Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэсийн арал буюу Замын-Үүдийн гааль

Дорноговийн Замын-Үүдийн боомт өнөө цагийн хамгийн том авлигын үүр гэгдэх болсон. Өдөрт тус боомтод хэдэн зуун саяар мөнгө эргэлдэж гаалийн байцаагчдын хорхойг гозолзуулж байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймдээ ч гаалийнхан Замын-Үүдийн боомтод хуваарилагдах гэж дээд доодгүй гүйлддэг. Гэхдээ хэн дуртай нь бус хамаатан садан, том дарга нарын татаас, түлхээсээр хуваарилагддаг гэх яриа байцаагчдын дунд бий. Үнэндээ энэ газар авлигын үүр гэгддэг байсхийгээд л хээл хахууль авсан хэрэгт холбогдох байцаагч нарын үйлдлээр илчлэгдэх биз ээ. Үүний тод жишээ бол саяхан шийдэгдсэн гаалийн байцаагч нар 36 хүнд холбогдох хэрэг юм. Хэргийг сөхвөл Замын-Үүдийн гаалийн Зөрчлийн албаны дарга асан Цэен, Гааль татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын дарга Мөнхчулуун, Замын-Үүдийн Хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Оюунчимэг нарын 7-8 байцаагч бусдаас хахууль авсан нь шалгалтын үеэр илэрсэн байдаг. Зөвхөн эдгээр байцаагчдаар зогсохгүй байцаагч нарт хахууль өгсөн, зуучилсан гэх нийтдээ 36 эзэн холбогдогчтой томоохон авлигын хэрэг жил дамнан хууль шүүхийн байгууллагад хэлэлцэгдэж байгаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд Замын-Үүд дэх гаалийн газарт иргэдийн гомдлын дагуу гэнэтийн шалгалт хийж, хахууль авсан байцаагчдыг үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг. Дээрх байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудад хяналт шалгалтыг зохих ёсны дагуу хийдэггүй, БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалиар орж ирсэн машинуудаас ачааны татварын мөнгийг хуулийн дагуу авдаггүй, жолооч нартай тохиролцож өөрсдөө татварын мөнгийг халаасалдаг болохыг илрүүлсэн билээ. Гаалийн хяналтыг хатуу чанд сахих үүрэгтэй гаалийнхан дарга, цэрэгтэйгээ нийлж улсад хэр их хэмжээний хохирол учруулсан нь тодорхойгүй. Ямартай ч бүтэн жил гаруй хугацаанд шалгасан уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас байцаагчдыг удаа дараа хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Товчхондоо дээрх байцаагчид бүлэглэн албан үүргээ хээл хахууль өгөгчдийн ашиг сонирхолд нийцүүлж хэрэгжүүлсэн гэж үзэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр хэд хоног хэлэлцсэний эцэст шийдвэрлэсэн. Ингэхдээ найман байцаагчид 1-6, бусдад нь нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах ял оноосон билээ. Найман байцаагчаас тус бүр 1-3 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө хурааж авсан байдаг. Тэгвэл тухайн үед дээрх байцаагчид өдөрт 50-100 сая төгрөгийг улсад оруулах бус өөрсдөө халаасалдаг байсан талаар мэдээлэл цацагдаж байсан. Ингээд бодохоор хэдэн зуун саяар нь идсэн байцаагчид ганц хоёрхон жилийн ял авчихаад улсад учруулсан хохирлоо барагдуулсан мэт харагдаад үлддэг. Харин цаана ганц хоёроор тогтохгүй байр, үнэтэй машин гээд насныхаа хөрөнгийг хураасан байдаг талаар яриа бий. Энэ ч үнэний ортой болов уу. Учир нь Замын-Үүдийн гаальд хэлтэс, албаны даргын албан тушаалд очихын тулд 20-30 сая төгрөг, ахлах байцаагч болохын тулд 10-15 сая төгрөгийн хахууль өгдөг бол байцаагчаар очихын тулд багадаа таван сая төгрөгийн хахууль өгдөг болохыг гаалийнхан хоорондоо ярьдаг гэнэ. Наад захын байцаагч хэдэн сая төгрөгийн хахууль өгч ажилд ордог гээд бодохоор хэдий хэмжээний авлигын мөнгө түүний халаасанд ордог нь тодорхой. Бүр “Замын-Үүдийн гаалийн байцаагчаар ядаж гурван жил ажиллачих юмсан. Тэгвэл ч үлдсэн амьдралдаа мөнгөний гачигдалгүй амьдрана даа” гэх явган яриа байцаагч нарын дунд бий. Тэрнээс хотын тохь тухтай амьдралаас нүүр нүдгүй шуурах элсэн хөндийг хэн тоож зорих билээ. Улсын төсөвт ордог хэдээс нь гаалийн ажилтнууд сая саяар нь сордоггүй байсан бол өдийд Замын-Үүдийн боомт Эрээний боомт шиг шил толь болсон байх биз.

Замын-Үүд Эрээний хооронд өдөрт 800-гаас доошгүй машин зорчдог гэсэн албан бус судалгаа бий. Ачааны 100 гаруй машин нэвтэрдэг бол бусад нь “УАЗ-69” машин. Эдгээр машины дийлэнх нь Эрээнээс ачаа тээвэрлэж хил давдаг. Эрээн орохдоо хүн зөөж буцахдаа ачаа бараа тээвэрлэдэг жолооч Болд “Нэг машин дүүрэн бараа ачихад ачааны төрлөөс хамаарч дор хаяж 600 мянган төгрөгийн татвар төлөх ёстой болдог. Бид таван төгрөг олохын тулд хүний барааг ярьж хөөрч үнэ хаялцаж ачдаг. Тиймээс байцаагч нарыг царай алддаг. Байцаагч нар 300 мянгыг өгчих гэдэг. Үүний 150 мянган төгрөгөөр татварын бичиг хийж өөрсдөө үлдсэнийг нь халаасалдаг. Яахав хэн хэндээ л ашигтай юм болохоор бид ч хурдхан хилээр нэвтрэхийг хүсдэг. Байцаагч нар хоорондоо “Өнөөдөр надад их машин хуваарилаарай. Миний ёндоорох ээлж шүү” гэж ярьдаг гэсэн. Арга ч үгүй биз. Таван байцаагч өдрийн ээлжинд гарлаа гэхэд нэг байцаагч дээр нь 150 машин бусдад нь 40-50 машин бичдэг байх жишээтэй. Жолооч нарын яриагаар бол нэг байцаагч өдөртөө бараг хоёр сая төгрөг халааслаад буудаг гэсэн” гэв.

Яг ийм байдлаар гаалийн бичигт хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн болохыг 2015 онд АТГ-аас мөн илрүүлж байсан удаатай. Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан, Замын-Үүд дэх гаалийн ахлах байцаагч Насанбат хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн болохыг байцаагч нар дотроосоо хууль хяналтын байгууллагад мэдээлж байсан. Сайндаа ч биш. Өмнө нь хээл хахууль аваад гардуулж ажлаасаа гарсан нөхдүүд хов хүргэсэн гэдэг. Ямартай ч тухайн үед АТГ-аас шуурхай ажиллаж Насанбатын хуурамч бүрдүүлэлт хийсэн гэх ачаатай машиныг Чойрт явж байхад нь саатуулж шалгахад ахлах байцаагч Насанбат түүний удирдлагад ажиллаж байсан Дөлгөөн, Насанжаргал, Ганзориг, Эрдэнэбаатар нарын байцаагч “Норд бенз” маркийн гурван ачаатай авто машины бараанд хуурамч бүрдүүлэлт хийсэн нь тогтоогдсон билээ. Гаалийн бүрдүүлэлтийн баримт бичигт дээр машинуудад ачсан бараанд 30 тонн тавилга, 40 тонн чулуун хавтан гэж бичээд, түүнд ногдох хураамжийг авсан аж. Ингээд хуурамч бүрдүүлэлт хийсний хөлсөнд тэд долоон сая гаруй төгрөг авлигад авсан гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан. Үүнтэй зэрэгцэн тухайн үед ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч Б.Баттогтох, байцаагч Оргилмаа, Сургалт судалгааны төвийн дарга Оюундэлгэр нарыг бусдаас авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Тэдний зарим нь гаалийн байцаагч нарыг томилоход хахууль авсан гэх нөгөө хэсэг нь бусдыг татвараас зайлсхийхэд тусалсан гэж шалгагдаж байсан удаатай. Тухайн үед доод албан тушаалтнууд нь хэрэгт холбогдоод байхад ГЕГ-ын даргын алба хашиж байсан О.Ганбат ямар ч тайлбар хийгээгүй. Цаад учир нь ГЕГ-ын дарга О.Ганбат төрсөн эгчийнхээ хүүхэд болох Ганбаярыг Дорнодын гаалийн газрын даргаар томилсонд байсан аж. Энэ мэтчилэн Замын-Үүдийн боомтод гаалийнхны эрээ, цээргүй ноёрхол илт явагддаг. Өдөрт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байдаг Замын-Үүдийн боомтын гаалийн ажилтнууд хууль бусаар бараа нэвтрүүлэхэд туслах, бусдын барааг татвараас чөлөөлж өгдөг, эсвэл бусдыг албан тушаалаараа далайлган дарамталдаг ажилтай. Үүнийхээ хариуд хэдэн саяар нь халаасаа зузаалж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гаалийн байцаагч нарын амьдрал нүдэн дээр илт дэвжээд ирдэг. Тэгвэл хэдхэн сар ажиллаад насны амьдралаа өөд татдаг энэ боомтод бусад нь ч гэсэн яагаад очиж ажиллаж болохгүй гэж. Гуравхан сая хүн амаа тэжээх учраа олохгүй явахын оронд Замын-Үүдийн боомт дээрээ л гурван сар ажиллуулчих л даа.

А.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *