“Өдрийн сонин”-ы 2017.06.09-ний Баасан гаригийн №130 (5697) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-Өчигдөр баталсан УИХ-ын тогтоолд яг юу гэж заасан бэ?
-Монголбанкинд үүссэн алдагдал, хохирлыг Төв банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар барагдуулах арга хэмжээ авахыг Монголбанкны Ерөнхийлөгчид, хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдэд гэрээнд заасан хариуцлага тооцохыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасан. Хуулийн байгууллага шалгаж, бодитой хохирлыг нь тогтоосон тохиолдолд түүнийг барагдуулах тухай асуудал яригдана шүү дээ. Тогтоогдохгүй бол Баяртсайхан ерөнхийлөгч хохирлыг нь яаж барагдуулж, өгсөн үүргийг биелүүлэх юм, утгагүй зүйл. Арилжааны банк өөрөө гэрээ байгуулаад аж ахуйн нэгжид олгосон гэрээг цуцалж, хариуцлага хүлээлгэх асуудал Иргэний хуулийн дагуу банкны нэхэмжлэлээр шүүх шийднэ. Ерөнхий сайдад ямар ч хүртээлгүй ажил л даа. Ийм юмыг мэдсээр байж даалгаж, Их хурал шийдвэр гаргаж байгаа нь бухимдал төрүүлж байна. Улс төржихөд учир баймаар байна.
Энэ жишгээр одоо цаашид валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж арилжааны банкуудаас валют худалдах, худалдан авах гэрээ хийснээс ханшийн зөрүү үүсэхэд л алдагдал хохирол, мөнгөний нийлүүлэлтээ хянах гэж үнэт цаас гаргаж, хүү төлөхөд алдагдал гэж үзэх болж байна. 3.1 их наяд төгрөг чинь нягтлан бодох бүртгэлийн хувьд л тайлан тэнцэлдээ үзүүлэхдээ ханш өсөх буурах тохиолдолд учирч болзошгүй алдагдал өнөөдөртөө үзэж, бүртгэдэг. Гэтэл алдагдал гээд Ерөнхийлөгчийг нь албан тушаалын хэргээр шалгуулдаг жишгийг тогтоолоо л доо. Одоо ийм нөхцөлд жишээлбэл, Н.Баяртсайхан ерөнхийлөгч шоронд явчихгүйн тулд зардал гаргахгүй байхаа л бодохоос нөөцөө зохицуулж, ханшаа тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, инфляцыг хянаж, мөнгөний нийлүүлэлтдээ санаа зовох уу. Хүнд нь дургүйцэхдээ институцыг нь байхгүй болгож болохгүй.
-УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийсэн. Тэд дүгнэлтдээ өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк маш их алдагдалтай ажилласан, буруу бодлого хэрэгжүүлсэн гэсэн байна лээ?
-Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилээр тасалж, асуудалд хандаж байгаа эдийн засагт учраад байгаа өнөөдрийн хямралын жинхэнэ бодит шалтгааныг харахыг хүсэхгүй байна. Намуудын бодлого, үзэл баримтлал өөр өөр. Мэдээж сонгуулийн үед үүнийгээ ярьж, эрх авбал түүнээ хэрэгжүүлнэ. Алдаатай бол ард түмэн дүнг нь тавиад сонгохгүй.
АН-ын үед хэрэгжүүлсэн бодлого ямар нэгэн байдлаар алдаатай байна гэж үзээд иргэд МАН-ыг сонгосон. Одоо засаад явах нь эрх барьж байгаа намын үүрэг. Цөөнхи бид саналаа л хэлнэ. Буруу бол шүүмжилнэ. Парламентын засаглалын мөн чанар нь ийм л юм. АН-ын хувьд тухайн үед Валютын сангийн хөтөлбөрт хамрагдалгүй өөрийн төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгаа хямрал үүсгэхчихгүй аваад явъя гэж оролдсон. Гурван жилийн хугацаанд бонд ч босгоод, Төв банктайгаа хамтарч Засгийн газар нь хэд хэдэн хөтөлбөрүүд хэрэгжүүлээд янз бүрээр оролдсон. Үр дүнд нь төгрөгийн ханш өнгөрсөн найман сард болсон шиг 500-600 төгрөгөөр огцом өсөөгүй, 33-44 хувиар өсч байсан махны үнэ тогтворжсон, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт буюу бидний ярьж заншсан инфляци 2012 онд байсан 14 хувиасаа буурч 1-2 хувьтай, гурван жилийн дотор 60 мянган өрх, 240 гаруй мянган иргэнийг орон сууцтай болгосон. Нэг үгээр хэлбэл ард иргэддээ татвар нэмж, ачаа үүрүүлээгүй, өргөн хэрэглээнийх нь барааны үнийг огцом ихээр нэмэгдүүлээгүй.
Энэ бүхний өртөг зардлыг Төв банк нь хариуцаад үйл ажиллагааны зардал болгоод явсан. Ажлын хэсгийн хэлж байгаагаар бол төрд учруулсан бодит хохирол болж харагдаж байгаа. Хамгийн гол нь Төв банкийг ийм бодлого явуулахад хүргэсэн улсын төлбөрийн тэнцлийн хямрал даамжирч эдийн засгаа бүхэлд нь сүйрүүлчихээгүй. Энгийн үгээр хэлбэл, 2008-2012 оны хооронд эдийн засаг хамгийн их өсөлттэй 17 хувьтай, гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларт хүрч, уул уурхайн бүтээгдэхүүний орлого төсвийн зардлыг 2-3 дахин нэмэгдүүлж тансаглаж байх үедээ улсдаа ч, иргэддээ хуримтлал үүсгээгүйгээс нүүрс зэсний үнэ унахад валютын орж ирдэг урсгалын 90 хувь тасарч, зөвхөн уул уурхайд орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт 3-18-хан сарын дотор 386 сая ам.доллар болтлоо буурснаас Монголбанкны тэнцэлд 6.5 тэрбум ам.долларын хоосон орон зай үүссэнээс улбаалж, Монголбанк эдийн засагтаа мөнгө нийлүүлэхээс аргагүй байдалд орсныг төр өөрөө мартаж болохгүй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, аж үйлдвэрийн салбарууд гээд валют олдог олон салбартай, салбар бүрт нь гадаадын хөрөнгө оруулагчид байсан бол зөвхөн уул уурхайн салбар доргиход эдийн засаг нь бүхэлдээ ингэж сөхрөхгүй шүү дээ. Тиймээс өнөөдрийн хямралын шалтгааны ойрхон, дөрвөн жилийн хугацаан дахь үйл явдлаас бус холоос харж, шалтгаанаа тодорхойлбол дахин ийм байдалд орохгүй. Тиймээс энэ Засгийн газар одоо төсөв, мөнгөний хамгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх түүхэн үүргийг хүлээсэн хамгийн хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ л ухаарч, урагшаа харж мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатай.
-Тэгж чадах болов уу?
Их л бүрхэг байна. 5.5 их наяд мөнгө гэдэг Чингис бондноос гурав дахин их мөнгө. Үүнийг юунд, яаж зарцуулахаас, нөөц, ордуудаа яаж ашиглахаас хамаарна.
-Буруу бодлогын буруутнаар тэр үед Ардчилсан нам эрх барьж Н.Золжаргал Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон болохоор буруутаад байна гэж харагдаж байна?
– Тийм байна. Тийм учраас л бодит шалтгаанаа харж чадахгүй байна. Н.Золжаргал гэдэг хүн УИХ-аас жил бүр баталж өгсөн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг нь л хэрэгжүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд гарсан алдаа зөрчилүүд тэр хүнд хамааралтай ч юм байна, огт хамааралгүй ч юм байна лээ. Хамааралтайг нь зөв ялгаж дүгнэж, хариуцлагыг нь хүлээлгэе, сонгуульд зориулж, ул суурьгүй хандаж болохгүй л гэдэг байрь суурийг илэрхийлээд байгаа юм.
-Алдагдал үүссэн бас нэг шалтгаан нь аж ахуйн нэгжүүдэд зээл олгосноос болсон гээд байгаа. Монголбанк аж ахуйн нэгжүүдэд зээл олгодог юм уу?
-Аж ахуйн нэгжүүдэд нэг ч зээл олгоогүй гэдгийг Монголбанкныхан хэлж байгаа.
-Тэгвэл ямар зээлийг хэлээд байгаа юм бол?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын холбогдох яамд арилжааны банк, Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаас олгосон зээл. Төвбанк Засгийн газраас гаргасан үнэт цаасыг худалдан авч, санхүүжүүлсэн болохоор тэгж ойлгоод байгаа юм.
Үнэ тогтворжуулах, валютын нөөц нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монголбанк Алт хөтөлбөр, Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр, Атрын гуравдугаар аян гээд олон хөтөлбөрүүдийн өмнөх Ерөнхийлөгч нарын үед ч хэрэгжүүлж, Засгийн газрын үнэт цаасыг санхүүжүүлж, нөөц багассан зарим үед алтны компаниудад авлага үүсгэж, санхүүжилт өгөх шаардлага ч гардаг л байсан. Энэ төрлийн санхүүжилтыг Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон заалттай адилтган үзэж, хуулиар хориглосон ажиллагаа явуулсан гэж хуулийн заалтыг агуулгаар нь биш шууд махчилж, төсөөтэй ойлгон хэрэглэж буруутгах нь учир дутагдалтай. Бодлогын арга хэмжээ, бизнесийн зээл олгох ажиллагаа хоёр зорилго, нөхцөл, хэлбэрийн хувьд тэс өөр зү. Цаашид үүнтэй холбоотой Төв банкны хуулинд тодорхой зохицуулалт нэмэх шаардлага байгаа нь харагдаж байна.