“Өдрийн сонин”-ы 2017.05.25-ны Пүрэв гаригийн №117(5684) дугаараас авч нийтлэв.
“Яг түүн шиг” шоуны оролцогч, төгөлдөр хуурч С.Алимаатай ярилцлаа.
-“Яг түүн шиг шоу”-ны оролцогчдоос хэрхэн хувирах бол гэсэн хүлээлттэй хүний нэг бол та шүү дээ. Ер нь анх энэхүү шоунд оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би “Боловсрол” суваг телевизийнхэнтэй уран бүтээлийн хувьд хамтран ажилладаг л даа. Миний уран бүтээлийг гаргах албан ёсны эрхийг ч тэр тус телевиз маань авсан байдаг юм. Энэ мэтчилэн үргэлж л холбоотой байдаг. Харин нэг удаа “Яг түүн шиг” шоуны хоёр дахь дугаарт орох уу гэсэн санал тавьсан.
Би энэ шоуны хамгийн дуртай үзэгчдийн нэг л дээ. Буйдан дээрээ суучихаад л өөрийнхөө хэмжээнд үнэлж, дүгнэдэг байлаа. Гэтэл өөрөө орох болсон чинь нэг л сонин санагдсан шүү. Хэдий баярласан ч багагүй эмээсэн. Гэхдээ миний амьдралаас дуу, хөгжим, бүжиг гэдэг хэзээ ч хол байгаагүй. Тиймдээ ч “Чи сонгодог урлагийн хүн учраас тийм ч амар биш. Шоу гэдэг бол тоглоом биш” гэсэн саналуудаас зөрж зориг гаргаж, басхүү багынхаа мөрөөдлийг биелүүлэхээр энэ шоунд орох болсон. Би багадаа кабелийн сувгуудаар “Spice girls”, “Britney Spears”, “Backstreet boys” гэх хамтлаг, дуучдын тоглолтыг үзэж, биширч яг эд нар шиг л тайзан дээр дуулж, бүжиглэх юмсан гэж хүсдэг байсан юм. Ингээд л шоундаа оролцсон доо. Ямартай ч залуу насандаа орсон энэхүү шоу маань амьдралд минь шигтгээ болно гэдэгт итгэлтэй байна.
-Нийт найман ч дүрийг бүтээчихлээ. Бүтээхэд төвөгтэй бөгөөд хамгийн сонирхолтой нь ямар дүр байв?
-Хүн бүхэн дахин давтагдашгүй ертөнц байдаг учраас дүр бүхэн л амаргүй байна. Гэхдээ дуурайхад монгол дүрүүд хэцүү байсан. Харин Шакираг их азтай баззер гэж бодож байгаа шүү. Хэдий нүүр царай нь өөр гэж хэлэгдсэн ч өндөр нам, бие галбир маань төстэй болов уу. Мөн Жим Керригийн дүрдээ хайртай. Дуулалтаас гадна хэн ч дуурайхад төвөгтэй огцом хөдөлгөөн, хошин царай зэрэг нь маш их чадвар шаардсан дүр байсан. Харин хамгийн амархан нь Шанайя Твейн байсан юм. Ерөнхий донж, маяг нь надтай их төстэй. Энэхүү дуучныг дуурайсны дараа энэ яг миний стиль байна шүү дээ, би иймэрхүү хүн юм байна гэж бодсон. Харин найм дахь дугаарт Эминем таарсан. Надаас тэс өөр дүр учраас Эминемийг дуурайж чадах болов уу гэж бодсон ч, энэ бол миний өөрийгөө харуулах боломж гэж ойлгосон. Хүмүүс бол надад удаан темптэй дууг нь сонгохыг зөвлөсөн л дөө. Харин миний хувьд нэгэнт л Эминемийг дуурайх гэж байгаа юм чинь онцлогийг нь харуулах л хэрэгтэй гэж бодсон. Ингээд урын санд нь байх хамгийн хурдан темптэй дуунаас сонгосон юм. Тиймдээ ч “Real slim shady” дууг сурахын тулд хэдэн хоног нойргүй хоносон шүү. Ер нь хаа ч явсан үглээд л явдаг байсан. Бүтэн долоо хоногийн турш л Эминемээр амьсгалсан даа.
-Тиймдээ ч шүүгчид Эминемийн үзүүлбэрт чамлахааргүй оноо өгсөн. Харин та оролцогчдын гурван оноо оновчтой биш байсанд сэтгэл дундуур байгаагаа цахим хуудсандаа илэрхийлсэн байсан?
-Мэдээж бид бүгд л чадлынхаа хэрээр хичээж байгаа. Гэхдээ уралдаан, тэмцээн юм чинь нэг нь түрүүлдэг л жамтай. Тэр өдөр надад багахан аз дутсан л байх. Гэхдээ манай Ариунцэцэг маань ч сайн оролцсон. Ялагч болсонд нь баяр хүргэмээр байна. Гэхдээ сэтгэл гонсойсон. Түүнийгээ нуухгүй.
Учир нь оролцогчдын өгөх гурван оноо шударга, оновчтой байх ёстой талаар нэвтрүүлгийнхний зүгээс маш сайн анхааруулсан. Үзэгчид болоод нэвтрүүлгээ хүндлээрэй гэж хэлсэн л дээ. Миний хувьд ч тэр яг л энэ зарчмын дагуу маш шударга байсаар ирсэн. Гэтэл найм дахь удаагийн гурван оноо шударга өгөгдсөн үү гэдэгт эргэлзэж, басхүү сэтгэл эмзэглэсэн. Гэхдээ гурван оноогоо хэнд өгөх нь тухайн хүмүүсийн эрх байх л даа. Яахав шударга байдлаа бага зэрэг алдчихав уу даа л гэж бодсон. Гэхдээ цаашдаа улам хичээх болно. Одоо хоёр ч дугаар байна шүү дээ. Дараагийн дугаарт PSY-ийг дуурайна. “Gangnam style” дуунаас өөр дууг нь дуулах юм. Одоогоор бүжгийн бэлтгэлдээ орчихсон явж байгаа.
-Таны өвөө бол хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гэх эрхэм хүн. Та өвөөгийнхөө тухай сайхан дурсамжаас хуваалцаач?
-Өвөөгийндөө очих бүрт ёстой л алтан үеийнхэн цуглачихсан, сайхан яриа дэлгээд сууцгаадаг байж билээ. Ер нь өвөөтэй минь холбоотой сайхан дурсамжууд олон л доо. Зээ нар нь өвөөгийндөө очих хамгийн дуртай байж билээ. Нэг удаа бид чанга гэгч нь хөгжим тавьчихсан, хүүхдүүд болсон хойно бужигналдаад л байж байлаа. Гаднаас өвөө ч орж ирсэн. Гэтэл өвөө минь бидний голд ороод л өнөөх хөгжмийн аянд твист бүжиглэдэг юм байна. Маш эвсэлтэй, эвлэгхэн ч гэж жигтэйхэн. Бид нар бүр үнэхээр гайхаж басхүү биширсэн дээ. Эгэл даруухан, цал буурал толгойтой өвөөгөө тэгж бүжиглэнэ гэж бид яаж санах билээ. Залуудаа бол бүр ч сайн бүжиглэдэг байсан байх.
Түүнчлэн би ээжийнхээ мэргэжлийг эзэмшиж төгөлдөр хуурч болохоор шийдсэн нэгэн. Манай Хөгжим бүжгийн коллеж нэгдүгээр ангиасаа эхлээд л жил бүр тайлан тоглолт хийдэг. Тоглолт бүрийг өвөө ирж үзнэ. Тайзнаа гараад л өвөөгөө нүдээрээ хайна. Өвөөгөө харчих юм бол сэтгэл нэг л тэнүүн болдогсон. Жил бүр л тоглолтыг минь ирж үзсэн дээ. Тоглолтын дараа урамшуулж бэлэг өгөөд л удаан гэгч нь духан дээр минь үнэрлэдэгсэн. Одоо ч гэсэн тайзнаа гараад өөрийн эрхгүй өвөөгөө хайдаг. Тэр дүр төрхийг тайзан дээрээс харсаар байгаад дасчихсан юм болов уу даа.
Өвөө минь надад үнэнч, шударга, хөдөлмөрч, бодол санаагаа зөв байлгах ёстой гэж зөвлөдөг байсан. Манай гэрийн хүмүүжил бол энэ л дээ. Мөн уран бүтээл бүртээ чин сэтгэлээсээ хандаж, чанартай байлгах хэрэгтэй гэж захидаг байсан. Хамгийн чухал нь Монголын хөгжмийн зохиолчдын дарагдаад үлдчихсэн олон сайхан бүтээлийг үе тэнгийнхэн болоод хойч үедээ хүргээрэй гэж захисан. Тэр захиасын дагуу монгол хөгжмүүдээрээ уран бүтээл хийсэн дээ.
-Таны “Хэдгэнийн нислэг”, “Тань руу нүүж явна” гэх мэт уран бүтээлүүд хэдийнэ өөрийн сонсогчидтой болсон. Харин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би хамгийн сүүлд “Бөртэ” гэх уран бүтээлээ гаргасан. Түүнээс хойш шинэ уран бүтээл дээр хараахан ажиллаагүй байна. Шоугаа дуусгачихаад уран бүтээлдээ эрч хүчээр дүүрэн орох болно. Маш олон зүйлийг хийх хүсэл тэмүүлэл оргилж байна. Үүнд мэдээж шоу маань нөлөөлж байгаа. Энэ шоунд орсноор би өөрийгөө нээж, олж чадсан. Тиймээс шоунаас олж авсан бүхнээ уран бүтээлдээ тусгаад цааш нь үргэлжлүүлээд явах болно.
-Аав тань урлагийн хүн байдаг уу?
-Аав минь дулааны инженер мэргэжилтэй. Гэсэн ч маш авьяаслаг, урлагт элэгтэй хүн л дээ. Би дуулах авьяасаа ааваасаа өвлөсөн гэж боддог шүү. Харин ээж минь УДБЭТ-д төгөлдөр хуурч мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаад одоо СУИС-д багшилдаг. Би нэг эгчтэй. Эгч минь урлагаас тэс ондоо мэргэжилтэй хэдий ч төгөлдөр хуурыг маш сайн тоглодог. Харин миний хувьд одоогоор “Орчлон” сургуульд төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Оюутан байхаасаа л багшилж эхэлсэн дээ. Тасралтгүй 13 жил багшилчихсан байна шүү.
-Та гэр бүлтэй юү?
-Одоогоор гэр бүл зохиогоогүй байна. Миний хувьд гэр бүл зохиоход яардаггүй. Гэр бүл зохиохоос өмнө өөрийгөө маш сайн хөгжүүлж, боловсруулах хэрэгтэй гэж боддог.