Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж хүрэн халзан морьтойгоо
Дээлийнх нь ар гандсан ч үл тоох монголын уяачид, дэвжээнийх нь өвс зулгарсан ч өвдөг шороодоогүй босоо хүчтэнүүд, тавьсан сум нь байнаасаа төөрч үзээгүй харваачидтай Монгол наадам айсуй. Энэ өдрүүдэд нутаг, нутгийн хүчит бөхчүүд, уяачид эхнээсээ гал болон хэдийн гарчээ. Үүний нэг нь тэртээ 1975 оны Ардын хувьсгалын 54 жилийн ойгоор 21-хэн насандаа унаган хонгор хязаалангаа уралдуулж, түмний эх, торгон жолоо өргүүлж байсан Монгол Улсын манлай уяач Жигжидийн Нямдоржийн уяанаас хийсэн сурвалжлагаа хүргэе. Ж.Нямдорж манлай уг гарлаа хөөвөл Завхан аймгийн Алдархаан сумын хүн гэнэ. Харин түүнийг хэдхэн сартай байхад Жигжид гуайнх одоогийн Төв аймгийн Борнуур суманд нүүчихсэн юм билээ. Лхүндэвийн алдарт “Чонон” хонгор морийг нэг жилд найман удаа түрүүлгэж байсан манлай уяач өдгөө “Дуган хад”-ны өвөрт уул, ус, ой мод хосолсон үзэсгэлэнт газар хонин сүрэг, саалийн хэдэн үхэр, хурдан хүлгүүдийн хамт хэдхэн хоногийн өмнө нүүн иржээ. Зуны эхэн сар хэдийн гарсан ч энэ нутагт сүүлийн хэдэн хоногт хур бороо ороогүйн улмаас газрын чийг арилж, шороон шуурга үе үехэн хийсч гандуухан байв. Тийм ч болохоор манлай уяачийн адуу өвсөө даган ой руу орсон гэнэ.
Харин уналгын хоёр, хурдны зургаан насны морио барин уяжээ. Эдгээр ажнай хүлгүүдээс хүрэн халзан морь, хүрэн азарга хоёртоо ихээхэн найдлага тавьж байгаа гэнэ. Энэхүү хурдан хүлгүүд нь Ж.Нямдорж манлайн унаган адуу юм санж. Өмнө нь ямар нэгэн бүсийн наадам, уралдаанд тоосоо өргөж байгаагүй ч өнөө жилийн наадамд дээгүүр давхих хурдууд гэнэ. Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж танина гэдэг шиг хашир уяач нэг юм бодсон нь тодорхой биз ээ.
УЯАЧИД ЗУНЫ ЭХЭН САРЫН ГАХАЙ, НОХОЙ ӨДРҮҮДЭД УЯАГАА ЁСОЛДОГ
Ж.Нямдорж уяачийнх өнгөрсөн долоо хоногийн гахай өдөр адуун сүргээ бөөгнүүлж, ах, дүү, нутгийн хүмүүсийг цуглуулан цайлж, уяандаа хийморийн сан тавьж, байгаль дэлхийгээ аргадсан гэнэ. Ийнхүү уяачид наадмын бэлтгэл ажилдаа албан ёсоор оржээ. Ер нь газар газрын уяачид наадам болохоос сарын өмнө хурдан хүлгээ барьж, уяа сойлгыг нь жигдрүүлдэг аж. Уяа сойлго дөнгөж л эхэлж байгаа хэдий ч манлай уяачийн хурдан буянууд тун чиг өнгөтэй харагдаж байсан юм. 1975 оноос Ж.Нямдорж гуай бие дааж морь уясан аж. Аавын нь олон хурдан хүлгүүд улсын наадмаас айраг түрүү авч байсан билээ. Ж.Нямдорж манлайн алдарт унаган хонгор үрээний угшил нь Завхан аймгийн Алдархаанаас эхтэй, зэгэлийн удмын эцэгтэй, 1975 онд хязааландаа улсын наадамд түрүүлсэн хурдан хүлэг юм. Харин түүний хул даага нь 1997 онд Эрдэнэтийн хангайн бүсийн анхны наадамд түрүүлж байжээ. Ж.Нямдорж манлай Л.Лхүндэвийн чонон хонгор морийг нэг жилд найм түрүүлүүлж, 1998 онд анхны “Их хурд” буюу хурдан морины их олимпод түрүүлүүлж байсныг ард түмэн санаж байгаа биз ээ. Харин түүний унаган адууны гарал угшил нь Завхан аймгийн Алдархаан, Сүхбаатар аймгийн Халзан, Онгон сумдынх аж. Сүхбаатар, Хэнтий гаралтай адуунаас гадна Төв аймгийн Жаргалант, Баянцогтын Дамдинсүрэнгийн зэгэл, Лүнгийн Нацагийн Авирмэдийн сэрвээ хээр азаргануудын төлөөс сэлбэсэн гэнэ. Түүний хүрэн халзан азарга нь Хэнтий аймгийн Галшараас гаралтай гэв. Тэрбээр “Ц.Цэнгэлийн “Түмний эх” саарал азарганы мялаалга наадам Булган аймгийн Хишиг-Өндөр суманд болоход унаган ухаа морио түрүүлүүлж, Цэнгэлийн хар морь аман хүзүүнд, хээр морь гуравт, ногоон морь тавд дундаа нэг морьтой дөрвөн их нас орж байлаа. 2000 онд “Тамирын хурд” наадамд Борнуур гаралтай хээр соёолон гуравт давхиулсан. Улс бүсийн наадамд Ц.Цэнгэл, Л.Лхүндэв, Н.Алтан-Очир нарын морийг уяж айраг түрүү авч байв” хэмээн өвгөн уяач амжилтаасаа дурьдлаа. Тэрээр улс бүсийн наадамд зургаан адуу түрүүлүүлж есөн адуу айрагдуулсан билээ.
Мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат алдар уяач Лувсанжамцын Лхүндэвийн “Чонон” хонгор морины тухайд тэрбээр “Хонгор морь Хэнтийн Дархан сумаас ирж байх замдаа гарсан унага юм билээ. Би шүдлэнгээс нь эхлээд мэддэг юм. Уядаг ч өөдтэй давхидаггүй. Борнуур, Баруунхараад айрагдсан.Тэгээд их морь болсон хойно нь зарлаа гэсэн юм. Яг тэр намар нь би хоёр том хүүхдээ айл болгох гээд байсан хэдийгээ үрчихсэн байж таараад. Малаар авъя гэсэн өгөхгүй гэхээр нь би Цог ахад хэлсэн юм. Түүний өмнө хурандаа Монхорын хурдан цагаан гэж улсад айрагдсан цагаан морийг би сайн адуу гэж байгаад хавар нь авахуулчихсан байлаа. Хязаалан үрээ авч яваад тэр жилээ нутаг солигдоод хойхнуур давхисан. Тэгсэн намар нь ахиад хонгор морь их хурдан адуу, зарагдах нь гэж хэлүүлээд загнуулсан. Тэгэхэд би залуу, хааяа тааралдсан нөхөдтэйгээ зуу татчихдаг байсан үе л дээ. Тэгсэн чинь “чиний хурдан морь таних гэж юу байхав. Нөгөө нисэх цагаан адуу чинь яваагүй шүү. Би бараг Монхорт бэлгэнд өгч адуугаа цэвэрлэсэн” гэх шахуу юм ярьж загнаж байж билээ” гэв. Анхны их хурдаас хоёр жилийн өмнө буюу 1996 оны намар Угтаалын гаралтай Л.Лхүндэвийнх гэдэг айл мал хуйтайгаа Борнуурт Ж.Нямдорж манлайн тэнд нүүж ирсэн аж. Тэдний хоёр айл саахалт бууж, бие биенийхээр орж гарцгаадаг болж. Нэг өдөр алдарт уяач Л.Лхүндэв гуай Ж.Нямдорж манлайд “Ганц шийдсэн их морь авмаар байна” хэмээн хэлсэн гэнэ. Улмаар хонгор морийг тод манлай уяач Б.Содномцог гуайг авахгүй гэхээр нь Ж.Нямдорж манлай Л.Лхүндэвт хэлж авахуулсан аж. Тухайн үед “Чонон” хонгорыг нэг сая төгрөг дээр тугалтай үнээ, хоёр морь өгөөд Л.Лхүндэв гуай худалдан авчээ. Чонон хонгор 1997 онд Партизаны Монгол Улсын манлай уяач Доржсүрэнгийн “Манлай уяач” цолны наадам, морин тойруулгын 40 жилийн ой, анхны Дүнжингарав өвлийн бүсийн наадамд түрүүлж,1998 онд Булган аймгийн Баяннуурт болсон өвлийн бүсийн наадамд түрүүлдэг тэр жилээ найм түрүүлж, улмаар анхны “Их хурд” наадамд түрүүлж, алтан жолоо өргүүлсэн түүхтэй билээ.
Л.Лхүндэвийн “Чонон” хонгор морь. Нэг жилд найман удаа дараалан түрүүлж, анхны “Их хурд”-д алтан жолоогоо өргүүлж байсан
ТӨВ АЙМГААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТ УЯАЧИД ХЭНТИЙ, СҮХБААТАР, БАГАНУУР ЧИГТЭЭ ГАЛД ГАРЧЭЭ
Монголын алдартай уяачдын ихэнх нь Төв нутгаас төрсөн байдаг билээ. Шандаст хурдан хулгүүдийн уяа сойлгыг гарын арван хуруу шиг мэдэх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай уяач Д.Даваахүү, Монгол Улсын гавъяат малчин, тод манлай уяач Г.Сундуйжав, Ц.Хэнмэдэх, Д. Даваахүү, Д.Онон, Бандгай хэмээх С.Ганхуяг нарын алдартай уяачид энэ л нутгаар овоглодог юм. Эдгээр эрхмүүд өнөө жил нутаг ус нь гандуу, газрын гарц муу байгаагаас болж, Хэнтий, Сүхбаатар, Багануур чигтээ хурдан хүлгээ аваачиж, галд гарсан мэдээг манлай уяач дуулгав.Олон газрын уяа засал өөр өөрийн онцлогтой боловч Төв Халх, Зүүн Монголын уяаны дэг илүү боловсронгуй болж хөгжсөн. Наадмын түрүү, айргийг сайн хүлэг сайн уяагаар тэнцүүлэн байж авна хэмээн дээрх эрхэмүүд хэлсэн байдаг. Монголчуудын уламжлалт шинжлэх ухаан, хурдан морь шинжих, уях, засах ёсонд өгүүлэхдээ морины уяа засал яг таарсан үеийг “Газрын чагтага тасрах” хэмээн нэрлэжээ. Уяач хүний ажил бол газрын амьтныг тэнгэрт гаргах буюу “Газрын чагтагыг таслана” гэсэн утгатай аж. “Уяач хүн морь шинжих, уяж засах арга барилдаа дүгнэлт хийж бусад уяачдын арга барилаас суралцаж уяа заслаа уяанаас уяанд тасралтгүй сайжруулж байвал сайн уяач болно” хэмээн манлай уяач залуу уяачдаа захисан юм. Уяач хүн уралдааны дараа заслыг сайн хийж, зун намрын тарга авалт, өвөл хаврын онд оролтын байдлыг харгалзан морины ажлыг тохируулан хийх нь зөв. Уядаг морины тамир тэнхээг сайн суулгах нь уяач хүний гол анхаарах зүйлсийн нэг хэмээн тэрээр олон жилийн туршлагаасаа ярьж байв.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН