Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банкнаас жил бүр 300 сая ам.долларын зээл авна

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт Монголын Засгийн газарт орж ирнэ. Үүний эхний санхүүжилт болох Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлөөс 2017-2020 оны хооронд нийт нэг тэрбум 350 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан байна. Үүний хүрээнд өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын захирал Аюуми Кониши нар гарын үсэг зурлаа.

Азийн хөгжлийн банкнаас орж ирэх эхний санхүүжилтийг нийгмийн халамж, банкны салбарын хямралаас сэргийлэхэд зарцуулах юм байна. Дараагийн санхүүжилтийг эдийн засаг, боловсрол, дэд бүтэц, байгаль орчны төслүүдэд санхүүжүүлэх юм байна. Азийн хөгжлийн банкнаас нэг хувийн хүүтэй, 105 жилийн хугацаатай зээл олгож байгаа бөгөөд жил бүр 300 гаруй сая ам.доллар шилжүүлж, эхний гурван жил хүүгийн төлбөрөөс чөлөөлж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцлов. Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын захирал Аюуми Кониши “Нэг тэрбум ам.доллар бол их мөнгө. Гэхдээ Монгол Улс урт хугацааны түнш учраас энэ санхүүжилтийг олгох нь зөв. Түншлэлийн стратеги нь “Эдийн засгийн хүндрэлийн үед хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хадгалах нь” гэдэг нэртэй. Энэ нь бид хүндрэлтэй үед алга болохгүй гэдгийг илтгэж байна. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих гурван жил Монгол Улсын хувьд адармаатай жил байх болов уу. Тийм учраас бид Засгийн газартай болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Яг энэ хүндрэлтэй цаг үед халамж, үйлчилгээ авах ёстой хамгийн эмзэг хэсэг рүү санхүүжилтээ чиглүүлэхийг хүсч байна” гэв.

Харин дараагийн санхүүжилт Япон улсын Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа бөгөөд ирэх долдугаар сард хэлэлцээр дуусч, нийт 850 сая ам.долларыг гурван үе шаттай Засгийн газарт өгөх юм байна. Урьдчилсан байдлаар 300 орчим сая ам.доллар болох байх гэдгийг Сангийн сайд хэллээ. Түүний дараа Дэлхийн банкнаас 600 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд авахаар төлөвлөж буй гэнэ. Эхний ээлжинд 79 сая ам.доллар авахаар яриа хийгдэж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *