МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-“Ээж” хэмээх сайхан нэртэй эсээ тэмдэглэлийн номын баяраа саяхан хийсэн байсан. Ямаршуухан болов?
-Эзэн хүний хувьд сайхан боллоо л гэж хэлнэ. Ирсэн гийчид л харин ямархуу болсныг хэлэх байх. Нээлтийн урьд өдөр ирэх хүний тоо 300 хүрч байсан. Тийм учраас хүнээ хоёр хуваасан. Тэр өдөр миний орчлонд ирсэн өдөр тохиосон тул хамгийн ойр дотны бөгөөд үе тэнгийн ёстой үхэр, хонь жилтнүүдтэйгээ орой нь цугтаа тэмдэглэж, номын нээлтээ мялаахыг хүсч “Аз хур” их дэлгүүрт уриагүй. Номын нээлтийн хамгийн хүндтэй, том зочин Дорноговь аймгийн Мандах сумын Шавартын зуслангаас өртөөлөн давхиж ирсэн ээж минь байлаа. Баярыг хамтдаа хуваалцахаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн бүрэн бүрэлдхүүнээрээ ирлээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг эгч маань хүрэлцэн ирлээ. Язгуур урлагийн дэлхийн гурван удаагийн аварга “Домог” хамтлаг нээж, хуур татлаа. Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир тэргүүтэй үе, үеийн найрагчид байлаа. Монголын зохиолчдын эвлэл болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага төлөөллүүд баяр хүргэж ирлээ. “ТВ-9” телевизэд нэгэн цагт хамт ажиллаж байсан хамт олон минь телевизийн нэвтрүүлэгчдийг урьж, номын хэсгүүдээс уншиж, ирсэн гийчдийн сонорыг мялаасан. “Монголын хутагт хувилгаад” баримтат кино төслийн багийнхан маань бүхий л цаг мөчид хамт байлаа. Дунд сургуулийн, их сургуулийн, төгсөлтийн, хамрагдаж ажиллаж амьдардаг клубын гээд олон нөхөд ирсэн дээ. Охин дүү минь ард талыг бүрэн хариуцаж, ирсэн гийчдэд сүү барьсан.
-Ээж гэдэг энгүй ачлалт хүний тухай сайхан яриа өрнүүлээч?
-Миний ээжийг Д.Баяртогоо гэдэг. Эгэл жирийн малчин монгол эмэгтэй. Ээж маань намайг тээж төрүүлэн, тэтгэж өсгөн өдий зэрэгтэй хүн болголоо. Энэ орчлонд ээж минь намайг ухаан саруул, итгэл дүүрэн, авьяас билэг харамгүй, царай зүс тэгш, бие хаа бүрэн бүтэн төрүүлсэн нь л хангалттай. Тэвэрч бүүвэйлэн уянгатай болгож, ангир уургаа шимүүлж уяхан зөөлхөн хүн болгож хүмүүжүүлсэн нь бүүр ч хангалттай. Би дутуу зүйлгүй, хайр дүүрэн өссөн. Болно оо, болно. Үүнээс илүүг ээжээсээ хүсч яах юм бэ. Тийм байхад би болж бүтэхгүйгээ хэлж, сэтгэлийг нь урж, нойрыг нь барж яах билээ. Ээжийгээ хайрлана гэдэг ээждээ багахан төвөг удахыг хэлнэ. Түүнээс алт мөнгөөр чимэх, хоргой дурдангаар бүрэх, амтат чихрээр дайлах биш юм. Санааг нь л амар амгалан байлга. Өөр их зүйл хэрэггүй дээ гэж боддог. Энэ тухай “Ээж” номонд минь бий.
-Номонд тань мэдээж ээжийн тухай бичсэн нь лавтай. Ээж чинь өөрийн чинь хувьд хэн бэ?
-Ээж бол миний хүн болох сурах бичиг байлаа. Харин одоо бол ээжийгээ багахан зовоосой, урт наслаасай гэж боддог болсон. Ээж ээ гэдэг маани тарни шиг үгийг олон жил хэлж байх юм шүү гэж боддог доо.
-Ээжээсээ төсөөлөн бодох чадварыг өвлөн авсан гэсэн. Онцгой дөрвөн үсгийг хүртэл ээжийнхээ адилтган ярьдагтай адил нүдэлж байсан гэл үү?
-Би түрүүн хэлсэн шүү дээ. Ээж бол миний хүн болох сурах бичиг байлаа гэж. Жаахан байхад надад ээжээс өөр сайхан зүйл байдаггүй байлаа. Ээж, аав хоёр хамгийн мундаг нь байв шүү дээ. Манай эцэг, эх хоёр хоёулаа их шооч, ёжтой улс л даа. Эцэг, эхийн тэр чанар надад нэлээн дөнгүүр байсан юм шиг байгаа юм. Үсгийг яалт ч үгүй л төсөөлөн цээжилдэг байв. Яахаараа ч сум нэгдлийн тракторын жолооч Буянхишиг гэдэг улаан хүнийг Щ, сумын төвийн өвсний фондын урт саарал агуулахыг Ф төсөөлдөг байсан юм, мэдэхгүй. Одоо эргээд бодохоор энэ чанар яалт ч үгүй ээжтэй л холбоотой. Ээж малд яваад ирэхдээ баахан өнгийн чулуу өвөртөлж ирнэ. Тэгээд тэднийгээ бидэнд тайлбарлана. Сайн хар, энэ тэрэнтэй адилхан байгаа биз гээд л. Ингэх бүрт миний сонирхол улам асдаг байж билээ. Тэгээд л ээжээсээ түрүүлж элдвийг олоод харчих санаатай, олоод хэлчих бодолтой болсон доо. Ингэж л төсөөлөн бодох ур сууж эхэлсэн юм уу даа.
-Хөдөө говийн охин ээжийнхээ ачийг хариулж чадаж байна уу?
-Ёстой үгүй. Ээжийн ачийг хариулна гэдэг дааж давшгүй мэт санагддаг. Харин ээжийнхээ санаа сэтгэлийн багахан шиг чилээхийг л ээжийгээ хүндэтгэн хайрлаж байгаагийн дээд гэж ойлгодог. Би ээжийгээ бас ч гэж баярлуулаад байдаг юм. Тэр болгонд сэтгэлийнх нь зовиур нимгэрдэг болов уу гэж бодож байна. Гэхдээ ээж маань дөрвөн хүүхдийнхээ араас “хүүе хайя” гэж чимээ тавин байдаг нь магад ч үгүй өөрт нь байдаг хамгийн том аз жаргал ч байж мэдэх юм. Би ирэх нэгэн цагт ээж болно. Тэр л үед өөрийн үр хүүхдүүдийг зөв зүйтэй хүмүүс болгон өсгөж чадваас ээжийн минь намайг төрүүлж өсгөсний хэрэг бүтэх биз ээ.
-Сая номын чинь баяраар ээж чинь хаа байсан хөдөөнөөс зорин ирлээ гэв үү?
-Тэгсээн. Давхиад ирсэн. Өөрийн 85 настай ижийгээ айлын хүнд гуйж даатгаад, охиноо зориод л ирлээ. Ээж бид хоёр тэр өдөр номоо нээснээс гадна би хүн болсныхоо баярыг, ээж маань ээж болсныхоо баярыг хамтдаа тэмдэглэсэн юм. Ээж бид хоёр эх үр болж, нэгэн жаргалтай гэр бүлийг бүтээснийхээ баярыг анх удаа хамтдаа тэмдэглэж үзлээ. Би багадаа төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй. Оюутан болсноосоо хойш л нарт хорвоод ирсэн өдрөөрөө найз нөхдийн хамт хөгжилдөн баясдаг болсон. Харин нөгөөдрийнх нь ургах нарнаар ээжийгээ хүргэж өгөхөөр би нутгаа зорин давхисан даа. Ээжийгээ хүргэж өгчихөөд, төрөлх нутаг Мандах сумынхаа тайзан дээр нэг цаг гучин минут шүлэг уншчихаад ирлээ. Би шинэ ном гаргах бүртээ нутагтаа очиж шүлэг уншдаг юм. Тэгээд л ёсоо гүйцээчихээд ирлээ.
-Ээжийн охин тэгээд одоо хэдэн ном хэвлүүлчихэв?
-“Ээж” миний дөрөв дэх ном. Анх 2004 онд “Нэрийн хуудас”, 2007 онд “Chuka”, 2010 онд “Амраг нандин” хайрын шүлгийн түүвэр хэвлүүлж байлаа. Мөн 2011 онд “Тунгалаг дарсны эгшиг” яруу найргийн цомог хийсэн юм байна.
-Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулахад ээж нь баяр хүргэв үү?
-Ээж надаас илүү баярласан байх. “Ээж ээ, би өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнуулж байгаа гэнэ. Одоо Төрийн ордон руу орж байна” гэтэл ээж нэг их сонин дуугараад л дуугүй болчихсон. “Яав аа, ээж” гэтэл “Миний охин залуухан байна даа” гэсэн. “Та дургүй байна уу. Тэгвэл би очиж авахаа больчих уу” гэж асуутал “Юу ярьж байгаа юм бэ. Төрийн хишгийг тэгж болохгүй. Ээж нь баярлаад, тулгамдаад юм хэлж чадахгүй нь ээ” л гэсэн. Ээж маань уран гоё үг хэлье гэвэл хэлэх л эмэгтэй. Гэхдээ ээж намайг хэзээ ч магтаж үзээгүй юм шүү. Охиноороо гайхуулж, онгирч, даналзаж мэдэхгүй. Дотроо л хурайлж охиндоо ирэх сайн, муу бүгдээс хаацайлж хамгаалан байдаг эгэл монгол ээж.. Ээжид надаас том шагнал, надаас том аз жаргал, баяр баясгалан гэж байхгүй биз ээ.
-Эх үрсийн баяр болж өнгөрлөө. Хүүхэд ахуй насандаа энэ баярыг хэрхэн тэмдэглэж байв?
-Би тэмээчний охин. Сургууль тарангуут маргааш хүүхдийн баяр болох байсан ч хамаагүй гэр өөдөө зүтгэдэг хүүхэд байлаа. Энэхүү эрхэм нандин баярыг наймдугаар анги төгсдөг жилээ сумын цэцэрлэгийн хүүхдийн концерт үзэн тэмдэглэж байлаа. Тэгэхээр 15 настайдаа л анх хүүхдийн баяр тэмдэглэж байж дээ. Дараа нь оюутан болсон хойноо найз П.Энхмэндтэйгээ цуг хүүхдийн паркаар зугаалж баярлав. Хоёулаа “хөдөөний хөөсөн мантуу”. Хүүхдийн парк гэж мэдэхгүй. Хүний ярианаас л сонсч байсан өнөөх хорхой асам гоё газар руу хоёул жигтэйхэн гоёж аваад л явлаа. Зах замбараагүй тоос шороо, үүргийн худалдаа, дүүрэн хүн, хуушуур, пирожки юу юу ч байгаа юм бэ дээ, мэдэхгүй. Уг нь алсыг харагч дээр суучих санаатай. Даанч оочир дугаар нь тоо томшгүй. Сүүлдээ ч хоёулаа залхлаа. Модны сүүдэр дор гутлаа тайлчихаад л баахан суулаа. Тэгээд явах гэтэл манай найзын гутал алга болчихсон байв. Хоёулаа баахан эрэвч олсонгүй. Аль хэдийнэ “эзэн” нь ирээд аваад явчихгүй юу. Эрүү ам нь мултарчих шахам энд тэндхийн сонин сайханд нүд унагаж суусан хөдөөний хоёр охины анхаарлыг сатааруулах амар байсан биз. Ядаж тэрхүү ганган лакан ботинкийг урд өдөр нь “Нарантуул” захаас шилж сонгож байж авсныг хэлэх үү. Парк руу орохдоо тун чиг ад үзэж байсан өнөөх үүргийн худалдаанаас эрэгтэй хүний углааш авч өмсөн байрандаа ирж байлаа. Хүүхдийн баяр гэхээр ийм л зүйл санаанд бууж байна даа. (инээв).