“Өдрийн сонин”-ы 2017.05.24-ний ЛХАГВА гаригийн №116(5683) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-уиХ-аар Эрүү, Зөрчлийн тухай хуулийг хэлэлцүүлэх явцад эсэргүүцэх гишүүн нэлээн гарсан. гэхдээ хэлэлцэж буй хуулийг биш таныг эсэргүүцэж байна уу даа гэж харагдаж байна лээ. Юунаас болж таны эсрэг уур амьсгал бүрдсэн юм бэ?
-Би нэг л зүйл хэлье. Хамгийн амархан ажил бол юу ч хийхгүй, хүн шүүмжлэх шүү дээ. Тэр ажлыг манай зарим нэг гишүүн их сайн хийх юм. Хүн шүүмжилж, доромжилж буйгаараа өөрийнхөө тойргийнхонд ажил хийж байгаа мэт харагддаг бололтой. Түүнээс биш УИХ-ын 76 гишүүний бүгдэд хууль санаачлах эрх байгаа. УИХ-аар батлагдах гэж байгаа бүх хуульд өөрийн саналаа оруулах, зарчмын зөрүүтэй санал хураалгах эрхтэй. Хуралдаж байгаа бүх Байнгын хорооны хуралд оролцож саналаа хэлж болдог. Тийм учраас ажил хийдэггүй, хов ярьдаг хүмүүсийн өмнөөс тайлбар хийх шаардлага надад байхгүй.
-Таны оруулж ирсэн хуулийн төслийг шүүмжлэх асуудал бас байгаа. “Х.нямбаатарыг ямар хуульч гэдэг юм” гэж хэлсэн гишүүн ч байгаа. Та ер нь ямар сургууль төгсөж энэ чиглэлээр хаана, хэдэн жил ажилласан юм бэ?
-Би 2000 онд “Орхон” их сургуулийг төгссөн. Тэрнээс хойш хуучнаар Цагдаагийн академи төгссөн. Хууль зүйн ухааны магистр, Боловсрол судлалын магистр зэрэгтэй. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, хуульчдын холбооны гэрчилгээтэй. Гэлээ гээд шүүмжилж, доромжлоод байгаа хүмүүст очиж шалгуулалтай биш дээ. Ямартай ч энэ салбарт 17 жил тасралтгүй ажиллаж байна.
Сургуулиа төгссөнөөс хойш би гурван ажил хийсэн. Багшилсан, өмгөөлөл хийсэн, нутгийн захиргааны байгууллагад ажилласан. Миний мэдлэг боловсролд эргэлзээд байгаа бол янз бүрийн шалгадаг байгууллагад матаас бичээд шалгуулж болно. Хоёрдугаарт гэвэл, би таны хэлсэн хуулийн төслүүд дээр ганцаараа ажиллаагүй. Хууль зүйн салбарын 40 орчим эрдэмтэн, мэргэд, судлаачид, практик ажил хийдэг хүмүүстэй хамтарч гаргаж ирсэн хуулийн төсөл. Би дахиад хэлчихье. Хуулиа уншаагүй байж дээгүүр харж хүн шүүмжилдэг хүн бүрт тайлбар өгөөд явах зав алга. Тэгээд ч монгол ардын зүйр үг бий. Хуцаж буй нохой болгон руу чулуу шидээд ч яахав дээ. Хүрэх газраа хүрч чадахгүй болчихно биз дээ.
-Хуулийн ямар заалтаас болж таныг эсэргүүцээд байгаа юм бэ?
-Яг ямар заалтаас болж шүүмжлээд байна вэ гэхээр юм хэлдэггүй. Хэрэв болохгүй, эсхүл буруу заалт ороод ирсэн бол тэрийг хэлэлцүүлгийн шатанд засаад явах боломж бий. Гэтэл тодорхой заалт ярьж байгаа хүн байдаггүй. О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах гэх заалтыг аваад хаячихлаа гэж нэг хэсэг дөвчигнөсөн. Мансууруулах бодистой тэмцэх тэмцэл үгүй болчихлоо гэж бас ярьсан. Гэтэл тэр хүн өнгөрсөн дөрвөн жилд өөрөө тэр хуулийг баталсан биз дээ. Би тэр үед парламентийн гишүүн байгаагүй. Санаж, сэрдэг бол хоёр жил гаруйн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх нээлттэй байсан. Гэхдээ яахав дээ, ингэж ажил хийж буй хүнийг шүүмжлэх нь байдаг л зүй тогтол шиг байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр л эрх барьж буй намыг муухай харагдуулахын тулд юугаар ч хамаагүй сенсаацладаг үзэгдлийн нэг гэж харж байгаа.
-Гэхдээ танай намынхан чинь тан руу дайрсан биз дээ?
-Шүүхээс буцна, буцахгүй гэх асуудал маргаан дагуулсан. Тэрийг Ардчилсан намын бүлгээс гаргаж ирсэн. Гэтэл тэд өөрсдөө өнгөрсөн УИХ-ын үед баталсан байдаг. Нэг ёсондоо өөрсдийнхөө баталсан хуулийн эсрэг зүйл л яриад байгаа юм. М.Билэгт гишүүн намайг албан тушаалын хэргийг хохиролтой болгож байна гэж шүүмжилсэн. Одоо тэр хууль баталсан учраас www.legalinfo.mn цахим хуудсанд тавигдана. Тэр үед нь хараарай. Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт хохиролтой хэдэн хэрэг байна, хохиролгүй хэдэн хэрэг байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий. Сонссон болгон үнэн биш. Хуулиа унших хэрэгтэй, судлах хэрэгтэй. Гэхдээ над руу биш, эрх барьж буй нам руу л дайрч байгаа хэлбэр болов уу. Хэдэн нөхөд нийлчихээд дороо коммент бичдэг хөлсний хүн цалинжуулаад өдөр бүр дайраад л байх шиг байна. Тэд нь дандаа гүтгэлгийн мэдээлэл тараадаг. Би харин тийм хүмүүсийг ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагаар шалгуулъя гэж бодож байгаа.
-Ямар хүмүүс вэ?
-DMNN гэж фэйсбүүкийн хуудас байгаа. Тэнд миний талаар маш олон удаа гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан. “Танхай эмээ” гээд хуудас бас бий. Гэхчлэн хэд хэдэн хуудсыг шалгуулна. Ер нь тэгээд зургадугаар сарын 1 гэхэд хаврын чуулганы эхэнд батлагдсан хуулиуд www.legalinfo.mn цахим хуудсанд нийтлэгдчихнэ. Тэр үед хуулиа харна биз. Буруутгаж байгаа зүйл байгаа бол хуулиа эхэлж харчихаад маргалдаж болно. Тийм эрх нь нээлттэй. Би нийгэмд шударга ёс тогтоосой, дэг журам тогтоосой гэдэг үүднээс л ярьж, ажиллаж байна. Түүнээс биш өмнөх УИХ-ын үед Ардчилсан намынхан баталсан шиг авлигачдыг өршөөсөн хуулийн төсөл санаачлаагүй. Харин нарийн яривал ноцтой ярих зүйл бий. Тэдний баталсан хуулийн балгаас болж өнөөдөр Монгол Улс хар жагсаалтад орчихсон яваа. Яагаад тэрийг ярихгүй байгаа юм бэ. Авлигаар 33 их наяд төгрөг зувчуулсан хүмүүсийг бүгдийг нь уучилж, өршөөсөн. Тэрнээс болж Монгол Улсыг хар жагсаалтад оруулах шийдэл гарах гээд байна.
-Гишүүд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй байгаад байсан. Ямар өөрчлөлт орсон юм бэ гэхээр та хувийн хуудсандаа байршуулсан гэдэг. Таны хувийн хуудас гэж www.parliament.mn дээрх хуудас мөн үү?
-Гишүүн бүрт ipad тарааж өгсөн. Дотоод сүлжээгээр дамжуулж хэлэлцэж буй бүх хуулийн төслийг ipad руу нь явуулдаг. Мөн цаасан хэлбэрээр тарааж өгдөг. Өөрсдөө тэрийг уншаагүй байна гэдэг бол тухайн хүний л асуудал. Хууль тогтоомжийн хуулийг би хоёрдугаар сард санаачилсан. Санаачилсан хуулийн төслөө өөрийнхөө цахим хуудсанд байршуулаад хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан шүү дээ.
-Ер нь гишүүд өөрсдийн санаачилсан хуулийн төслүүдээ бусдадаа хэрхэн түгээдэг юм бэ?
-Засгийн газар, УИХ-аас өргөн барьсан бүх хуулийн төсөл бүх гишүүнд цаасаар очдог. Мөн ipad-нд очиж байгаа. Өөрсдөө уншихгүй л байгаа байхгүй юу. Бүгд тийм биш л дээ. Гэхдээ бэлдээд өгсөн хуулийн төслийг уншдаггүй, судалдаггүй гишүүд бий. Ажил хийж байгаа хүнийг шүүмжилдгийг ойлгохгүй юм.
-Таныг бас залуу гишүүн учраас Засгийн газрын гар хөл болоод байна уу гэх хардлага яваад байгаа. Уг нь УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой биз дээ?
-Нэгдүгээрт, Засгийн газрын гар хөл болсон зүйл байхгүй. Хоёрдугаарт гэвэл би УИХ-ыг оны ялгаа гаргадаг цэргийн байгууллага гэж бодохгүй байна. Адилхан ард түмнээс сонгогдож мандатаа авсан хүмүүс. Үндсэн ажил нь хов ярих биш, хууль санаачилж батлуулах. Тэр утгаараа асуудалд хандах ёстой. УИХ-ын гишүүний өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах, өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй. Тиймээс гишүүд энэ ажлаа хийгээсэй.
-Та хаврын чуулганы үлдсэн хугацаанд ямар хуулийн төсөл оруулж ирэх вэ?
-Боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иргэдээсээ санал авахаар өөрийн хуудсандаа байршуулсан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд байрлуулсан байгаа.