Categories
мэдээ цаг-үе

Тамхи уушги, улаан хоолой, давсаг, амны хөндий, нойр булчирхай, бөөрний хавдар үүсгэдэг

Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхийг эсэргүүцэж байна. Тамхинд хүний бие, эрүүл мэндэд хэрэгтэй ганц ч зүйл байхгүй. Тамхинд 7000 гаруй химийн хорт бодис, хорт хавдар үүсгэдэг 70 гаруй төрлийн бодис агуулагддаг. Хүн яагаад үүнийг нь мэдсээр байж тамхийг сороод, татаад, хордоод байдаг вэ гэхээр хорт бодист нь донтсоных. Түүнээс биш дуртайдаа тамхилаад, тамхинд мөнгөө зараад байгаа юм биш.

Тамхитай холбоотой олон судалгаа бий. Дэлхий дээр ойролцоогоор нэг тэрбум хүн тамхи хэрэглэдэг бөгөөд тэдний 80 хувь нь бага хөгжилтэй орны иргэд гэнэ. Одоогоор жилд дэлхий дээр зургаан сая хүн тамхины хэрэглээнээс болоод нас барж байна. Хэрвээ тамхины хэрэглээгээ даруй танахгүй бол энэ тоо найман сая хүртэл нэмэгдэхээр байгааг тогтоожээ. Тамхины улмаас таван секунд тутамд нэг хүн нас бардаг бөгөөд нэг ширхэг тамхи татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогддог.

Тамхины улмаас нас барж байгаа хүмүүсийн нас баралтын шалтгааны дийлэнх нь архаг бронхит, зүрхний эмгэг байдаг аж. Зүрхний эмгэгээс гадна шигдээс, уушгины өвчин уушги, улаан хоолой, давсаг, амны хөндий, нойр булчирхай, бөөрний хавдар үүсгэдэг. Нэг жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татах нь нэг аяга тамхины бохь уухтай адил гэнэ. Тамхины бохь нь зууралдсан хар хүрэн өнгийн бодис бөгөөд толботуулсан газрынхаа эсэд хортой нөлөө үзүүлэх, хорт хавдар үүсгэх хамгийн хортой бодис. Харин тамхинд агуулагддаг никотин нь хүчтэй мансууруулагч, тамхины донтолтыг бий болгодог гол зүйл нь. Никотин нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний цохилтыг хурдасгана. Арьсны дор байдаг судасны ханыг нарийсгаснаар үрчлээ үүсгэдэг. Никотин нь анхны таталтаас хойш долоон секундийн дараа тархинд, 15-20 секундийн дараа хөл гарын мэдрэлд нөлөөлдөг.

Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ. Нэг ширхэг янжуурт байгаа никотины үйлчилгээ хүний биед найман цаг хүртэл байдаг ба үйлчилгээ нь дуусвал хүний бие, сэтгэл түүнийгээ үгүйлж тамхи татахаас аргагүй байдалд хүргэдэг. Энэ л тамхинаас гарч чаддаггүй шалтгаан. Тиймээс тамхи үйлдвэрлэгчид, наймаачдын ашиг олох ганц зэвсэг нь никитон гэж болно.

Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд нэг цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцдэг юм байна. Харин жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг тав дахин илүү хорддог аж.

Тамхинд агуулагддаг бохь нь уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бол арзен гэдэг бодисоор хулгана, мэрэгчдийг устгахад ашигладаг. Харин цианидыг хорт хийн камерт ашигладаг юм байна.

Тамхи гээч энэ хэрэггүй хэрэглээ эрүүл мэндэд ийнхүү хор хөнөөлтэй бол гадаад гоо сайхныг ч заналхийлдэг. Тамхи татахад амнаас эвгүй үнэр гарч, хувцас, үс, арьсанд тамхины эхүүн үнэр шингэж, наснаасаа овортой харагддаг. Түүнчлэн гарын хуруу шарлаж, хуурайшиж эвэршдэг. Шүд шарлаж, хорхойтох, буйл үрэвсэх нь бусад хүмүүсийнхээс илүү байдаг. Түүнчлэн бүрэн дүүрэн амьсгалж чадахгүй болдог учир хүчилтөрөгчийн байнгын дутагдалд орно. Биеийн дархлаа суларч илүү өвчлөмтгий болох ба амьсгалын замын өвчин, ханиад, хатгаагаар өвчилбөл эдгэрэх нь хэцүү. Нүүрний арьс өнгөө алдаж, үс, хумс хугарамтгай болдог.

Монгол Улсын хувьд тамхи гэдэг хорт бодист “идэвхтэй” хордож байгаа үндэстэн болоод байна. Манай улсын эрэгтэйчүүдийн 67, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг бол нийт залуучуудын 14.3 хувь нь тамхи татдаг аж. Тэрэн дунд хөвгүүдийн 20.3, охидын 8.3 хувь нь тамхи татдаг ажээ. Энэ судалгааг ДЭМБ-аас тухайн улсуудад дөрвөн жил тутамд нэг удаа гаргадаг юм байна. Уг судалгаагаар манайх тамхидалт, дам тамхидалт жил ирэх бүр эрчтэй нэмэгдэж байгаа орнуудын тоонд ороод байна. Уг нь Монгол Улс ДЭМБ-аас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцид 2003 онд нэгдэн орж Тамхины хяналтын тухай хуультай ч болсон. Уг хуульдаа 2015 онд өөрчлөлт оруулсан нь тамхидалтыг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн гэж дүгнэдэг. Тамхи татах цэг, байшин дотор нэг газарт тамхины өрөө байгуулахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь зөвшөөрч батална гэсэн өөрчлөлт нь эргээд ДЭМБ-ын конвенцийг зөрчсөн үйлдэл болсныг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Энэ мэтээр манайх хууль, дүрэм, журмаараа Тамхины хяналтын суурь конвенцийг зөрчихөөс гадна баталсан хуулиа ч хэрэгжүүлэх тал дээр сул, хойрго байдаг. 2015 онд тамхины хуульд өөрчлөлт орж хэрэгжиж эхлэх үед улс орон даяар тамхины эсрэг сурталчилгаа идэвхитэй өрнөж хувь хүн, албан байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцсон ч тэр байдал нь 2016 оны дунд үеэс эрс суларч байгааг судалгаанд оролцсон иргэд хэлжээ. Уг нь манай улс ДЭМБ-аас гаргасан уг конвенцид нэгдэн орсон эхний зургаан орны нэг юм байна.

Өнөөдөр тамхины эсрэг өдөр учир нийтлэлийнхээ төгсгөлд тамхинаас гарахыг хүсч байгаа хүмүүст зориулаад мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөөг хүргэе.

Тамхинаас гарахад дөрвөн том үе шат байдаг аж.

1. Тамхиа хаяхад бэлтгэх

  • Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла!
  • Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ээ хая
  • Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
  • Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
  • Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд. Өөрийнхөө итгэл, үнэмшилд залбир, мөргө

2. Тамхиа хаях

  • Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай
  • Оюун санааны хүчээ бүрэн ашигла
  • Тамхи татах хүслээ нэг, хоёр удаа тэсэн өнгөрөөж тамхи татаагүйдээ өөрийгөө урамшуул
  • Тамхи татах хүсэл 3-5 минут хэртэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд тэвчиж тамхи татахаас зайлсхий
  • Тамхи татмаар болсон үөдээ 2-3 удаа гүн амьсгал авахад та тайвширч тамхи татах хүсэлгүй болно
  • Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга цэвэр ус аажмаар шимж уу
  • Тамхи татах зав бүү гарга

3. Тамхинаас ангижрах

  • Үгүй, татахгүй гэж хэлж сур
  • Тамхи асаах шалтаг бүү гарга
  • Какао, кофе, коко кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнсийг бүү хэрэглэ
  • Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт)

4. Тамхи татахгүй чигээрээ үлдэх

  • Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод
  • Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий
  • Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц
  • Тамхи татдаггүй болсноо бусдад харуул.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *