Cангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өчигдөр, өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Ингээд Сангийн яамны нээлттэй өдөрлөгөөр иргэдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлж буйг танилцуулъя.
АВТОМАШИНЫ ТАТВАРАА ТОРГУУЛЬГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ
Автомашины албан татвар төлөх хуулийн хугацаа зургаадугаар сарын 1-нд дууссан. Татвараа төлж амжаагүй бол торгууль төлөх ёстой. Гэхдээ өнөөдөр, маргааш хоёр өдөр иргэдэд боломж олгож, Сүхбаатарын талбайг зорьж татвараа төлөхөөр ирвэл торгуульгүй үйлчлэх юм байна.
ГААЛИЙН ХУРААГДСАН БАРААНЫ МУЗЕЙ ҮЗЭЭРЭЙ
Манай улсаас хилээр гарахыг хориглосон барааны жагсаалт бий. Тэгвэл энэ жагсаалтыг зөрчиж, гаалийн ажилтнуудад хураагдсан бараануудыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Уг музейд ховор амьтны арьс, эртний эдлэлээс эхлээд гар утас, согтууруулах ундаа хүртэл байна. Иргэд энэ асарт ирж үзэхдээ хилээр гаргахыг хориглосон зүйлсийн талаар мэдээлэл авах боломжтой аж.
И-БАРИМТ, НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА
Татварын систем шинэчлэгдсэнээр кассын шинэ програм, техник эрэлттэй болоод буй. Өнөөдрийн өдөрлөгт “ Интерактив Би Ай”, “Майсофт”, “Датакейр”, “Кассмолл”, “Прософт” зэрэг ХХК-иудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах асрууд байрлажээ. Мөн НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэхдээ НӨАТ-ын баримтаа бүртгүүлдэггүй, дансаа нээж амжаагүй иргэд байгаа. Хэрэв танд НӨАТ-ын урамшууллын системийн талаар асуух асуулт байгаа бол Татварын Ерөнхий Газрын мэргэжилтнүүдийг зориорой.
НӨАТ-ын ээлжит сугалаанаас дөрвөн сая төгрөг хожсон 13 азтанд батламж гардуулах ёслолын ажиллагаа өдөрлөгийн үеэр боллоо. Нийт 19 иргэн дөрвөн сая төгрөг хожсоноос ирэх боломжтой 13 иргэнийг урьжээ. Батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулж өгөв. НӨАТ-ын сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн гурван азтан, 20 сая төгрөгийн азтан 14, дөрвөн сая төгрөгийн азтан 191 тодорчээ.
Урамшууллын системийн үр дүнгээр татварын орлого өнгөрсөн жил 80 гаруй тэрбум төгрөгөөр давж биелжээ. Энэ жилийн хувьд ч татвар төлөвлөгдсөн хэмжээнээс давж байгаа юм байна.
ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн хүнс, барааны бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой. Энд мах, махан бүтээгдэхүүн, аяны хувцас хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байна.
Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.