Categories
мэдээ цаг-үе

Тува руу яаран сандран төмөр замаар холбогдохын цаад учир юу байна аа?

“Өдрийн сонин”-ы 2017.06.06-ны Мягмар гаригийн №126(5693) дугаараас авч нийтлэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаныхан ОХУ-ын Санктпетербург хотноо болсон олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирлээ. Эдийн засгийн хувьд ашигтай шийдвэрүүд олноороо гарлаа гэсэн мэдээллүүд хөвөрч байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэсэн мэдээнд уулзалтын үеэр гаргасан шийдвэрүүдийг нэг бүрчлэн жагсаасан харагдсан. Малын вакцин нийлүүлэх, Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтыг нь өөрчилж боловсруулах үйлдвэрт зарцуулах гэх мэт ашигтай шийдвэрүүд цөөнгүй харагдсаныг үгүйсгэхгүй. Махны экспортоос давсан, эдийн засагт жин дарах нөлөө үзүүлэхээр том шийдэл юу билээ гээд анзаарахаар харин эргэлзээ төрүүлсэн шийдвэр лав л нэг байна.

Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болж. Тува руу яаран төмөр замаар холбогдохын цаад учир юунд байгаа юм бол гэсэн асуултад хариу хайя. Уг нь эдийн засгийн харилцаа их энгийн. Харилцан ашигтай байхыг л эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэт албаны чухал үгээр тодотгодог. Тэгэхээр Тувагаас Хятад хүрэх төмөр зам бидэнд хэр ашигтай юм бэ гэдэг зүй ёсны л асуулт. Харилцан ашигтай байх зарчмын дагуу бидэнд ингэж асуух эрх бий.

Манай улстай 1300 гаруй км газраар хиллэдэг Тува коксжих нүүрсний нөөцөөр арвин олон ордтой. ОХУ-ын гол зах зээлээс алслагдсан, дэд бүтэцгүй гэсэн зовлон бий. Ийм шалтгаанаар эрчим хүчний болон коксжих нүүрсээ үнэд хүргэж зарж чаддаггүй. Оросын төв хэсэг буюу үйлдвэржсэн бүсэд нүүрсээ хүргэж, Хятад болон Азийн зах зээл рүү дажгүй үнээр зарахын хүслэн болсон газар. Товчхондоо тэдний цорын ганц толгойны өвчин нь төмөр зам. Төмөр зам барьчихвал нүүрсний том ордуудаасаа овоохон мөнгө олох шиг амар зүйл хаана байхав. Сүүлийн хоёр, гурван жил хойд хөршийн эдийн засаг тартагтаа тултлаа уруудсан болохоор их хөрөнгө зарах төслүүд нь урагш ахиагүй. Алс хязгаарын Тувагийн төмөр замын төслүүд ч ялгаагүй, унтаа хэвээр өнөөг хүрсэн.

Тувагийн Кызил хотын хавь ойр дахь нүүрсний олон ордоос заримыг нь онцолъё. 400 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй, нүүрсний нийт нөөц нь бараг тэрбум тонноор хэмжигддэг Элегестийн орд гэж бий. Элегестийн ордын нүүрсийг Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэгт нийлүүлэх алсын төлөвлөгөө хойд хөршид бий. Кызыл орчмын дараагийн онцлох орд бол Межегей. 765 сая тонн нүүрсний нөөцтэй. Улуг хэмийн ордын тухайд коксжих нүүрсний 630 сая тоннын нөөцтэй гэгддэг.

Оросын төв зах зээл рүү төмөр замаар холбогдож энэ ордуудын нүүрсийг үнэд хүргэх талаар идэвхийлэн ярьдаг ч нэлээд төвөгтэй, их хөрөнгө зарах төсөл учраас дээр дооргүй мөд ажил болохгүй гэцгээдэг. Үүнээс гадна манайхаар дамжуулж урд хөрш рүү нүүрс экспортлох гарц хэд хэдэн хувилбараар яригдсаар ирсэн.

Манай улс Тува шиг коксжих нүүрсний арвин нөөцтэй. Тэдэн шиг нүүрсээ Хятад гэдэг аварга зах зээл рүү үнэ хүргэж зарах чин хүсэлтэй. Нэгэн үе хойд хөршид улсаа төлөөлж Элчин сайд сууж байсан Л.Хангай хоёр жилийн өмнө “Тувагийн нүүрс манайтай өрсөлдөх үү” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байсан юм. Нийтлэлийн тухайд Тува бидний өрсөлдөгч биш, транзит тээвэр гэх мэтээс ашиг олох боломж бидэнд бий гэсэн санаагаар бичигдсэн байсан л даа. Тувагийн нүүрс шууд утгаараа манай нүүрсний зах зээлийн өрсөлдөгч биш гэдгийг үгүйсгэхгүй. Тэдний хэдэн зуун км газар тээвэрлэж хүргэсэн нүүрс өндөр өртөгтэй байх учраас бидний зарах нүүрсний үнийг унагах тоглолт хийхгүй гэх мэт бодитой тайлбарууд бий.

Гэхдээ тэд нүүрсээ урд хөрш рүү зарах зорилгоор төмөр зам тавих гэж байгаа нь үнэн. Энэ худалдаанаасаа асар их мөнгө олох нь бас үнэн. Харин бид Тувагаас Хятад хүрэх төмөр замаас оросуудын олох хэмжээний ашгийг хүртэж чадах уу гэдэг эргэлзээтэй. Бид Тува руу юу тээвэрлэж зарж мөнгө олох вэ? Хэзээ нэгэн цагт мал маань эрүүлжвэл багахан мах экспортлож магадгүй ч нүүрсний бизнестэй харьцуулшгүй хариугүй жижигхэн наймаа. Ардчилал эхэлсэн үеэс өнөөг хүртэл манайхаас орох бараанд өндөр татвар тавьж, гадаад худалдааны хувьд хүйтэн хөндий харьцсаар ирсэн улс гэнэтхэн найр тавьж мөнгө болох бүхнээ экспортол гэхгүй нь тодорхой. Ингээд бодохоор нүүрс зардаг шиг том худалдаа Тува манай хоёрын хооронд өрнөхгүй гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд транзит тээврээс л мөнгө олох боломж бий. Мэдээж нүүрс зарж олж байгаатай харьцуулах аргагүй бага мөнгө эдийн засагт орж ирнэ.

Тувагаас манай руу хил дамнасан төмөр замын чиглэлийн тухайд Кызыл-Улаангом-Ховд-Булган-Үрүмч, Кызыл-Мөрөн-Эрдэнэт-Үрүмч гэх мэт хувилбарууд яригдсаар ирж. Ерөнхий сайд тэргүүтэй албаныхны за зүй болоод ирсэн одоогийн маршрут нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт. Л.Хангайн нийтлэлд “Монголын тал улсын хил хүртлээ төмөр зам тавина гэвэл нүүрсний ордын хөрөнгө оруулагчид сонирхох нь дамжиггүй гэж Тувагийн Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол ярьж байна лээ. Манай Засгийн газар Эрдэнэтээс Овоот (өөрөөр хэлбэл Могойн голын нүүрсний орд) хүртэл 545 км төмөр замыг концессын нөхцөлөөр барих эрхийг өнгөрсөн жил нэгэн компанид олгох шийдвэр гаргаад байгаа. Цаашаагаа Арцсуурь буюу улсын хил хүртэл 225 км юм билээ. Хэрэв энэхүү 200 гаруй км зам барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх боломж байх юм бол Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн төмөр зам баригдах магадлал өндөр” гэсэн хэсэг бий. Эрдэнэт-Овоотын төмөр зам дээр засаг толгой дохичихсон. Тэгэхээр Арц суурь боомт руу төмөр зам тавьчихвал оросууд 2.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Улуг-Хэмийн сав газраасаа нүүрс тээвэрлэж Хятад руу дөт замаар экспортлох суваг нээгдэнэ гэсэн үг. Монголын нутгаар дамжуулан хязгаар нутгийнхаа нүүрсийг Хятадад зарах нь В.Путины хэзээний сонирхол. Энэ сонирхлоо Хятад, манай хоёрт илэрхийлсээр өнөөг хүрсэн. Тувагаас Хятад руу чиглэсэн төмөр зам гурван улсын “Эдийн засгийн коридор хөтөлбөр”-т тусгагдчихсан учраас саадгүй хэрэгжээд явахад эргэлзээд байх зүйлгүй. Товчхондоо Путины сонирхол саяын Санктпетербургийн уулзалтаар ажил боллоо.

Орос манайхаар дамжуулан нүүрсээ тээвэрлэж урд хөршид дажгүй үнээр зарах нь бидэнд ашиггүй гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Өмнө хэлсэнчлэн транзит тээврийн хөлс энэ тэр гээд чамлахааргүй мөнгийг эдийн засагт үлдээх нь үнэн. Дахин хэлэхэд тэднийг шууд өрсөлдөгчөө гэж харахад ч бас өрөөсгөл. Тува манай хоёр Хятад гэдэг аварга зах зээлийн өөр өөр хэсэгт нүүрсээ зарна, бид хэчнээн их нүүрс нийлүүлээд ч тэр том зах зээлийг хангаж барахгүй.

Гэхдээ тэднээс өмнө нүүрснээсээ их ашиг олох боломж байсаар атал бусдыг мөнгөжүүлэх төслийг яаран эхлүүлмээргүй байна. Таван толгойгоос Гашуунсухайт хүрэх төмөр замаа бариагүй, барих яриа хөөрөөгөө эхлүүлээ ч үгүй байж Тувагаас Хятад хүрэх төмөр замын ажлыг яаран сандран эхлүүлэхээр болсны цаад учир юунд байна аа? Хэний ямар эрх ашиг, сонирхол энэ бүгдийн цаана байгаа юм бол? Ингэж хардаж, эргэлзэх бүрэн үндэс бий. Уг нь эдийн засгийн том ашгаа бодвол эхлээд барих төмөр зам маань Гашуунсухайт руу чиглэмээр байгаа юм. Өнөөдөр Таван толгойн ордоос нүүрс ачсан машинууд хил гарах гэж 90 км-ын уртаас урт цуваа үүсгэж байна. Төмөр зам барьчихсан байсан бол өдийд бид нүүрсээ бага багаар нь гаргах гэж ингэж үйлээ эдлэхгүй. Үнэ нь дажгүй байгаа ийм үед их хэмжээгээр худалдаад эдийн засгаа босгоод ирэх байсан. Одоо бидэнд нүүрсээ үнэд хүргэх нэг л гарц бий. Хятадын хил рүү нарийн царигийн төмөр зам татчихвал танктай цэрэг орж ирнэ гэсэн үлгэр зохиож өөр зуураа маргахаа болиод Таван толгойнхоо коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замаа барья. Тувагаас Хятад хүрэх төмөр замын ажил эхлэхээс өмнө баримаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *