Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль ирэх даваа гаригт болно. Сонгуулийн санал хураалтаас өмнө өнөөдөр МҮОНТВ-ээр 21 цагт гурван нэр дэвшигч мэтгэлцэх учиртай. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд, Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөр, бодлого, зарчим өнөөдөр илүүтэй ард түмэнд тодорхой болно. Учир нь гурван нэр дэвшигчийн хувьд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр бодлого, мөрийн хөтөлбөр ярихаасаа илүүтэйгээр хэн нэгнийгээ харлуулах, муу муухайг нь ил болгох “илчлэлт” явагдсан гэхэд хилсдэхгүй. Гурван нэр дэвшигчийн хувьд сонгуулиас өмнө нэг биш нэлээд хэдэн удаагийн мэтгэлцээн хийх байсан ч тохироо нь бүрдэлгүй явсаар өнөөдрийг хүрэв. “Сонгуулийн хэтэрхий хар бараан мэдээлэл дундаас бодлого, мөрийн хөтөлбөр нь харагдахгүй байна. Ийм хар сонгуулийн технологийг үзсэнгүй” хэмээн хашир улстөрчид хүртэл халаглаж байсныг манайхан мэднэ.
Өдөр Ардчилсан намын сонгуулийн төв штабтай холбоо барин мэтгэлцээний талаар тодруулахад “Манай намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өнөөдөр мэтгэлцээнд орно. Гадуур гараад байгаа мэдээлэл шиг мэтгэлцээнээс айж, булзсан, бултсан зүйл байхгүй” гэсэн юм. Харин Монгол ардын намын сонгуулийн төв штабтай холбогдох үеэр “Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд хэзээ ч мэтгэлцэхэд бэлэн. Нэг биш нэлээд хэдэн удаа мэтгэлцээн болсон бол ард түмэнд хэрэгтэй байсан юм” гэдэг хариултыг өглөө. Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Мэтгэлцээнд оролцоно” гэдэг товчхон хариултыг өглөө. “Монгол ялна” хэмээн уриалж буй Х.Баттулга, “Эвтэй Монгол ээлтэй төр” уриатай М.Энхболд, “Бидэнд итгэ. Өөр гарц байна” хэмээн уриалж 18 хоног давхисан С.Ганбаатар нарын үзэл бодлыг сонсож, сонголтоо хийж амжаагүй олон сонгогчид ирэх даваа гаригт хэний нэрийг дугуйлахаа сонгох хамгийн том боломж өнөөдөр тохиох гэж байна.
Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудын жишигт ч мэтгэлцээн байсан. 1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас (одоогийн МАН) нэр дэвшигч, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв, Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан Пунсалмаагийн Очирбат нар мэтгэлцэж байв. Нэр дэвшигч Л.Түдэв “Ингэнэ, тэгнэ, тэг” хэмээн захирангуй байдлаар мэтгэлцээнд оролцсон нь өөртөө хасах оноо авсан гэдгийг одоо ч ярьдаг. Харин АН-аас нэр дэвшсэн П.Очирбат сэтгүүлчийн асуултад эвтэйхэн хариулж ТВ-ийн эфир дүүрэн инээсээр байгаад сонгогдож байлаа. Ард түмэн саналаа өгөхдөө “Түдэв чинь хатуу чанга, захирангуй хүн байна. Загнасаар байгаад таарлаа. Харин Очирбат чинь нүд дүүрэн инээсэн хүн байна. Нүүрний буянтайд өгнөө” гээд санал эргэж байсан удаатай.
Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд лектор, лидер гэдгээ харуулан МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал нараас илүү гэдгээ баталсан. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд сэтгүүлчийн асуусан эхний хэдэн асуултад хариулахдаа заасан цагт багтааж хариултаа өгөөгүй нь өөрийг нь балласан гэхэд болно. Хариултаа цагтаа багтаагаагүй юм чинь сүүлийн хэдэн асуултдаа хариулахдаа тун товч хариулсан нь ТВ үзэж буй сонгогчод таалагдаагүй. Харин Н.Удвал өөрт оногдсон үүргээ биелүүлж чадсанаар өөрт авах саналын тоогоо нэмсэн хэмээн яригддаг. Тэгвэл өнөөдөр Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нар хэрхэн мэтгэлцэхийг МҮОНТВ-ээр 21 цагт харах л үлдлээ. Уг нь Монголын телевизүүдийн холбооныхны мэдэгдсэн шиг хэд хэдэн удаа мэтгэлцэж, 10 гаруй телевизээр мэтгэлцээнээ шууд дамжуулаад явсан бол өнөөдрийн даваа илүү хөнгөн байх боломжтой байсан юм.
Э.ЭНХ