Categories
мэдээ цаг-үе

Японоос ирсэн аварга робот “Скелетоникс”

Робот гэж юу байдгийг мэдэхгүй монгол хүн байхгүй байх. Хэдийгээр бидэнд танил хэдий ч өөрсдөө бүтээдэггүй болохоор дэргэдээс нь харсан хүн ховор. Харин өнгөрсөн хүүхдийн баяраар гурван метртэй робот үзүүлэн тоглолт хийж олны анхаарлыг татав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гурван метр өндөр робот яг л хүн шиг янз бүрийн үйлдэл хийж байна гэдгийг дуулаад яваад очлоо. Хүүхдүүд төдийгүй томчууд тойрч зогсоод үйлдэл бүрийг нь гайхашран сонирхож байна. Роботон дотор хүн орчихсон ажиллуулах ажээ. Нэг ёсондоо робот хүн хоёр хоршчихож. Робот өөрөө дотроо ямар ч хүнийг багтаах хэмжээтэй болохоор хүссэн хүн бүр орж болно. Дотор нь байгаа хүн хөл, гарынхаа хөдөлгөөнийг роботтой холбочихдог болохоор хүссэн үйлдлээ хийх боломжтой ажээ.

Үзүүлбэрийг сонирхохоор ирсэн хүмүүстэй гар барьж мэндчилэхээс авахуулаад үзэгчдийн хөгжөөн даллах, цай хоол авч өгөх гээд янз бүрийн үйлдэл хийж байв. Энэхүү роботыг хүүхдийн баяр болон “КООСЭН-технологийн баяр”-т зориулж Японоос авчирчээ. Зохион бүтээгч Ака Томохиро өөрийн биеэр манайд хүрч ирж бүтээлээ сонирхуулж байгаа юм байна. Тэрээр роботынхоо талаар “Монгол хүүхдүүд инженерийн сэтгэлгээ сайтай гэж дуулсан. Тиймээс баярынх нь өдөр олон хүүхдэд роботоо танилцуулж зохион бүтээх их хүслийг нь өдөөх гэсэн юм. Миний бүтээсэн энэ робот хүний хөдөлгөөн мэдэрч, зааварчилгаагаар олон янзын даалгавар гүйцэтгэх чадвартай. Өөрөөр хэлбэл, дотор нь байгаа хүний гар хөлийн хөдөлгөөнийг мэдэрч ажилладаг учраас бусад хүн хэлбэртэй роботуудын хийж чадахгүй үйлдлийг хийдгээрээ онцлогтой болсон” гэлээ. Тэрээр Японы КООСЭН сургуулийг төгсчээ. Монголд анх удаа ирж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголд болсон “Робокон” тэмцээнд “Монгол КООСЭН” сургуулийн баг дөрөвдүгээр байр эзэлснийг дуулсан гэнэ. Тиймээс оюутан залууст өөрийн бүтээлээ сонирхуулахаар иржээ. Нэг сургуулийн төгсөгчид учраас тэдэнд над шиг хүссэн роботоо бүтээх боломж бий гэж байв.

Уг роботыг бүтээсэн Ака Томохиро өдгөө 28 настай гэнэ. 15 настай байхдаа Японы КООСЭН сургуульд элсэн орж 20 настай байхдаа төгсчээ. КООСЭН сургууль 15 настай хүүхдүүдэд таван жилийн турш инженерийн үндсэн боловсролыг эзэмшүүлдэг. Суралцах хугацаанд инженерийн онолыг дадлагатай хослуулдаг нь тус сургалтын давуу тал гэсэн. Тиймээс ч оюутан залуус 20 нас хүрэхээсээ өмнө цаашид мэргэших салбараа сонгож бүтээн байгуулах ажлаа эхлүүлдэг ажээ. Тэдний нэг нь Ака Томохиро. Тэрээр оюутан байхдаа анхныхаа роботын загварыг зохион бүтээсэн гэнэ. Сургуулийнхаа нэрэмжит “КООСЭН робокон” тэмцээнд оролцсон ч амжилт үзүүлж чадаагүй тул өөрийгөө улам дайчлан хичээсээр илүү хүчирхэг үзүүлэлттэй робот бүтээхээр шулуудсан байна. Улмаар робот зохион бүтээдэг “Скелетоникс” компаниа байгуулжээ. Компаниа хөгжүүлэхийн тулд хамгийн сайн робот хийх ёстой гэж хичээн зүтгэсээр байгаад хийсэн хоёр дахь робот нь дараа жилийнхээ робоконы тэмцээнээс тэргүүн байрын шагнал авчирсан гэнэ. Тэрхүү робот нь хоёр хөл дээрээ явдаг байж. Багш нар нь оюутан Акагийн бүтээсэн роботыг ирээдүйтэй хэмээн магтсан тул улам сайжруулах хэрэгтэй хэмээн бодсоор хүний хөдөлгөөнийг судалж холбоосын механизмыг томруулах технологиор их биетэй аварга робот бүтээх санаагаа олсон байна. Энэхүү аварга робот нь “Скелетоникс” роботын анхны загвар байжээ. Анхны загвараасаа хойш шинэчлэн сайжруулсаар одоогийн байдлаар тав дахь загвараа гаргаад байгаа юм байна. Удахгүй зургаа дахь загвараа гаргах талаар төлөвлөж байгаа хэмээн инженер залуу ярьж байна лээ.

Ака Томохирогоос яагаад робот хийх болсон тухай нь асуухад “Би ер нь юм хийх дуртай хүн. Зүгээр суулгүйгээр аливаа нэгэн зүйл оролдож л суувал аз жаргалтай болчихдог. Бүтээлч байхыг юу юунаас илүүтэй хүсдэг. Бага байхдаа би зураг зурах гэж, урлагийн бүтээл урлах гэж оролддог байсан. 15 настай байхдаа сургуульд орсноор инеженерийн сэтгэхүйтэй болсон гэж боддог юм. 16, 17 настайгаасаа робот зохион бүтээх ажилд шимтдэг болсон” гэв. Ирээдүйд тэрээр роботынхоо загварыг улам бүр сайжруулж бизнесийн чиглэлд түлхүү ашиглана гэж боддог ажээ. Японд байхдаа энд тэнд болж буй үзэсгэлэн худалдаа, олон нийтийн арга хэмжээнд гурван метрийн өндөртэй аварга том роботтойгоо очдог гэнэ. Тэрээр олон хүнийг гайхшруулж, яаж ингэж чаддаг байна гэж хэлэхийг нь сонсохын тулд улам бүр хичээн ажилладаг гэсэн. Нэг ёсондоо өөрийн хийсэн бүтээлээрээ хүмүүсийг гайхшруулах нь түүний мөрөөдөл болжээ. Тэрээр “Загвар сайжрахын хэрээр роботын зах зээл дээрх өрсөлдөөн улам нэмэгдэж байна. Японд робот бүтээдэг мундаг залуу бий. Тэрээр наймдугаар сард өөрийн роботоо Америкийн зохион бүтээгчийн бүтээсэн роботтой тулалдуулах гэж байгаа. Бооцоотой, халз тулаан болох сураг дуулдаж байна” гэж байлаа. Харин Монголд ирээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээлээ танилцуулсан тухайд “Би Японы үндэсний технологийн хүрээлэнгийн урилгаар Монголд ирсэн. Тус хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа доктор хүүхэд залууст инженерийн ухааныг сурталчлахыг хүссэн юм билээ. Тиймээс би Монголд ирлээ. Харин миний бүтээлийг ямар түвшинд сонирхох бол, залуусын анхаарлыг татаж чадах болов уу гэж бодож байсан. Гэтэл үзүүлбэрийг маш их сонирхсон. Зүгээр нэг сонирхоод өнгөрөх төдий биш хэрхэн яаж бүтээснийг олон хүүхэд асууж байна лээ. Бүр зарим нь технологийн шинэ санаа төрүүлэхүйц зүйл ч асууж байсан. Удахгүй өөрсдөө “Скелетоникс”-оос илүү загвар бүтээх байх” хэмээн ярьсан юм.

Роботын үзүүлбэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баяраа тэмдэглэхээр ирсэн хүүхдүүдийн анхаарлыг гойд татаж байгаа нь илт. Хөдөлгөөн бүрийг нь анхааралтай ажиглаж баяр хүргэн алга ташиж байв. Тал бүрээс нь “Одоо баруун гараа өргө дөө, зүүн гараараа даллаарай” гэхчлэн орилж байв. Бүр зарим нэгэн нь дотор нь сууж өөрөө жолоодож үзэх санал ч гаргаж байв. Ер нь элдэв янзын марзан тоглоомнуудаас илүүтэй иймэрхүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зүйлс хүүхдүүд гэлтгүй томчуудын анхаарлыг татдаг болсон нь анзаарагдаж байв. Робот, тэр дундаа аварга том робот харсан хүүхдүүд “Яваандаа үг хэлж, ярьдаг болох боломж бий юү. “Чаппи” кинон дээрх робот шиг оюун ухаантай болох уу” гэдгийг тодруулахыг хүсч байсан. Харин аав ээжүүд нь иймэрхүү зохион бүтээх төрлийн сургалтууд нэмэгдээсэй, Монголд байдаг уу гэж зохион байгуулагч нараас асууж байв. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь салбарын тэргүүн Ц.Байгалмаа “Иймэрхүү төрлийн инженерийн сэтгэхүйг хөгжүүлэх үзүүлэн тоглолтууд манайд эрэлттэй байгааг анзаарч харж байна. Хүүхдүүд өөрийн нүдээр үзэж харсан зүйлээ дараа нь зохион бүтээхэд хялбар байх болно. Ер нь улс орны хөгжилд инженерийн зөв шийдэл хамгийн их хэрэгтэй” гэж байв. Харин зохион бүтээгч Ака Томохиро “Хүүхдүүд санаанд оромгүй олон зүйл асууж байна. Зарим асуулт миний дараагийн загваруудад биеллээ олохыг үгүйсгэхгүй. Харин Монголын хүүхэд, залууст хандаж хэлэхэд аливаа нэгэн зүйл зохион бүтээхийг үнэхээр их хүсч байвал маш том давуу талтай байна гэсэн үг. Хэдийгээр технологийг нь мэддэг, бүтээх боломж байсан ч гэлээ хүсэлгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс аливаа зүйлд дурлаж, шимтэж байна гэдэг амжилт гаргахын эхлэл шүү” гэсэн юм.

Ака Томохиро цаашид одоогийнхоос илүү хурдан хөдөлгөөнтэй, цэнэгээ удаан хугацаанд барьдаг, илүү уян хөдөлгөөнтэй робот бүтээхийг төлөвлөж байгаа ажээ. Робот хийхдээ голдуу мөнгө олох аргыг бодож зохион бүтээдэг гэсэн. Ер нь Японд робот янз бүрийн төрлөөр хөгжиж байгаа. Гэрийн ажилд тусалдаг, тоос соруулдаг, аяга угаадаг, цонх угаадаг, хувцас эвхдэг роботууд төрөл бүрээрээ бий. Мөн томоохон албан байгууллагад ашигладаг үйлчилгээний роботууд ч байдаг. Харин Ака Томохирогийн хувьд энтертайнмэнт үзүүлбэрт чиглэсэн роботууд зохион бүтээж байгаа юм. Тэрээр “Монголд ирээд тав хоноод буцаж байгаа. Энэ үеэр гэрлэн дохионы системийг сайжруулбал замын хөдөлгөөний ачаалал багасах боломжтой юм байна гэдгийг анзаарсан. Өмнө хэлсэнчлэн монгол хүүхдүүд инженерийн сэтгэлгээ сайтай болохоор тэднийг дэмжээд өгвөл япончуудаас дутахгүй зүйл зохион бүтээж чадна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *