Засгийн газар өчигдөр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгнө гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас бүх хүүхдэд мөнгө олгох шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ гэж онцолсон юм. Хүүхдийн мөнгө хэзээнээс олгогдох талаар зарим газраас тодрууллаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй байгаа аж. Энэ долоо хоногтоо багтаж албажиж ирнэ гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Хаан банк болон Хас банкнаас хүүхдийн мөнгөний санхүүжилт орсон эсэхийг тодруулахад ямар ч мэдээлэл ирээгүй гэсэн хариу өгсөн юм. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны халамжийн мэргэжилтэн Д.Уугансувдаас хүүхдийн мөнгө нөхөж олгох шийдвэрийн талаар лавлахад “Гурван жил тутамд амжиргааны түвшин тогтоох судалгаа явагддаг. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 19 хүртэл улс орон даяар явуулсан. Одоогийн байдлаар судалгааны хариу гараагүй байгаа тул хэзээнээс эхэлж мөнгө тараагдах нь тодорхоогүй” гэлээ.
Ц.МИШЭЭЛ