ажилласан. Энэ кино маань дэлхийн зах зээл дээр гарахад хэдийнэ бэлэн болчихоод байна.
Каннын кино наадмын үеэр
-Монголд нээлтээ хэзээ хийх вэ?
-Энэ сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байсан ч сонгууль болоод улс орны нөхцөл байдалтай уялдаад жаахан хойшлуулчихаад байна. Гэхдээ наадмаас өмнө нээлтээ хийнэ. Яг хэдний өдөр вэ гэдгээ одоогоор товлоогүй байна. Бид энэ киног Монгол орноо дэлхийд сурталчлах зорилгоор бүтээсэн.
-Энэ кинонд чухам юуны тухай өгүүлдэг юм бэ. Түүхэн кино юм болов уу гэж бодохоор?
-Эко кино гэж хэлж болно. Монголдоо монгол хүн хэрхэн амьдарч байгааг, монголчуудын зан заншил, ёс уламжлал, нүүдэлчин ахуйг харуулахын зэрэгцээ байгалийн сайхныг их гаргасан. Бид Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиас өдрөөс өдөрт холдоод байгаа юм шиг санагддаг юм. Бас сонгууль, улс төр, элдэв хэрүүл маргаан гэх мэтийн хар бараан зүйлсээс болж байгаль минь биднээс улам л холдоод байна уу даа гэж эмзэглэдэг юм. Өдрөөс өдөрт холдоод байгаа байгалиа бодооч ээ, сайн сайхан амьдрах амьдралаа бодооч ээ гэдгийг энэ кино сануулах болно.
Кинонд маань нэг айлын гурван хүүхэд тоглосон. Архангай аймгийн Цэнхэр суманд киноны зураг авалтаа хийсэн. Тэр гурван хүүхэд их хөөрхөн, адтай. Эгэл монгол айлын морь унадаг хүүхдүүд. Монголдоо аз жаргалтай амьдарч байгаа монголчуудын тухай кино. Бидэнд асар их үнэ цэнэтэй зүйл бий. Өөрсдөө мэдэхгүй, анзаарахгүй орхидог олон үнэт зүйл байдаг. Тэр үнэт зүйлсийг маш энгийнээр гаргахыг зорьсон кино.
-Монголд олон төрөл жанрын кино нээлтээ хийж байгаа ч ерөнхийдөө сэдэв нь нэг л зүйлийн талаар өгүүлээд байдаг шиг санагддаг юм. Та яагаад “Чингисийн хүүхдүүд” кинонд продюссерээр ажиллахыг зөвшөөрсөн юм?
-Монгол хүн Монголдоо сайхан амьдраад энгийн амьдрал маань энгийнээрээ, бодитоороо байгаасай гэдгийг хүссэн. Гэтэл бид хий хоосон зүйл мөрөөдөөд хэн ч биш болчихоод байна. Бүгд л Монголоосоо холдож өөр юм шүтэж, монгол ахуйгаасаа холдоод байна. Хийрхээд ч юм уу, улстөржөөд ч юм уу тиймэрхүү зүйл яримааргүй байна. Энэ кино бол эко кино гэдгийг давтан хэлье. Монголын бүхий л сайхан зүйлсийг шингээсэн кино.
-“Чингисийн хүүхдүүд” кино Каннын наадмын үеэр дэлгэцнээ гарсан гэсэн байх аа?
-Тэгсэн. Их сайхан үйл явдал болсон шүү. Монгол киногоо дэлхийн зах зээл дээр гаргахын төлөө ажиллаж байгаа авьяаслаг уран бүтээлч, компаниуд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Warner Bros компанийн кино театрт нээлтээ хийж тэнд амьдарч байгаа монголчуудаа урьж сонирхуулсан л даа. Тэнд байсан монголчууд уг киног үзээд уйлж “Эх нутагтаа харимаар байна. Гоё амьдармаар байна. Бид уг нь ийм л сайхан амьдардаг улс. Даанч тэр ахуйгаасаа холдчихож” гэцгээж байсан. Хичнээн их өв, баялгийг өвөг дээдэс минь бидэнд үлдээсэн юм бэ. Монгол л гэсэн үнэр ханхалсан бүхнийг энэ кинондоо оруулсан. Монголчууд бид бодит зүйлээсээ холдчихлоо, хөндийрчихлөө, урлагийнхан маань хүртэл нэг л өөр болоод сонгуулиас сонгуулийн хооронд гүйсэн хүмүүс болчихлоо гэж шүүмжилмээргүй байна. Миний хувьд урлагийн хүнийхээ үүргийг гүйцэтгэж л энэ киноны ажилд оролцлоо. Би киноны хүн биш дуучин хүн учраас Монгол кино ийм тийм байна гэж шүүмжлэх эрх нь байхгүй. Киноны ажлын явц, Каннын наадам зэрэг үйл ажиллагаанд оролцож байхдаа кино ямар их том ажил болохыг мэдэрч эвлэлдэн нэгдээд ажиллавал дэлхийд байхгүй энэ сайхан зүйлсээ уран гоёор, урнаар бүтээж чадах юм бол бидэнд киногоор дэлхийн зах зээлд гарах том боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. Энэ кино Монгол кино дэлхийн зах зээлд гарах эхлэл, түүчээ нь болж чадлаа. Миний хувьд ямар хувь тавилан минь хөтлөөд ийм сайхан кинотой холбогдоод дэлхийн хэмжээнд гарах, G ангилалд багтсан киноны багтай хамтарч ажиллав аа гэж баярлаж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Хойд Америкт гарах эрхээ авчихсан ийм сайхан кинонд продюссерээр ажилласандаа баяртай байна.
-Таны хувьд киноноос тийм ч хол хүн биш байх шүү. Өмнө нь хэд хэдэн киноны дууг дуулсан?
-Өө, дуу дуулсан. Хүмүүс мэддэггүй л болохоос биш би студитэй байхдаа киноны хадмал орчуулга дээр их ажилласан ш дээ. Театрын дэлгэцнээ гарах кинонуудын хадмал орчуулгыг хийхийн тулд бас их хөдөлмөр зарцуулна. Студи дээр жүжигчдээ авчраад бүхнийг мэргэжлийн түвшинд хийхийг зорьдог байсан. Нээрээ энэ тухайгаа би урьд нь хүмүүст ярьж байгаагүй юм байна шүү. “Pro sound” студиэ ажиллуулдаг байхдаа дэлхийн хэмжээний том киноны орчуулга дээр ажиллаж байлаа. Монгол орчуулгыг нь жүжигчилсэн, илүү үнэмшилтэй болгохын тулд их хичээцгээдэг байсан. Тэр олон кино маань хүмүүсийн сэтгэлд хүрч, сэтгэлийг нь баясгаж байсан болохоор би тэр тал дээр дотроо сэтгэл өег явдаг юм.
Д.Ангараг бид хоёрын холбогдсон түүх их сонирхолтой, инээдтэй. Миний 2001 онд хийсэн “Уйллаа шүү” дууны клипэнд Д.Ангараг маань тоглосон юм. “Рок мангас” Мөнхсайхан ах, бид гурав Хонконг руу явлаа. Анх удаа гадаадад очиж хийж байгаа клип маань. Хүмүүс тухайн үед Д.Ангарагийг танихгүй, гадаад залуу байна гэж харцгаагаад байсан. Шар үстэй их л өвөрмөц, анхаарал татах залуу. Дараа нь Д.Ангараг маань кино урлагийн чиглэлээр Бээжинд суралцаж ирээд “Дэв” гэж аймшгийн кино хийхэд нь киноны бүх дуу хөгжмийг студидээ хийж байлаа. Мөн “Амьдралын тасалбар”, “Би чамд хайртай-2” зэрэг нэлээд хэдэн киноны дуу оруулалтыг манай студи хийж байлаа. Тийм болохоор кинонд ямар олон хүний хүч хөдөлмөр ордгийг мэддэг болсон. Харин сая “Чингисийн хүүхдүүд” кинонд оролцсоноор тэр бүхнийг бүр илүү мэдэрдэг болсон гэж болно. Манай кино их хөөрхөн кино болсон. Үзээрэй гэж та бүхэнд хэлье. Д.Ангарагийн дүү Д.Номин энэ кинонд тоглосон. Д.Номин бид хоёр хамтраад “Чингисийн хүүхдүүд” киноны дууг дуулсан юм.
…Үүлгүй тэнгэрийн дор нутаг минь бий
Үрдээ үлдээх бүхэн зөвхөн тэнд л бий
Үлэмж хорвоод хосгүй эх орон минь
Үүрдийн үүрд амьдармаар эх орон минь ээ гэсэн гоё үгтэй дуу.
-Та дууны уран бүтээлийн хувьд юу хийж байна вэ. Шинэ цомгийн ажилдаа орсон уу?
-Лос-Анжелост сурч байгаа шүү дээ. Одоогоор хэлний бэлтгэлдээ явж байгаа. Урлагийн чиглэлээр суралцъя гэсэн зорилго тавьчихсан. Шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Цомгийн эхний дуунууд ороод бичигдчихсэн. Маш гоё дуунууд гарсан байгаа. Маргааш (өнөөдөр) гэхэд хоолойны бичлэгт орох гээд байж байна даа.