“Асар аялгуу” төв
УЛСЫН ЧАНАРТАЙ ХУРДНЫ ЗАМЫН ХУРААМЖ НЬ ӨНДӨР АЖ
Эрээн хотоос зүүн өмнө зүг Сайхан талыг туулан Цахар баруун гарын хойд хошууг хурдны замаар зорилоо. Олон улсын зэрэглэлийн зам болохоор орон нутгийн болон ачааны машин техникүүд өөр замаар явж байх нь анзаарагдана. Хятадад зам ашиглалтын төлбөр өндөр учир дотоодын аялагч нийтийн тээврийн унаанд суугаад явах нь хамаагүй хямд тусдаг байна. Түүнээс биш манайхан шиг наадмаар Хөвсгөл рүү бүгд гарч шидээд хэдэн зуун километр замын түгжрээ үүсгэдэггүй аж. Хурдны зам дээр нэг л гараад авсан бол замдаа түр зогсох, замаас хазайж гарах шаардлага огт үгүй. Говь цөл шахуу газрыг хэдэн зуун бээрээр торлож, бүхэл бүтэн ой моддыг тарьсан нь нүд баясгана. Моддын оройгоос цааш нүд сунган харахад нүцгэн уулс л ар араасаа харагдана. Зуугаад километр явж байтал улаан шороогоор цонх шавхуурдсан хүчтэй угалз таарч гэгээн цагаан өдөр атал харанхуй шөнийн байдалд оров. Машинууд манангийн шар гэрлээ асаан хорь хүрэхтэй үгүйтэй километрийн хурдтай урагшилна. Удалгүй аадар бороо асгалж аяны харгуйг хураар мялаав.
АЯНЫ ЗАМД АВЬЯАСААРАА ТАНИЛЦАЦГААВ
“Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан ах маань автобусны урд талын суудлаас ар, өмнөд Монголын бишүүрхэн явсан сэтгүүлчдийг нэг нэгээр нь “тайзнаа” дуудан гаргаж дуу цацруулагчаар өөрийгөө танилцуулан авьяасаа үзүүлэх бяцхан даалгавар өгсөн нь чухам нүдээ олсон хэрэг байлаа. Бээжингийн Олон улсын радиогийн сэтгүүлч Пүрэвжав гэхэд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Ховог сайрын уугуул, нэртэй Жангарч залуу байсан. “Талын дуу хоолой”-н сэтгүүлч Нандирын нэрийг сонсоод “Танай Өмнөд Монголын зохиолчдын “Нандир, Сүмбэр хоёр” гэдэг нимгэн ногоон хавтастай номыг багадаа уншиж байсан. Одоо ч номын санд минь бий” гэвэл “Миний аав тэр номыг уншаад надад Нандир, ахад Сүмбэр нэр хайрласан байдаг. Хэн гэдэг зохиолчийн уран бүтээл юм бол” гэж иэхэд олзуурхав. ӨМОЗО бол БНХАУ-ыг тунхаглахаас хоёр жилийн өмнө тусгаар тогтносон бөгөөд тэр түүврийг тус орны арван жилийн ойд зориулан кириллээр хэвлэхдээ алдарт найрагч На.Сайнцогтын найраглалаар нэрлэсэн байдаг юм. Тэгэхээр тэр ном миний гарт ирснээр гучаад жил болсон гэж үзвэл даруй жаран настай ном ажээ.
Өмнөд монголчууд маань их авьяаслаг хүмүүс юм. Амжилт гэдэг найрагч хүүг дуучин Тэнгэрийн “Би Монгол хүн” болоод бусад дууг нь чухамдаа хуулчихсан юм шиг адилхан дуулахад сормуусанд нулимс чийгтэхгүй байхын аргагүй. Баясаа захирал бол манай нэрт найрагчдын шүлэг найраглалуудыг бараглан цээжээр урсгана. Тэд маань монгол хэлээрээ төгс сайхан ярих нь чихний чимэг. Гэхдээ хүн бүхэн шахам “Тэгвэл мөн чиг” гэсэн сул үг хэрэглэх нь манайхны дунд яригддаг “Одоо болбол”, “Тэр утгаараа” гэдэг үгсийн ихэрлэл бололтой. Хурдны зам нь “Вагоны ширээн дээрх аягатай цай цалгидаг уу” гэдгийн хариулт мэт зүдэргээн түүртээнгүй. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ орон нутгийн хурдны замаар явах автобусны хурдыг 90 км/цагаар хязгаарладаг байна. Хоёр Монголын сэтгүүлчдийн холимог багийнхан Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны төв Баянцагаанд хоёр зуу гаруй км туулаад үдэш очсон юм.
ХААНЫ ЗООГЛОЖ БАЙСАН ИДЭЭ ШҮҮС
Улаанбаатараас гарахад л “Цагаан хэрмээс наахнуур цахар, барга ахан дүүс минь
Цайдам тал гэдэг чинь ийм л уудам алс байх юм аа” гэсэн “бадарчин” яруу найрагч Цэвэгжавын Батбаатарын шүлэг аманд өөрийн эрхгүй орж ирээд байсан нь энд ирэхийн совин байжээ. Цахар сайхан нутаг бол Чингис хааны алтан ургийн гучин тавдахь их хаан Лигдэн хутагтын өлгий гэхэд хилсдэхгүй. Тухайн үеийн газрын зургаар баримжаалбал цахар нутаг Монголын их өндөрлөгийн төв голдоч байсан байж таарна. Цахарын Лигдэн хутагт хааны талаар бид “Цогт тайж” киноны дэлгэцнээс хижиг өвчнөөр тэнгэрт халихдаа төрийн их хасбуу тамгаа нууж буйгаар бага сага гадарлах байх. Тэгвэл энэ нутгийнхан Лигдэн хааныг яг л өнөө цагт аж төрж байсан хүн мэтээр их л халуун дотноор дурсах нь биширмээр. “Хааны минь зооглож байсан шүүс” гээд бүтэн хонины зум ялз чаначихаж. “Хаанд зориулсан тусгай жорын цай” гээд өрөм хөвүүлсэн өтгөн шаргал цай аягалж байна. Аливаа үндэстэн угсаатны түүх гэдэг идээ, умдаандаа хүртэл соёл болон үлддэг ажээ.
“Асар аялгуу” чуулгын хөгжимчид, бүжигчид
“АСАР АЯЛГУУ”-Г АНИРДАХУЙ
Улаанцав хотын АИХ-ын орлогч дарга Тогоонтөмөр дарга биднийг хүлээн авч хууч хөөрөхдөө “Би чинь Шанду нийслэлээ босогчдод алдсан Юань гүрний азгүй хаан шүү дээ” гэж гашуухан хошигнож суусан. Маргааш өглөө нь “Асар аялгуу” хэмээх эртний хаадын ордны хөгжмийн чуулгын тоглолтыг үзэхээр очтол мань эр харин хөгжим тоглоод сууж байдаг байгаа. Тэрээр “Асар аялгуу” нь найр наадамд дуулагддаггүй, ихэмсэг аялгуу. Эрт дээр үеэс ордны буюу төрийн аялгуунд дуулагддаг байж. Манай ахмад багш нар 30 гаруй аялгууг судалж, найруулсан” гэж байсан. Өмнөд монголчуудын маань нэг сайхан тахимдуу чанар нь ямар ч хүнийг “багш” гэж авгайлан хүндэлдэг ёс. Биднийг албан ёсоор танилцуулахдаа “Монгол Улсаас ирсэн сэтгүүлч-багш тэр” гэх жишээний.
“Асар аялгуу”-г Юань гүрний үед зөвхөн хааны ордонд л тоглодог байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжим байж. Монголын тулгар төр задарсанаар “Асар аялгуу” ая дангаа алдаж, Монгол орны газар бүр харилцан адилгүй хэлбэрээр уламжлагдан үлдсэн аж. Хааны торгон хишигтэн цахарчууд “Асар аялгуу”-ны нэгэн төрөл болох “Адуучин асар”-ыг үе дамжуулан өвлөж “найрын дууны тэргүүн аялгуу” хэмээн хүндэтгэн дээдэлж иржээ. “Асар аялгуу”-г монголчуудын уламжлалт утсан хөгжим, ардын үлээвэр, цохивор хөгжим зэрэг хөгжмийн зэмсгүүдээр хавсран хөгжимддөг аж. Өмнөд Монголд өнгөрсөн зууны 60-аад оноос радиогоор нэвтрүүлж эхэлсэн ч эдүгээ эл аялгууны талаар ойлголттой хүн тун цөөхөн болсон гэж байна. Тиймээс Өвөр Монголын Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны захиргаа болон холбогдох албаны хүмүүс “Асар аялгуу”-г сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, “Асар аялгуу”-ны ном бүтээл хэвлүүлж, “Асар” урлагийн бүлгэм байгуулж, энэ соёлын өвийг олонд сурталчлан таниулахын тулд урлаг соёлын янз бүрийн арга хэмжээний үеэр аялгууг тоглож байна. ӨМӨЗО-ы Соёлын танхим, Түүхийн дурсгалт зүйлсийн товчооны санаачилгаар үндэсний соёлын өвөө сэргээхээр Цахар соёлын музейг мөн байгуулжээ.
“ЦАХАР” УЛААН ТӨМС АЛДАРТАЙ
Цахар баруун гарын хойд хошуу нь Далан хар уулын хойд хормой, Улаанцав хотын зүүн хойд хэсэгт оршдог. Энэ бүс нутагт өдөртөө их халж, шөнө нь сэрүүхэн хонодог учир төмс тариалахад тун тохиромжтой аж. Хошуу 220 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 70 хувь нь газар тариалан эрхэлнэ. Тус хошуу нь Өвөр Монголын төмс үйлдвэрлэлийн гол хошуу агаад төмсний тариалангийн талбайн хэмжээ 23 мянга гаруй га-д хүрсэн гэж байна. “Цахар” улаан төмс нь энэ нутгийн нэрийн бүтээгдэхүүн аж. Энэ төмс цардуул ихтэй, болц хурдан гэдгээрээ онцлогтой. Улаан төмсөөр гурил, пүнтүүз зэргийг хийж байна. Улаан төмс нэг кг нь 1000 орчим төгрөгийн үнэтэй бол үрийн төмс нь 3000 орчим төгрөг аж. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Малайз зэрэг улс руу улаан төмс экспортолдог болжээ. Манайхан ч бас эднээс санаа авч Жаргалантын шар, Борнуурын нуугисан сайхан монгол төмсөө гадаадад чанарын өндөр түвшинд савлан гаргахад болохгүй гэх газаргүй мэт.
Улаанцав хотын АИХ-ын орлогч дарга Тогоонтөмөр “улаан” урлагчин хүн ажээ
ХУР ДАГУУЛЖ ХУБИЛАЙ ХААНЫХАА ДЭЭД НИЙСЛЭЛИЙГ ЗОРИВ
Лигдэн хутагт хааныхаа цахар нутагт нэгэнтээ хоноглоод Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууг зориход нартай бороо шивэрч, өвөг дээдсийн минь тэргүүнээ цэлийн цэнхэртэж асан мөнх хөх тэнгэрт хос солонго татан цаанаа л сайхан угтлаа. Найрагч Мөнхтөр ахын маань сэтгэл ихэд догдолж суудал зэрэгцэж явсан надад ийн уншина.
“Тэнгэрийн гүн цэнхэрлигт би дуртай
Тэнд л дээдэс минь байгаа гэж итгэдэг
Тэртээд хүлгэлзэн нүүх үүлэнд би дуртай
Тэр үүлсээс өвгөд минь хур болж ирдэг
Бороо цайран цайрахад би хачин дуртай
Борлог үүлсээр дээдэс рашаан илгээдэг
Харсан тэнгэртэйдээ монгол босоо заяатай явдаг
Хаан дээдсийн сургаал тэнд мөнх оршдог”
Цахар нутгийн тэнгэрт хослон нумарсан тэнгэрийн ариун нумыг харахуй сэтгэлд мөнөөхөн Лигдэн хаан болоод дээд ихэс хаадын их түүх нэгэн их асар аялгуу болон зүрхний чавхдас донхийлгэн эгшиглэх сонсогдоно. Чингэхүй “Хувь заяа минь гагц ариун тэнгэрийн эрхшээл. Цэв цэнхэрхэн бороо нь миний л эгч дүүс ээ” гэж Өмнөд Монголынхоо уудам талд хамтдаа яваа аяны нөхдөдөө уншлаа. Шулуун хөх хошууны нутагт орших Хубилай хааныхаа байгуулсан Их Юань улсын дээд нийслэл Шанду хотын тууринаа очно гэхээс нойргүй хономоор санагдана.
Үргэлжлэл бий