Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Түүнийг огцруулах саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирсэн байна. Засгийн газрын гишүүд түүнийг огцруулах нь зөв гэж үзсэний дараа МАН-ын бүлэг яаралтай хуралдаж Ж.Батсуурийг огцруулах Ерөнхий сайдын саналыг дэмжих нь зөв гэж үзжээ. Ж.Батсуурь сайдыг огцруулах болсон гол шалтгаан нь Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын материалын хариу задарсан болон 29 дүгээр сургуулийн асуудлаас болжээ. Ийнхүү сонгуулийн өмнө зохисгүй үйлдэл удаа дараа гаргасан тул түүнийг огцруулах нь зөв хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үзсэн байна. Хариуцсан салбар сул, удирдлагууд нь хоорондоо таарамжгүй байдаг нь түүнийг огцруулахад голлох нөлөө болсон аж. БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Э.ЭНХ