Categories
мэдээ цаг-үе

Их талын хадагт хонгор

Сүхбаатар аймгийн уугуул, “Дүүрэн трейд” компанийн захирал Дугаржавын Ренчинхандын “Их талын хадагт хонгор” туужийн “Би сэрлээ” хэмээх хоёрдугаар бүлгийг уншигч танаа толилуулж байна.

Би сэрлээ, хөвөн зөөлөн дулаахан жижигхэн дэлхийд амарч байх юм. Сэнгэнэсэн гоё үнэрт сонин мэдрэмж төрж, цэвэр тунгалаг ус, уул, ухаа олон толгод, цэлийсэн тал, хурц наран, өвс ургамал, хад чулуу… Адууны янцгаалт нарыг татаад ирэх шиг, талыг улам тэлэх шиг, тэнгэрийг цэлийлгэх шиг, алслуулах шиг цуурайтлаа. Шаргалтан байх хээр тал тэнүүн, цаанаа л тайван ихэмсэг хүчирхэг агуу ажээ. Энэ бүхнийг унага харан гайхаж байлаа. Ээжийн зөөлөн зөөлөн алхалт унагыг бүүвэйлэн бүүвэйлэн унтууллаа… Би ээжийнхээ хэвлийд дахин сэрлээ. Би өндийх гэв, хөлөө татаж түлхэж үзлээ. Ээж намайг босгосонгүй.

-Унага минь бүү яар, гадаа хүйтэн салхитай, шуургатай, тэнгэр тогтох болоогүй, өвс ногоо цухуйгаагүй, хаврын хөх чийг арилаагүй байна унтаж бай, үр минь гэж ээж хэллээ. Ийн хэлсэн ч би босмоор, гармаар санагдаад байлаа, хөдлөх гэсэн ээж хөдөлгөсөнгүй.

– Ээж ээ. Би эргэн тойрноо харж байна, ямар сонин гоё юм бэ гэж хэллээ.

-Үр минь чи энэ сайхан нутгийн эзэн нь болно шүү дээ. Энэ нутаг агуу сайхан нутаг даа.

-Тал, уул хоёрын аль нь том вэ?

-Тал ихээ их, маш их, агуу их. Тэнгэр, тал хоёр бол төгс төгөлдөр зүйлс.

-Тэнгэр, тал хоёрын ялгаа юу вэ?

-Тэнгэр бол биднийг тэтгэгч их эрчим минь, тал бол эх үндэс, тулах гэр минь.

-Энэ хоёр салшгүй юм уу?

-Тийм ээ. Арга билэгт орчлон ертөнц минь гэв.

-Би ойлгосонгүй ээ гэхэд.

-Чамд ойлгох цаг ирнэ гэв.

-Тэнгэр, уул хоёр чинь ямар өнгөөр ялгагдаж байна вэ?

-Тэнгэр цэнхэр ээ, гэхдээ өнгөгүй ч байж мэднэ, өнгө нь их хувираад байдаг юм. Уул холдохоороо тэнгэртэй нийлэн, хөх цэнхэр, ойртохоороо талтай нийлчихнэ, дэргэд нь очихоор чулууныхаа болон ургамлынхаа өнгөөр харагдана даа. Унага минь чи чинь өнгө ялгаад байгаа хэрэг үү?

-Тийм ээ, би тэнгэрийн цэнхэр өнгө, цухуйж байгаа ургамлын ногоон өнгийг, чулууны хүрэн саарал өнгийг таньдаг боллоо.

-Тэнгэрээр, хээр талаар нар, сар, агаар, салхи, бороо, шороо тоос дураараа хийснэ, шувууд дураараа шумбан дүүлж, халин нисэлдэнэ. Бүгд л тэнгэр, тал хоёрт эрхлээд байх шиг санагддаг юм даа. Унага минь, чи энэ орчлонд гарч ирээд өөр олон сайхныг, сонин хачныг үзэх, мэдрэх болно.

-Тиймээ би тэнгэрийн томыг, талын агууг харан гайхах юм. Хийн орчлон, цэнгэг агаар, хүчит салхи, хязгааргүйн гүн огторгуй, орчилт орон зай гэж юутай сонин юм бэ гэхэд, ээж бодол болсноо “Тийм ээ, тэд бол гайхамшиг, бидэнтэй хамт байх төгс төгөлдөр шим ертөнц”


Борог өвсний шаргал туяа нарны цацрагт улам өнгөлөгдөн салхинд тонголзох бөгөөд өвлийн өнгийг өөртөө барьсан Шүүт хөөврийн дэрс, намхан толгод бүхий энгүй их тал нүдний өмнө өнгө нэмэн цэлийнэ. Тэнгэрт буй мэт Талын таван уул нэг томрон, нэг босч, нааш ир, нааш ир гэх шиг тэртээгээс суудал засан дүнхийх нь сонихон.

Ээж хэд гурав алхсанаа амсхийнэ, гэдэс нь зөв тал руугаа өнцөг гаран төмбийх. Гүүд унагалаад адуу тогтуухан, гүүнүүдийн алхалтаар яарамгүй урагшилна.

-Ээж ээ адуун сүрэг хаашаа явна вэ?

-Бүх адуу урд зүгийг чиглэн алгуурхан урагшилж байна. Цэлийсэн их тал мэлтийгээд тэнгэр газар нийлэлдэх заагт Талын таван уул хөвнө, хөдөлнө, бууна, сууна. Биднийг хөх ногооны үнэр татан дуудаж байна. Тэнд ногоо цухуйж идээшлэх хэмжээнд хүрсэн бололтой. Ээж ярьсаар, би чагнасаар… Ээжийн тургилтаар би сэрлээ. Ээж булгаас тонгойн байж хорин долоо залгилав, тавин дөрөв дэхээ залиглав, бас зуун найм дахиа залгилав. Ээжийн ууснаас би уулаа, энэ миний уусан анхны ус Их булаг байлаа.

-Ээж ээ, энэ чинь юу гээч нь вэ?

-Энэ бол ус. Ус амьтайг ч, амьгүйг ч тэтгэгч ид шид, хүч өгөгч, тэжээгч төгс төгөлдрийн нэг гэлээ.

Ээж минь алс тэртээх тэнгэрийн хаяаг ширтэх нь намайг тэр зүгт хар гэх шиг.

-Ээж ээ, өвс маш сайн ургасан газрыг олж өгвөл намайг даган явцгаах уу гэлээ.

-Одоо л ногоо гараад идэх хорхой хүргээд л байна удахгүй идэх байх аа гэж хэлснээ ээж санаа алдав.

-Ээж ээ энэ ямар дуу сонсогдож байна вэ?

-Чи чинь бас дуу сонсож байна гэж үү. Ямар сонирхолтой юм бэ. Юун ч хөөрхөн юм. Хайрт унага минь чи миний хайрыг ямар их татаж байна вэ. Чамайгаа харахыг ямар их хүсч байна гээч.

-Ээж ээ, энэ уянгалаг цуурай юу вэ?

-Бидний эзэн дуу дуулсаар ирж явна.

-Бидний эзэн гэж юу билээ?

-Бидний эзэн бол ухаант хүн юм.

-Ээж ээ, миний хөлөөс дуу уянгалан цуурайтаж намайг сэрээлээ.

-Чиний хөлөөс дуу сонсогдлоо гэж үү?

-Тийм ээ.

-Яаж сонсогдов?

-Эзний дуулах уянгалаг дуу намайг сэрээлээ. Өвдөгний үенд нэгэн нүх байна.

-Чи хөлдөө чихтэй юм байна, сайн хэрэг. Аав чинь хөлөө чагнадаг, тэр бас хөлдөө чихтэй, элдэв юмсыг сонсдог юм.

-Ээж ээ, би тэгвэл аавтай адилхан юм байна.

-Тийм байна. Чи олон сонин дуунуудыг сонсох болноо.

-Ээж ээ. Тэртээд хөх ногооны униар дунд урсаад байгаа усны дууг би сонслоо.

-Тэр чинь зэрэглээ шүү дээ. Тэнд зэрэглээний дуу, хөх униар байгаа бол ногоо ургачихсан байгаа гэсэн үг. Чи бидэнд ногоотой газрыг олж өгч чадлаа. Талынхаа Таван ууландаа очъё доо. Зэрэглээний дуугаа дахин сайн сонс, өөр олон сонин дуунуудаас ялгаж сураарай.

Ээж минь хэсэг чимээгүй явснаа

-Чиний гэдсэнд бүрэлдэх зүйлс бүгд бүрджээ. Одоо хэвлийгээсээ гарч хээр талдаа эзэн нь болох боллоо. Төрснийхөө дараа нь нарны дууг, солонгын дууг таних ёстой шүү. Ийн хэлэх ээжийн үг намайг баярлуулав. Талын таван уулын хүрмэн бор хад асганд нэгэн хонгор унага хөл дээрээ буухуйд, хөгшин хайлаасны хөх үүрнээ шонхрын өндөг ангаахай болон хагарлаа. Хадагтын уянгалаг нарийн урт хүчтэй цангинасан янцгаалт талаар, тэнгэрээр нэг цуурайтлаа. Энэ дууны хариуд шийр шийр, хааг хааг, зийр зийр, хээг хааг гэсэн дуугаар Зүрх цагаан хэмээх хүчит шонхорын зулзага хариу барилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *