Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид албан бусаар “дүн тавив”

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээлэл” сонсов. Уг мэдээллийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү төлөв байдлын тайланг боловсруулан та бүхэнд мэдээлж байна. Тайланд 2013-2017 оны тоон мэдээллийн харьцуулалт болон 2018-2021 оны дунд хугацааны төсөөллийг тусгалаа.
2013-2016 оны эдийн засаг санхүүгийн байдлыг товч дурдвал эдийн засгийн өсөлт 2013 онд 11,6 хувь байсан бол 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь, 2016 онд 1 хувь болж буурлаа. Эдийн засгийн өсөлт ийнхүү буурахад 2016 оныг 2013 онтой харьцуулахад нэгдүгээрт эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд дунджаар 47 хувь буурсан. Хоёрдугаарт гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 1,2 хувиар саарсан зэргээс үүдэн манай улсын экспорт 2016 онд 2014 онтой харьцуулахад 15 хувиар буурсан. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 1,9 тэрбум доллар буюу 93 хувиар багассан нь нөлөөлсөнөөс гадна 2013-2016 онуудад төсөв мөнгөний алдаатай бодлогын улмаас төсвийн алдагдал их хэмжээгээр өсч, алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоодоос их хэмжээний зээл авсан нь 2016 оны эцэст Засгийн газрын өрийн хэмжээ 2013 оны жилийн эцсийн үлдэгдэлтэй харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж, эдийн засаг хүндрэхэд хүргэсэн байна. Монгол Улсын Засгийн газар Монгол банктай хамтран нэг их наяд нэг зуун жаран долоон тэрбум төгрөгийн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012-2015 онд хэрэгжүүлсэн. Засгийн газраас “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа” зэрэг хөтөлбөрүүдэд зориулж, 543 тэрбум төгрөгийг төсөвт тусгагдаагүй эх үүсвэрээс санхүүжүүлж, зах зээлд төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлсэн нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны жилийн эцэст 2013 онтой харьцуулахад 40,9 хувиар суларч, макро эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдахад нөлөөлсөн байна. 2013 онд 12,5 хувьтай байсан инфляци 2016 онд нэг хувь болж огцом буурсан нь эдийн засгийн идэвхижил суларч, эрэлт хэрэглээний бууралт бий болсныг харуулж байна хэмээн танилцууллаа.
Үүний дараа гишүүд саналаа хэлсэн юм.

Ё.БААТАРБИЛЭГ: ТӨСВИЙНХӨӨ ЗАРДЛЫГ ГОЗОЙТОЛ ӨСГӨЧИХӨӨД БУУЛГАСАН
ДҮР ҮЗҮҮЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ

Ё.Баатарбилэг гишүүн: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийгэм, эдийн засаг, санхүүгийн төлөв байдлыг ярьж байгаа нь үндсэндээ дөрвөн жил улс орныг удирдаж жолоодож ирсэн Ерөнхийлөгчтэй холбоотой яригдаж байгаа гэж ойлгож байна. Өнгөрсөн дөрвөн жил Монголын ард түмний алдсан зүйл олон л байгаа байх. Тэрийг түүх дэнслээд өгөх байх. Бидний хамгийн их алдсан зүйл төсөв мөнгөөр хэмжигдэхгүй хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө хойшилсон ухарсан байдалтай дөрвөн жилийг үдлээ л дээ. Энэ бол үнэхээр ухралт болсон. Монголчууд “Түмэн засагт хааны үед хөл хөсөр гар газар энхжин жаргав” гэх мэтээр төр толгойлж байсан хүмүүстэйгээ холбож тухайн цаг үе, улс орныхоо байдлыг дүгнэж явдаг. Өнгөрсөн дөрвөн жилийг тэр маягаар дүгнэх байлгүй. Би Ерөнхийлөгчийн хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн нэг үгийг онцгой анхаарч үзсэн юм. Ерөнхийлөгч төсвийн зардлыг бууруулах тал дээр чухал санаа хэлсэн. Жил бүр өөрийнхөө төсвийг танасаар байгаад сүүлийн дөрвөн жилд 11 тэрбумаас дөрвөн тэрбум болтол бууруулсан шүү, та нар үзээрэй гээд байхаар нь би үзсэн юм. 2009 онд 1,8 тэрбум байсан төсвийг 2013 он хүртэл долоон тэрбум болгож өсгөчихөөд, түүнийгээ бага багаар буулгаад, буулгах ч юу байхав, төсөв нь угаасаа хумигдмал байсан болохоор тэгсэн байлгүй дөрвөн тэрбум руу орсон байна лээ. Өөрсдөө ингэж төсвийнхөө зардлыг гозойтол өсгөчихөөд, түүнийгээ буулгасан дүр үзүүлж, жүжиглэдэг байдал өнгөрсөн дөрвөн жилд газар авсан л даа.

Ц.НЯМДОРЖ: АРДЫН ҮГ ГЭЭД ОНЦСАЙН ДҮН ТАВИУЛААД ЯВААД БАЙГАА
Ц.Нямдорж “Уг нь энэ илтгэлийг Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбож, улс төрийн дүгнэлт хийх тал руу нь л явуулсан нь дээр дээ. Энэ талаар их хурал бодмоор байна. Хоёрдугаарт одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусч, түүнтэй холбогдуулж эдийн засгийн байдлын танилцуулга хийгдэж байна л даа. Том өнцгөөр нь харвал мэдээж хэрэг ажил хийсэн учраас ажил хийсэн харагдана. Ардын үг гээд онцсайн дүн тавиулаад яваад байгаа. Урьдчилан захиалсан бэлтгэсэн хүмүүсээр дүгнүүлээд яваад байна. Гурав дөрвөн том юм харагдаад байгаа юм. Нэгдүгээрт Ц.Элбэгдорж гэдэг хүний үед Монголын улс төрийн хоёр том нам ерөнхийдөө голомтонд орсон. АН-ын байдал ямар байгаа билээ. Энд сууж байгаа АН-ынхан бүгдээрээ дотроо гаслаад сууж байгаа. Хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг ахалж, Ерөнхийлөгч болгосон Ерөнхий сайдаа унагаж аваад түүгээр дамжуулж байгаад АН бүр комд орчихсон. Ардын намын нэрийг Н.Энхбаярт өгөх ажлыг Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар хийсэн шүү дээ. Энэ бол Ардын намыг дотроос нь задлах башир арга байсан. Үүнийхээ хүчинд 2013 оны сонгуульд будлиан хутгаж байж, 50,8 хувиар сонгогдсон л доо. Энэ сонгуулийн үеэр дахиад үүний хаялага нь гарна. Цаашдаа ч Монголын улс төрд үүний улбаа салахгүй. Би Ц.Элбэгдоржид үүнийг орж хэлсэн юм. “Чи энэ будлианыхаа учрыг хэзээ олох вэ. Энэ будлиан явж явж чиний ч үр хүүхдийн толгой дээр бууна шүү” гэдгийг нь хэлсэн. Ингээд Монголын улс төрийн хоёр гол хүчнийг самраад хаясан. Эдийн засгийг самрах ажлыг өнгөрсөн Засгийн газар хийсэн гээд байна. 2009 онд эхэлсэн юм ш дээ. Ашигт малтмалын хайгуулын лицензийг Аюулгүйн зөвлөлийн гурван хүн очиж, лацдаж тооллого хийгээд, хууль бус юм хийгээд эхэлсэн. Үүний хүчинд гадаадын хөрөнгө оруулагчид сигнал аваад, 500-гаад аж ахуйн нэгж гараад гадаадын хөрөнгө оруулалт тэглэсэн шүү дээ. Дээрээс нь АН-ынхан болсон хойно бусармаг, танхай юм хийнэ. Ингээд хоёр талаас нь самарсаар байгаад эдийн засгаа ноль болгоод хаячихсан ш дээ. Валютын санд хандахаас аргагүй болтол нь самарсан. Монгол банкин дээр өч төчнөөн ёс бус юм хийж байхад дээрээс хараад сууж байсан хүн.
Шүүх засаглалыг шинэчлэл нэрээр жинхэнэ захиалгат, дампуу болгож хаясан. Энэ хүний томилсон шүүгч, прокурорууд юу хийж байна. Гэгээн цагаан өдөр хаалттай хурал хийгээд хүнийг хэлмэгдүүлдэг. Хүссэн болгоноо аваачиж шоронд хийдэг, дараа нь гаргадаг. Юу болсон нь мэдэгдэхгүй хаядаг. Энэ юу болоод байна гэв.
Д.САРАНГЭРЭЛ: ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ЭДИЙН
ЗАСГИЙН УНАЛТЫН БҮХ БУРУУГ ТОХОЖ БОЛОХГҮЙ
Д.Сарангэрэл гишүүн: 2013 онд 11 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2016 онд нэг хувь болж буурлаа л даа. Манай Сангийн яамныхан гадаадын хөрөнгө оруулалт саарсан, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурсантай уяж тайлбарлаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр олон нийт, эрдэмтэн мэргэд үгээ хэлсэн. Сая Ж.Мөнхбат даргын хэлдгээр өмнөх Засгийн газрын хариуцлагагүй байдал, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг, хувийн сонирхол, шунал эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн. Энэ бодит үнэнийг бид хэлэх ёстой. Дараагийн асуудал бид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс орны санхүү төсвийн байдлын талаар сонсч байгаа юм байна. Одоогийн Ерөнхийлөгчийг би сонгоогүй, саналаа өгөөгүй. Би өөрийнхөө намын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд саналаа өгч байсан. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгчид эдийн засгийн бүх уналтын бурууг тохох ёстой гэж бодохгүй байна. Өнгөрсөн парламентад ч би сууж байсан. Эдийн засагтай холбоотойгоор Ерөнхийлөгч удаа дараа үг хэлж байсан. Олон төсвөө нэгтгээч, хариуцлагагүй байдлаа анхаараач. Энэ их өр тавьж байгаа байдалдаа дүгнэлт хийгээч. Зээл авахаасаа өмнө төлөвлөгөөгөө гаргаач. Төр засгаа тогтвортой байлгаач гэж олон удаа УИХ-д хандаж байсан. Тэр дундаа МАН-ыг богино хугацаанд Засгийн газарт хамтарч байсны дараа хөөж туухад одоогийн Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай, Засгийн газар тогтвортой байж хүндэрсэн эдийн засагтаа нэмэр тус болно шүү гэж үгээ хэлж байсан юм. Тийм болохоор бид эдийн засгийн хямралын хаягаа зөв онож хэлэх ёстой. Би айхавтар өмгөөлж хамгаалж, тал засах гэсэн юм алга. Өмнөх парламентад сууж, эдийн засгийн асуудалд одоогийн Ерөнхийлөгч яаж хандаж байсныг мэдэж байгаагийн хувьд хэлж байгаа юм. Хуультай юм болохоор бид энэ асуудлыг хэлэлцэж байгаа байх. Гэхдээ одоо зовлон ярьж суудаг цаг өнгөрсөн шүү. Эдийн засаг ямар байгааг бүгд мэдэж байгаа. Сонгуулийн өмнө бид энэ тухай өчнөөн ярьсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ярьж л таарна. Харин ард түмэн биднээс цалин хэзээ нэмэх, ажлын байр хэзээ нэмэх, боловсрол эрүүл мэндийнхээ салбарыг хэзээ сайжруулах, хүртээмжтэй чанартай үйлчилгээ хэзээ үзүүлэх вэ гэж л харж байгаа. Сангийн яам, Засгийн газар энэ чиглэлээр түлхүү мэдээлэл өгч, түлхүү анхаарах ёстой гэв.
Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *