Categories
мэдээ цаг-үе

ШУТИС-ийн оюутнууд 3D хэвлэгч, сийлбэрийн машин бүтээжээ

“Өдрийн сонин”-ы 2017.05.30-ны Мягмар гаригийн 121(5688) дугаараас авч нийтлэв.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн оюутнууд 3D хэвлэгч, сийлбэрийн машин бүтээжээ. Оюутнуудын зохион бүтээсэн эдгээр бүтээл мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд хувь хүн, байгууллага, компаниуд захиалгаар хийлгэж эхэлжээ. Сийлбэрийн машин болон 3D хэвлэгчийг сурвалжлахаар Механик, тээврийн сургуулийг зорьж очлоо. Эдгээр бүтээлийг хийхэд голчлон ажилласан тус сургуулийн Үйлдвэрлэлийн механикжуулалтын IV курсийн оюутан Ц.Доржсүрэнтэй уулзав. Тэрээр дипломоо хамгаалахаар ойрын өдрүүдэд тун завгүй ажилласан гэнэ. “Би одоо дипломоо хамгаалах гээд хүлээж байна. Тэр хүртэл би та бүхэнд хийсэн бүтээсэн зүйлүүдээ танилцуулъя” гээд кабинетдаа дагуулж очлоо.

Сийлбэрийн машин буюу CNC (компьютерийн удирдлагатай тоон удирдлага) нь нарийн түвэгтэй эд анги, бэлдэцийг боловсруулах чадалтай машин юм байна. Манайд ийм төрлийн машин хувь хүн, үйлдвэрүүдэд цөөн тоогоор байдаг гэнэ. Мэдээж гаднаас оруулж ирдэг болохоор иймэрхүү машинуудыг угсрахаас эхлүүлээд, хэрхэн ажиллуулах хүртэл асуудал гарна. Харин оюутнуудын бүтээсэн энэхүү CNC машин нь судалгааны ажил, дипломын ажлын хүрээнд бүтээгдсэн ч универсиал гэж хэлж болно. 50х30 хэмжээтэй ажиллах талбайтай, боловсруулах материалын зузаан нь хутганыхаа уртаас хамаараад дээд тал нь таван см байх боломжтой бөгөөд хэмжээсийг өндөр нарийвчлалтай гаргадаг. Сийлбэрийн машин гэж л түгээмэл ойлголтоор нэрлээд байгаагаас биш нарийн, ур шаардсан эд анги, бэлдэц хийх зориулалттай машин юм. Машинд компьютерээс зургаа өгөхөөр CNC-гийн тоон өгөгдлийг унших зориулалттай программ нь ажиллаад сийлбэрлэж эхэлнэ гэж энгийнээр ойлгож болно. CNC гэдэг товчлолыг тоон өгөгдлийн машин ч гэж нэрлэж болох юм байна. Гурван тэнхлэгийн дагуу хөдөлж өгөгдсөн хэлбэр, дүрсийг гаргана.

Иймэрхүү төрлийн машиныг гаднаас оруулж ирэхэд ойролцоогоор гурав, дөрвөн сая төгрөгийн үнэтэй байдаг бол Ц.Доржсүрэн CNC машинаа 492 мянган төгрөгөөр босгожээ. МУИС-ийн лабораторид 90х70 харьцаатай, илүү чанартай машиныг захиалгаар нэгийг хийж өгчээ. Сүүлийн өдрүүдэд энд тэндээс утасдан ирж, уулзаж захиалга өгч байгаа гэнэ. Ц.Доржсүрэнг сийлбэрийн машин бүтээхэд хамгийн ихээр тусалсан хүн нь дэд профессор Э.Наранбаатар багш. Ц.Доржсүрэн CNC машинаа зохион бүтээх ажлыг гуравдугаар курст байхдаа дээд курсийн Баттөр, Алтансүх гэсэн хоёр оюутантай хамтарч эхлүүлж хийцээ тасдаж тайрах гэх зэрэг ажлуудаа амжуулсан ч тэр хоёр нь сургуулиа төгсөөд явчихсан учир ганцаараа үргэлжлүүлж гол ажлаа нугалжээ.

Ц.Доржсүрэн Ховд аймгийн Зэрэг сумынх юм байна. “Робокон” зэрэг мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд үеийнхнээ хошуучилсан шилдэг оюутан бөгөөд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардаж байжээ. Сургуулиа төгсч амжаагүй ч дөрөв таван газраас ажлын санал хүлээж аваад байгаа аж. Ирэх наймдугаар сард Япон руу мастерт сурахаар төлөвлөснөө тэрээр яриад “Аав ээж маань техниктэй харьцдаг хүмүүс байдаг болохоор тэрийг дагаад энэ чиглэлийн мэргэжил эзэмшихээр шийдсэн. Оюутан болоод л робот, автоматжуулалтын талаар ихэд сонирхож олон ч тэмцээнд оролцсон. Робот сонирхож байгаа хүнд робот, машины эд ангийг хайж олох нь хамгийн хэцүү. Тийм болохоор эд ангийг нь өөрөө хийх боломжтой юм байна гэсэн бодол төрж л ийм машин хийх сэдэл төрсөн” гэлээ. Ц.Доржсүрэн ийнхүү ярих зуураа компьютер дээр “Өдрийн сонин” гэж бичээд хуванцар дээр сийлэх команд өглөө. Нэг минут 40 секундийн дотор “Өдрийн сонин” гээд сийлчихэв. Сийлэх явц нь дэлгэцэн дээр харагдах бөгөөд бүх хэмжээс нь маш нарийн харагдана.

Үүний дараа тэрээр 3D хэвлэгчээ танилцууллаа. Хуванцар материалаар хэвлэх бөгөөд хуванцар нь чанарын хувьд янз бүр байдаг гэнэ. Уян хуванцраас эхлүүлээд төмөртэй дүйхүйц нягттай хуванцраар ч хэвлэх чадалтай юм байна. Ямар ч эд ангийг хэвлэх боломжтой. Хүний нүүр царайг ч хэвлэж гаргана гэсэн үг. Гурван хэмжээст зүйлээр харагддаг ямар ч зүйлийг хэвлэж болно гэдгийг Ц.Доржсүрэн хэлээд “Хэвлэгчийн чанартай хуванцарын материал 300-гаад мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэхдээ энгийн материал буюу хуванцар хаалганы бариул хугарчихлаа гэхэд л энэ машинаар хэвлээд гаргаад ирж болно. Ер нь өдөр тутмын амьдралдаа энэ хэвлэгчийг ашиглаж болно” гэв.

3D хэвлэгчийг макет буюу аливаа биет юмсын хураангуйлсан хэмжээтэй загварыг хийдэг газрууд ихэд сонирхож байгаа гэнэ. Байгаль орчны чиглэлээр ажилладаг газрууд уул нуруу, тал газрын макетыг хийх зорилгоор ийм хэвлэгчтэй болох хүсэлтэй байдаг бол барилгын компаниуд байр, байшингийн макетаа энэ машинаар хэвлэж гаргахыг зорьдог юм байна. Ингэж макетаа хэвлэдэг компаниуд олон байдаг гэнэ. Иймэрхүү төрлийн хэвлэгч гадуур 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол Ц.Доржсүрэн хэвлэгчээ 200 мянган төгрөгийн зардал гаргаж бүтээжээ. Ц.Доржсүрэн “Энэ бол миний эхний бүтээлүүд. Цаг гаргаж суувал ийм төрлийн машинуудыг 7-10 хоногийн дотор л хийчихнэ. Одоо нэг том захиалга авчихсан байгаа. Сийлбэрийн машинаа таван тэнхлэгт болгож улам боловсронгуй болгож сайжруулахаар ажиллаж байна. Хийсэн бүтээлүүдээ улам сайжруулж амьдралд ойртуулж, аль болох чанартай зүйл хийхийг зорьж байна” гэсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *