Categories
мэдээ цаг-үе

“Бүх цэргийн наадам”-ыг ирэх жилээс хориглоё

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд цэргийн цол, чимэг олгодог “Бүх цэргийн наадам” боллоо. Энэхүү наадам нь залуу бөхчүүдийн өнгийг тодорхойлдог учир тун сонирхолтой уран хурц барилдаанаар дүүрэн болдог гэдэг. Монголын үндэсний бөхийн холбооноос энэхүү наадмыг найраатай болдог гэдгийг сайн мэддэг. Тийм ч болохоор найрааны эсрэг тодорхой бодлого боловсруулж дорвитой ажиллахаар шийджээ. Улсын баяр наадмаас сар орчмын өмнө болдог Бүх цэргийн наадмыг шударга явуулахын тулд бөхийн зүтгэлтэн, бөхчүүдээс бүрдсэн Зөвлөлийг зохион байгуулан ажиллуулж байна. Өнөө жилийн энэхүү цэргийн наадмын Зөвлөлийн ахлагчаар бригадын генерал Сосорбарам ажиллаж, гишүүдээр нь улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Рагчаа тэргүүтэй улсын алдар цолтой аварга арслангууд ажиллажээ. Энэ жилийн цэргийн наадмыг шударга явуулах зорилго бүхий тус Зөвлөлийн гол үүрэг нь найрааг таслан зогсоох, бөхчүүдийг шударга барилдахыг шаардах, найраанд хяналт тавьж, ажиллах гэнэ. Гэвч саяын бүх цэргийн наадмаар энэхүү Зөвлөлийг цол горьдсон залуу бөхчүүд болоод зарим том цолтонгууд үл тоон, нутаг, ус, жалга довоороо нийлэн цэргийн цолны төлөө найраа хийж, улайран дайрах шиг боллоо. Түмэн олныхоо нүдэн дээр найраа гэх зүйлийг ичих нүүргүй, улаан цагаан хийлээ. Наадам найраатай болдгийг ард түмэн мэднэ. Найрааг яаж хийдгийг ч мэддэг болсон. Гэхдээ ингэж улаан цагаандаа гарсан найраа үзээгүй юм байна гэж бүх цэргийн наадмыг шимтэн үзэх гэсэн үзэгчдийн ихэнх нь бухимдуухан сэтгэгдэлтэй харьж байв.

Арга ч үгүй биз. Бөхийн барилдааны гурвын даваанаас л эхэлж, найраа явагдсан. Сүүлдээ шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн дунд найраа хавтгайрч, Зөвлөлийг сандаргав. Энэхүү барилдаанд од нь гийж, үзүүрлэсэн Завханы О.Батжаргал үнэн хүчит, улсын цолонд ойр яваа аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, Ш.Мөнгөнбаатар, Ө.Сүхбат, М.Бадарч, О.Гантулга нарын хүчтэнгүүдийг цувуулан өвдөг шороодуулсан юм. Хурц арслангууд О.Батжаргалын өөдөөс ямар ч барилдаан гаргалгүй хэвтсэн. Завханы залуугийн тэр өдрийн “од” нь үнэхээр гийсэн үү, “олдсон хэд”-ээрээ учраа бөхөө онхолдуулав уу гэдэг нь эргэлзээтэй. Улсын баяр наадам, томоохон заал танхимуудын барилдаанд шинэ залуу бөхчүүдийн од нь гийж, дээшээ гарч ирдэг тохиолдол цөөнгүй. Харин энэхүү наадмын долоогийн даваанд Оюуны Гантулга зүүнийг магнайлж, хамгийн түрүүнд ам авах болсон. Тэрээр аймгийн арслан Б.Хишигбаатар, аймгийн харцага Ө.Батзул, аймгийн начин О.Батжаргал нараас ам авах байлаа. Яг энэ үеэр улсын том цолтой зарим бөхчүүд ам авах гэж байсан О.Гантулгатай уулзав. Үүнийг анзаарсан бригадын генерал Сосорбарам тэдгээр хүмүүсийн яриаг зогсоож, хурц арсланг дэвжээ рүү түргэн гарахыг шаардав. Өөрөөр хэлбэл генерал найрааг зогсоох гэж оролдсон аж. Энэ үеэр зарим үзэгчид “Завханыхан болио…, яасан ичдэггүй юм бэ…,” хэмээн орилж дургүйцэн суусан. Учир нь долоогийн даваанд найраа хийж байсан улсын цолтой бөхчүүдийн зарим нь Завханых байсан аж. Ингээд О.Гантулга арслан дэвжээ рүү гарсан ч ам бөхөө авахаар гарын даа нарын зүг бус өөрийн суудал руугаа очиж, хэн нэгэнтэй утсаар ярьж суув. Энэ яг юу болж байна вэ. Өнөө цагт бөхчүүд ам бөхөө авахын тулд хэн нэгэн рүү утсаар холбогдож асуудаг болчихсон юм уу. Нөгөө монгол бөхийн ёс жаяг, жудаг, дүрэм журам хаана байна. Ямартай ч долоогийн даваа эхэлж, О.Гантулга арслан Завханы О.Батжаргалыг амлан авч барилдлаа. О.Батжаргал начин хаях нь тодорхой гэсэн шиг хүчтэй арслантай задгай барилдаж байв. Хашир, туршлагатай, олон жил барилдчихсан арслан харин үүнийг анзаарсангүй юу эсвэл толгойд нь арай өөр бодол байв уу. Юутай ч өмнөөс нь мэх хийлгүй өвдөг шороодлоо. Өнгөрсөн жил бүх цэргийн наадмаар үнэн шударга барилдаж үзэгч түмнийг талархлыг хүлээгээд байсан М.Бадарч арслан хүртэл найраанд орж, хэвтээд өгөв. Аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд бөхийн өргөөний дотор талын суудалд суусан ч Завханы бөхчүүд олон янзын аргаар найраагаа хийж байлаа. Тэд утсаар ярих, эсвэл барилдахаар гарахын өмнө чихэнд хоёр гурван үг “дайж” найраагаа хийж байжээ. Үүнийг гадарласан бригадын генерал Сосорбарам үүдэнд зогсож байсан улсын цолтой бөхчүүдийг тараах гэж оролдсон ч тэд тоосонгүй. Бүр Монгол Улсын аварга, хүчит гарьд нарын үгийг ч сонссонгүй. Залуу бөхчүүд эрэмбэ гэдэг зүйлийг, том цолтой бөхчүүдээ хүндлэх ёсоо умартсан бололтой. Цэргийн баярт түрүүлсэн аймгийн арслан Б.Хишигбаатар тавын даваанд аймгийн арслан Б.Серикийг, зургаад өнгөрсөн хавар төдийлөн өвдөг шороодоогүй байсан аймгийн арслан О.Хангайг даацтай хутгаж, үзэгчдийг шуугиулсан. Долоогийн даваанд аймгийн харцага Ө.Батзулыг гар таллаж, ард нь гараад мэхээ гүйцээсэн юм. Харин үзүүр, түрүүнд олон хурц арсланг “хэвтүүлсэн” аймгийн нэмэх начин О.Батжаргалыг төвөггүйхэн хаяж, бөх сонирхогчдоо баярлуулав. Энэ үеэр үзэгчид “Өчнөөн давааг нутгийн ах нараараа аргалуулсан ч түрүү бөхийг найрч дийлсэнгүй бололтой” хэмээн үзүүрлэсэн бөхийг ярьж, хоорондоо хөхрөлдөн сууж байлаа. О.Батжаргал ийн долоо давж, цэргийн заан болсон бол Хэнтийн сумын заан Г.Бадрах тавын даваанд аймгийн хурц арслан Ц.Бямба-Очирыг орхисноор цэргийн начин цол шинээр хүртэв. Г.Бадрахыг тав давтал нь нутгийн бөх улсын арслан Э.Оюунболд мөн адил бөхчүүдтэй уулзаж, ярилцаж, хяналтын зөвлөлөөс шаардлага сонсч байв. Энэ тухай бүх цэргийн наадмыг шударга, найраагүй явуулах Зөвлөлийн ахлагч бригадын генерал Сосорбарам “Цэргийн наадам үзүүштэй боллоо. Гэхдээ үнэн хүчийг гаргасан, 100 хувь шударга барилдаан болсон гэж хэлэхгүй. Би арав гаруй жил бөхийн барилдаан зохион байгуулж, аль болох шударга, сайхан явуулахыг хичээдэг. Бөхийн найраа гэдэг зүйл хаана ч байдаг. Гэхдээ энэ бүхний эсрэг зогсож, найрааг алга болгоно гэдэг их хэцүү юм. Хэн нь хэнтэйгээ найраа хийж, хэнийг авч, хаяж, унаж байна гэдгийг шууд хэлэх хэцүү л дээ. Тавын даваанд ах нь дүүгээ, нутгийнхан том цолтой бөх нь залуу бөхөө амлан авч, шинэ цолонд хүргэж байна. Үүнийг найраа гээд болиулчих дүрэм журам байхгүй. Бас амалчихлаа, унаад өгчихлөө, энэ чинь найраа шүү дээ гэж хэлэхэд ч хэцүү. Өөрөөр хэлбэл найраа хийж байгаа бөхийг шууд ил болгох хөдлөшгүй баримт олно гэдэг ярвигтай л даа. Сая болсон бүх цэргийн наадам бага сага асуудалтай боллоо. Долоогийн даваанд Завханы бөхчүүд болоод бусад улсын том цолтой бөхчүүд өөрийн нутгийн бөхчүүдийг дээш нь явуулахын төлөө бөхчүүдтэй их л ярьсан. Тэр нь бүр ил. Үүнийг нь мэдээд тэдгээр бөхчүүдийг болиулах гэж оролдсон боловч бидний үгэнд орсонгүй. Биднийг үнэхээр хүндэлсэнгүй. Тавын даваанд Г.Эрхэмбаяр аварга бөхчүүдийг хянасан, зургаагийн даваанд Б.Рагчаа гарьд, харин долоогийн даваанд би өөрөө хяналаа. Бид нар амьхандаа тэрхүү барилдааныг шударга сайхан болоосой гэж бодсондоо л ингэж, даваа бүрт бөхчүүдийг хянасан” хэмээн цөхөрсөн аятай ярьсан юм. Жил жилийн наадмын бөхчүүдийн найраа бүх цэргийн наадмаас эхэлдэг болжээ. Цаашлаад улсын баяр наадам, орон нутгийн наадмуудад бүгд л найрааны асуудал яригдаж, хийгдэх биз. Үүнийг яаж болиулах вэ. Хэзээ ард түмэн үнэн шударга, будилаангүй, найраагүй наадам үзэх бол. Энэхүү сайхан наадмаа бөхчүүд өөрсдөө шавартай нь хутгасаар байх уу. Бүх цэргийн наадмаас хүртсэн цол аймгийн түвшинд бичигддэг. Өөрөөр хэлбэл цэргийн арслан, аймгийн арслан хэмээх цолны эрэмбэ тэнцүү. Нэгэнт л аймгийн наадмуудад тэрхүү цолыг нь олгож байгаа юм чинь бүх цэргийн наадам гэх найраа нь улаан цагаандаа гарчихсан барилдааныг жил бүр зохион байгуулах хэрэг байхгүй. Ирэх жилээс бүх цэргийн баяр наадмыг нэг мөсөн хориглох цаг болжээ.

Э.ТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *