Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шөнийн гэрэлт Улаанбаатар”-ын тайзнаа Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет тоглоно

Сөүлийн гудамж дахь “Шөнийн гэрэлт Улаанбаатар”-ын тайзнаа өнөөдөр Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох юм. Уг тоглолт Австри, Монголын хөгжмийн фестивалийн хүрээнд болж буй. Мөн энэ өдөр UB Jazz Club-т чөлөөт тоглолтыг (Жэм сэйшн) хоёр улсын хөгжимчид толилуулах аж.

Бээжин дэх Австрийн Элчин сайдын яамны Соёлын форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз клуб, Жаззлаб хөгжмийн агентлагтай хамтран Австри-Монголын хөгжмийн фестивалийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах болсон юм.

Энэ талаар Бээжин дэх Австрийн Элчин сайдын яамны Соёлын форумын захирал Арнолд Обермэйэр, Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим буюу GMUB төслийн удирдагч багш Мартин Зенкер, Жаззлаб хөгжмийн агентлагийн тэргүүн Т.Мандухай нар мэдээлэл хийсэн билээ.

Харин энэ сарын 12-ны даваа гарагт өдөр Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирж, иргэдэд үнэ төлбөргүй толилуулах юм.

Эдгээр арга хэмжээний дараа Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн монгол оюутнуудтай уулзах юм. Австри-Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл нь энэхүү хөгжмийн фестиваль юм.

Үүнээс гадна соёлын форумын хүрээнд энэ сарын 11-14-ний өдрүүдэд мөн Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийж, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *