Categories
энтертаймент-ертөнц

Хонь ч бас бие нь өвдсөн хүнийхтэй адил царай гаргадаг

ЛОНДОН./TASS/. Их Британийн эрдэмтэд фермерүүдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд мал амьтны сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч чаддаг хосгүй программыг зохиосон тухай “The Daily Telegraph” сонинд мэдээлжээ.

Одоогийн байдлаар Кембрижийн их сургуулийн ажилтнуудын зохиосон хиймэл оюун ухаан нь хонины сэтгэлийн хөдөлгөөний таван хэлбэрийг таньж чаддаг ба ингэснээр мал амьтны бие таагүй байгааг эзэнд нь мэдээлэх боломжтой ажээ. Судалгааг хийхдээ малын эмч нарын өгсөн 500 орчим хонины зургийг ашиглажээ.

Уг программын ашигладаг алгоритм нь юуны түрүүнд мал амьтанд өвдөлтийн мэдрэмжийн шинж тэмдэг байгаа эсэхийг илрүүлэх зорилготой ба мал амьтны чихний байрлал, нүдний байдал, хамрын нүхний хэлбэрийг ажиглан дүгнэлт хийдэг байна. Жишээлбэл, нүдээ онийлгох, хацар нь хонхойх, чих нь урагшаа далбайсан, уруулын амсар доошоо унжсан эсвэл сунасан, агшсан, мөн хамрын нүхний хэлбэр U хэлбэрээс V хэлбэртэй болсон зэргийг түгшүүртэй шинж тэмдгүүд гэж эрдэмтэд тодорхойлжээ. “Сонирхуулахад, хонины царайд гарч буй ийм өөрчлөлтүүд нь бие нь өвдсөн хүний нүүрний хувиралтай маш адилхан байгааг харж болно” гэж судалгааны багийн гишүүн, доктор Марва Махмуд ярьж байна.

Хүний нүүрний хувирлын судалгаа олон жилийн туршид хийгдэж байгаа ажээ. Үүнээс хавьгүй өмнө амьтны нүүрний хувирлыг Чарльз Дарвин судалж байсан бөгөөд тэрбээр “хүмүүс бүгдээрээ, мөн олон төрлийн амьтад сэтгэлийн хөдөлгөөнөө адилхнаар илэрхийлдэг” гэж баталж байв. “Ийм учраас хүн амьтны нүүрний хувирлыг судалсан зүйлүүдээ бид нэгтгэхээр шийдсэн юм” гэж профессор Питер Робинсон ярилаа. Тэрбээр энэ төсөл дээр ажилласнаасаа хойш хотоос гаран зугаалж явахдаа хонин сүрэг тааралдах үед “сэтгэл санааны байдал нь ямар байгааг мэдэх гэж хонинуудтай ярьдаг болсон” гэж хуучилжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, хонинууд тавхай өмхийрөх эсвэл дэлэнгийн үрэвсэл зэрэг олон өвчний улмаас шаналж байж магадгүй юм. Хэрвээ эдгээр өвчнүүдийг цаг тухайд нь илрүүлж эмчлэхгүй бол нийт сүрэгт ноцтой аюул учруулж болзошгүй.

Мал амьтны биеийн байдалд хяналт тавихын тулд хонин сүрэг өдөртөө заавал ирдэг худаг дээр нь камер байрлуулахаар төлөвлөж байгаа ба ингэснээр хонины нүүрний хувирлыг нь дэлгэрэнгүй харах боломжтой болох аж. Мөн энэ программд зарим өөрчлөлтийг хийснээр адуу, лабораторийн хулгана, гэрийн тэжээвэр амьтдын биеийн байдлыг тандахад ашиглаж болох гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *