Categories
мэдээ улс-төр

МАХН-ынхан цагаан сонгуульд уриалав

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатар, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Оюунбаатар, Б.Тулга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд С.Ганбаатар “Монголын ард түмэн ирээдүйнхээ төлөө эр зоригтой сонголт хийсэн. Харамсалтай нь МАНАН нүдэн дээр луйвар хийсэн. Гэхдээ хар хулгай нь баригдсан. Хулгайн төлөө бид босч чадлаа. Сонгогч та бүхэндээ баярлалаа. Энэ бол Монголчуудын олон жил хүлээж байсан зүйл. Бид ялсан. МАНАН дахин дахин бидний сонголтыг хулгай хийсэн. Нэр дэвшигчид луйвар хийсэндээ ханаж чадахгүй дараагийн луйвартаа санаархаж байна. Шударга бусаар төрийн эрхийг авах гэсэн оролдлоготой эвлэрч болохгүй. Надад хандив өгсөн хүмүүсийн нүдийг харсан ч болоосой. Энэ итгэлийг луйварчдад алдаж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэлзээ төрүүлсэн хэсэг дээр СЕХ дахин санал хураалт явуулах ёстой. Саналыг луйвардахад СЕХ, цагдаагийн удирдлагууд тусалсан. Энэ нүглийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс саналыг хуудсыг тэмдэглэхгүй, цагаан хэвээр нь үлдээхийг уриалж байна. Цагаан сонгууль өгөхийг уриалж байна. Гэхдээ бид энэ уриалгаар сонгууль битгий өг гэж байгаа юм биш. Хэнийг ч битгий дугуйлаарай гэсэн үүднээс хэлж байгаа юм” гэлээ.

Б.Тулга “Ард түмнийг санал өгөхөд буруу тийш нь хандлагыг уриалж байгаа юм биш. Энэ хоёр нэр дэвшигчийг сонгохгүй байх эрх нь хуулиар бий. Тиймээс хэнийг нь ч дэмжихгүй саналын хуудсаа цагаанаар уншуулахыг уриалж байна” гэсэн юм. Тэднийг мэдээллээ хийж дууссаны дараа сэтгүүлчид С.Ганбаатараас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Цагаан сонгууль хийхийг уриалж байгаа цаад шалтгаан нь Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх гэсэн санаархал биш үү. Хандлага тэгж ажиглагдаад байна л даа?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийн ялсан. Үүнийг тэвчиж чадахгүй төрийн хулгайч нар ухаан алдаж айсандаа хассан. Дахин сонгууль болохоор бол МАХН нэр дэвшигчээ тодруулна.

-Маргаантай гэж үзэж байгаа хэдэн хэсэг байгаа вэ?

-Маргаантай 76 хэсэг дээр луйвар хийсэн нь баримттай тогтоогдсон. Биднийг 1000, 2000 саналаар луйвардсан юм шиг хүмүүс бодоод байна. Үгүй, биднийг 100 орчим мянган саналаар луйвардсан. Би нэгээр гарч ирсэн.

-МАН, МАХН эвсэнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Тэд сэрүүн зүүдэлж байна. Тийм боломж байхгүй. Ард түмний итгэл найдвар бол бидний үнэт зүйл.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *