Categories
мэдээ нийгэм

Ил задгай худалдаалж байгаа хүнсэнд нянгийн бохирдол их байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораториос ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний бохирдлыг тодорхойлох судалгааг Баянгол, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран явууллаа. 2017 оны тавдугаар сарын 03-16-ны хооронд Барс-1 зах, Бөмбөгөр худалдааны төвүүдийг хамарсан уг судалгааны хүрээнд ил задгай, гар дээрээс худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн, худалдан борлуулагч, тэдгээрийн ойролцоох гадаад орчны нийт 110 дээжинд 278 үзүүлэлтээр хими, болон микробиологийн шинжилгээ хийсэн байна.

Ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдхүүнүүд нь эрүүл, аюулгүйн баталгаагүй, эрсдэлтэй хүнсэнд хамаардаг. Өнөөдөр Улаанбаатар хотод 1,3 сая хүн буюу Монгол улсын нийт хүн амын 45 хувь нь оршин сууж орчны бохирдол ихтэй хотуудын тоонд ордог болсон.

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 6.3.-т харьяа дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдахыг хориглоно гэж заасан байдаг. Үүнд жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдаа зэрэг хамрагддаг.

Шинжилгээний дүнгээр хүнсний бүтээгдэхүүн болон түүнд хүрэлцэж буй эд зүйлсийн гадаргуугийн 58.5 хувь нь мөөгөнцөр, E.coli, гэдэсний бүлгийн савханцар зэрэг нянгаар бохирлогдсон байсан бол, худалдан борлуулагчдын гар, ажлын хувцаснууд нь мөн E.coli, гэдэсний бүлгийн савханцараар 100 хувь бохирдсон дүн гарлаа. Эдгээр нь хүний организмд нянгийн гаралтай хордлого үүсгэх боломжтой эмгэг төрөгч бактериудад тооцогддог.

Захуудын ойролцоох хөрсний 50 хувь нь нянгийн тоо хэмжээгээр хоёрдугаар зэргийн буюу бохирдолт багатай, 50 хувь нь гуравдугаар зэргийн буюу дунд зэргийн бохирдолтой гэсэн ангилалд тус тус хамаарч байсан бол хими, хор судлалын шинжилгээгээр гадаа талбайн агаарын тоосжилт, аммиакийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их байна.

Харин худалдааны төвийн дотор агаарын бохирдуулагч бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байлаа. Хүнсний бүтээгдэхүүний худалдаалж буй газрын хүрээлэн буй орчин нь тоосжилт ихтэй, явган хүний гүүрэн гарцны доор, нийтийн тээврийн хэрэгсэлийн зам дагуу, автобусны буудлын хажууд байрладгаас худалдаалагчид нь эрүүл ахуйн, ариун цэвэр сахих нөхцөл бололцоогүй, бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх нөхцөл хангагдаагүй зэрэг нь дээрх үр дүн гарахад нөлөөлж байна.

Судалгааны явцад худалдагч нарын гарыг энгийн үед болон цэвэрлэсний дараах бохирдлыг тодорхойлох туршилт явуулахад нойтон сальфеткаар арчсаны дараа гарын бохирдол 99.45 хувиар буурч байсан нь манай худалдаалагчид цэвэрч байж ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийвэл халдварт өвчнөөс сэргийлэх боломжтойг харуулж байна. Ил задгай худалдаа нь хүн амын дунд хүнсээр дамжих халдварт өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг болж байна гэж судлаачид дүгнэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *