Засгийн газрын өнгөрсөн сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан билээ. Энэхүү шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжиийн хүчин чадлыг долоо дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг есөөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглах дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгажээ.
Ингэснээр бичил уурхайчдын бүтээмж, орлого, ажлын байр нэмэгдэж нийгмийн байдалд нь эерэг өөрчлөлт гарна. Түүнчлэн бичил уурхайчид хуулийн дагуу албан татвар төлөх нөхцөл бий болсноор нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээг авах боломжтой болно. Цаашлаад бичил уурхайчид нөхөрлөл, хоршооны зохион байгуулалт орж нэгдмэл ажиллах нь тэднийг “нинжа” гэж нэрлэдэг хувиараа ашигт малтмал олборлогчдоос ялгарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон давуу тал, боломж бүрдэж байгаа юм. Тиймээс Засгийн газраас гаргасан энэ шинэчилсэн журамд бичил уурхайчид талархалтай байгаа аж.
Д.САРУУЛ