Categories
мэдээ соёл-урлаг

“Туурайн төвөргөөн 2017” хөгжмийн наадам “Үлэмжийн чанар” дуугаар эхлэв

ЗурагДэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017″ шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын их наадам өнөөдөр Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд нээлтээ хийлээ.

Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулж буй тус наадамд оролцохоор ХБНГУ, АНУ, Франц, Швейцари зэрэг 20 гаруй орноос төлөөлөгч иржээ. Наадамд оролцогчид Улаанбаатар-Өвөрхангай Хархорин-Сайншанд Хамрын хийд зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал концерт аялан тоглолт хийх юм.

Тус наадмын нээлт ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг монгол эх орон даяар болон дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт буюу өнөөдөр 12.00 цагт хуучны ая дангаар нь дуулснаар эхлэв. Ийнхүү монголчууд даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

1999 оноос хойш манай улсад жил бүр зохион байгуулж буй уг наадам эх орноо гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нэр хүнд бүхий наадам болж чадсаныг зохион байгуулагчид онцолж байна. Энэ хугацаанд дэлхийн 100 орны 1500 гаруй хөгжимчин, уран бүтээлчийг наадамдаа урьж оролцуулжээ.

Наадмыг зохион байгуулагч С.Бадамхорол хэлэхдээ, “Дэлхийн онцгой сонин, давтагдашгүй 50 аяллыг шалгаруулахад “Туурайн төвөргөөн” багтсан. Энэ жагсаалтад далайн гүнд буй “Титаник” хөлгийг үзэж, өрөө тасалгаанд нь тухлах, Лхаст очиж Далай ламтай өглөөний цай ууж, ярилцах, Английн хатан хаантай зэрэгцэн сууж морины уралдаан үзэх зэрэг өндөр үнэтэй, хүссэн бүхэн оролцох боломжгүй аяллуудыг нэрлэсэн юм билээ. Энэ наадмын оролцогчид Монголын үзэсгэлэнт байгалиар аялахын зэрэгцээ Монголын сор болсон уран бүтээлчид, дэлхийн орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн тоглолтыг үзэж, нүүдэлчдийн өвөрмөц соёл, зан үйлтэй танилцдаг тул дэлхийн шилдэг аяллаар шалгарсан. Байгалийн сонин содон тогтоцтой, үзэсгэлэнтэй газарт уран бүтээлчид тоглолтын танхимд тоглосноос илүү сэтгэл хөдлөлтэй, эрх чөлөөтэй болдог. Тиймээс гайхамшигтай энерги ялгардаг. Манайх шиг менежментээр арга хэмжээ зохион байгуулъя, “Туурайн төвөргөөн” наадмын нэрийг ашиглая гэх хүсэлт олон ирдэг. Бидний хийж байгаа ажил дэлхийн сонорт хүрч, эх орныхоо нэрийг дуудуулж байгаад бахархдаг” гэв.

Энэ үеэр Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц айлдвар сургаалиа айлдсан бол лам хуврагууд Хүслийн 5 Тахил, уртын дуучид ая дуугаа өргөлөө.

Мөн “Шилмэл загвар” салоны хамт олон Бурхадын өмсгөл загваруудаа танилцуулж, профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшгийг эгшиглүүлсэн юм.

Ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх тус наадамд оролцогчид маргааш Хархорин хотыг зорих аж.

Дашрамд сонирхуулахад, хүн төрөлхтний урлагийн хамгийн алдартай 50 урлагийн тур тоглолтын нэг болсон уг наадмаас санаа авч Киргизстан, Тайланд, Камбожи зэрэг оронд ижил төстэй наадам зохион байгуулдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *