Categories
мэдээ цаг-үе

Таван толгой тэргүүтэй төслүүд сонгуулийн дараа хөдөлж, эдийн засаг сэргэнэ

“Өдрийн сонин”-ы 2017.06.14-ний Лхагва гаригийн №133(5700) дугаараас авч нийтлэв.

Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж буй энэ өдрүүдэд эдийн засагт гэгээтэй мэдээ дуулдахгүй байна. Шинэ Ерөнхийлөгч ямар нам хүчнээс гарах вэ гэдэг асуулт хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэсэн учраас арга ч үгүй. Сонгууль өнгөртөл тэр энэ гэж онцлохоор том шийдвэрүүд хэтээсээ гарахгүй. Харин сонгуулийн дараа томоохон төслүүд хөдөлж, эдийн засагт гэгээтэй мэдээ дуулдаж эхэлнэ гэдэг нь эргэлзээгүй. Засгийн эрхийг барьж буй нам үнэмлэхүй олонхи учраас хэн төрийн тэргүүн болохоос үл хамаараад төслүүд хөдөлж эхлэх нь тов тодорхой зүйл.

Тэр дундаа уул уурхайн салбарт ашиг өгөөжтэй төслүүд олноороо хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлт байна. Шинэ засаг бүрдсний дараахнаас хэлэлцээгээ үргэлжлүүлсэн төсөл бол Таван толгой. Хятадын “Шинхуа” коксжих нүүрсний их нөөцтэй энэ аварга орд дээр хамтрах сонирхлоо аль эртнээс илэрхийлсэн компани. Монголын Засгийн газар “Шинхуа”-д хоёр дахь удаагаа хамтрах санал тавихад мөн л толгой дохисон. Дотоодоос Ухаа худагт олборлолт явуулж буй “Энержи ресурс” хэлэлцээрт оролцогчдын нэг байсаар ирсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тэдэнд урилга хүргүүлснээс харахад энэ удаагийн хэлэлцээрт ч голлох үүрэгтэй оролцох нь тодорхой байна. Төмөр зам гэсэн том мөнгө шаардсан төсөл учраас “Шинхуа”-н мөнгө хэрэгтэй. Нүүрсээ угааж баяжуулж, үнэ хүргэж зарах ёстой болохоор өөрийн гэсэн үйлдвэртэй, урд хөршийн нүүрсний зах зээлд тоглоод сурчихсан “Энержи ресурс”-ийн оролцоо чухал. Ц.Дашдорж сайд тэднийг ийм шалтгаанаар хэлэлцээрт урьж, Таван толгойн төслийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Таван толгойн хэлэлцээр тойрсон мэдээлэл сонгуулийн өмнөхнөөс нам жим болсон. Сонгуулийн дараа гэсэн том шалтгаан энэ төслийн тээг болсон гэсэн үг. Тэгэхээр төрийн тэргүүний нэр тодрохтой зэрэгцэн хэлэлцээр нь эрчимжиж, хэзээ мөдгүй хэрэгжих төсөл бол Тавантолгой.

Бүтээн байгуулалт нь хэзээний эхэлсэн МАК-ийн “Цагаан суварга” төслийн хэрэгжилт эрчимжих болов уу. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан болохоор дэлхийгээс мөнгө босгож, Цагаан суварга гэх мэт төслүүдээ урагшлуулах өндөр боломж бий. Эрдэнэт, Оюу толгойн зэрэгцээ Цагаан суварга ажиллаад эхэлбэл манай улс зэсийн баяжмалын экспортоосоо дажгүй мөнгө олоод эхэлнэ.

“Алт-2” хөтөлбөрт засаг онцгой анхаарч байгаа. Сонгуулийн дараахнаас Засгийн газар энэ хөтөлбөр рүү хараагаа хандуулж таарна. Эхлээд хийх том ажил Гацуурт байх болов уу. Парламент дамжин гацаж буй энэ төсөл “Алт-2”-ын хүрээнд гацаанаас гарчих байх. Алтны компаниудад засгаас санхүүжилтээр дэм болвол нөөцөө ахиулах, олборлолтоо нэмэх асуудал биш Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон онцолдог. Тэгэхээр хөрөнгө санхүүгийн багахан дэмжлэг байхад Төв банкинд тушаах алтны хэмжээ огцом нэмэгдээд ирнэ. Тэр хэрээр валютын нөөц зузаарна гэсэн үг.

Хайгуулын салбарт “Эрдэнэ ресурс”, “Занаду майнс” гэх мэт олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хэрэгжүүлж буй томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Хайгуулын лиценз дээр либериал бодлого хэрэгжиж эхэлсэн болохоор төрийн тэргүүний сонгуулийн дараа хайгуулын салбарын хөрөнгө оруулалт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий.

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл сонгуулийн дараахнаас эрчимжих болов уу гэсэн таамаг шинжээчдэд байна. Ерөнхий сайдын Санкт-Петербургээс ирэхдээ бүтээсэн том гэж хэлж болохоор цөөхөн ажлын нэг нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Тувагийн нүүрсийг зөөх төмөр зам дээр толгой дохисныхоо шанд Эгийг хөдөлгөх тохироо хийсэн болов уу гэсэн таамаг бий. Энэ таамгийг үнэн болохыг баталсан нэгэн шийдвэр Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр гарсан юм. Хоёр тал ажлын хэсэг гаргаж, эрдэмтдээрээ судлуулъя энээ тэрээ болсон. Судлуулах юу байхав, хойд хөршийн эрдэмтэд Эгийн станц Байгаль нуурт эерэг нөлөөтэй гэдгийг тоо баримттай нь тогтоочихсон болохоор өнгөн хэсэгтээ л өрнөж буй жүжиг. Тэгэхээр эрчим хүчний системд тохируулгын үүрэг гүйцэтгэх Эгийн голын усан цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжих нь бараг л тодорхой болсон. Эгийн голын усан цахилгаан станц ажиллаад эхэлвэл хойд хөршөөс цахилгаан худалдаж авдаг 28 -30 сая ам.доллар дотоодын зах зээлд эргэлдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *