Categories
мэдээ нийгэм

БНЧУ-д хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн асуудлаар уулзав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Ивана Гроловаг урьж уулзан тус улсын хөдөлмөр эрхлэх визийг мэдүүлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцав.

БНЧУ-ын ЭСЯ-нд туршилтын журмаар хэрэгжиж байсан визапоинт системийн II үе шатыг дуусгавар болгох шийдвэрийг тус улсын ГХЯ-наас гаргасныг Элчин сайд мэдэгдээд, визапоинт системийн 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх бүртгэл хэвээр байгааг тэмдэглэв. Визапоинт системд 9 мянга гаруй бүртгэл хийгдсэний олонхи нь хуурамч, сүүлд бүртгүүлсэн иргэд виз мэдүүлэхэд 6 жил орчим хүлээхэд хүрч байгаа зэрэг нь энэхүү системийг цаашид хэрэглэх аргагүй болгож буй талаар болон бусад эрх зүйн асуудлын талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэх монгол иргэдийг хоёр талын хэлэлцээрийг үндэслэн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны шугамаар илгээх-хүлээн авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр чехийн тал идэвхтэй ажиллаж байгааг Элчин сайд мэдээллээ.

Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын анхдугаар консулын зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэний дагуу энэхүү хөтөлбөрийг ойрын үед батлуулах чиглэлээр хоёр талаас хүчин чармайлт гаргаж хамтран ажиллахыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдоос хүсэлт болгов. Визапоинт системийн II үед дуусгавар болсон тухай, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар БНЧУ-ын ЭСЯ-наас вэб хуудсаараа дамжуулан иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, Консулын болон визний хэлтсийн дарга ярилцлага өгөх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *