Categories
мэдээ цаг-үе

“Цэвдэг жаран”-ы нууцыг тайлсан зохиолчийнх

Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавынд өнжлөө. Д.Нацагдоржийн шагналт зохиолч, МУИС-ийн доктор энэ эрхмийнх дөрөвдүгээр хорооллын эцэст хуучны гурван өрөө байранд даруухан аж төрж байна. Биднийг баасан гаригийн өглөөний 09.00 цагтай уралдан хаалганых нь хонхыг дарахад Цэнджав доктор хаалгаа тайлж өглөө. Эзэгтэй шүдний эмчид цаг авсан учир өглөө эртлэн гарчээ. Гэрийн эзэн таваглаж бэлдсэн самар, чихэр, сүүтэй цай тэргүүтнийг өмнө дэлгэлээ. Эзэгтэй хичээнгүйлэн захиж бэлдэж үлдээсэн нь илт. До.Цэнджав докторынх сүүлийн үеийн сонин хачнаар дүүрэн байгаа нь гэрийн эзний өмнөө дэлгэсэн гар бичмэлээс илхэн. “Цэвдэг жаран” гэсэн гарчигтай зузаан гэгчийн эх бичмэл хорхой хүргэнэ.

Цэнджав доктор америкт ажилладаг охиныдоо очиж зээгээ харах далимдаа романаа гүйцээгээд иржээ. Үнэн хэрэгтээ гэрийн эзэгтэй Тэгшжаргал зээ хүүтэйгээ өдрийг гангар гунгар хийсэн шигээ өнгөрөөж, гэрийн эзэн зохиолоо бичсэн шигээ бүтэн улирлыг барж. Шөнийн арван хоёр хүрэх энүүхэнд, үүрийн дөрөв, тав гэж босох нь наахны хэрэг байсан гэнэ. До.Цэнджав доктор эхнэрийнхээ аягалж өгсөн мөнгөн аягатай сүү амтагдсан цайг оочлонгоо “Зохиолч хүн болж өгвөл орчноо өөрчлөх хэрэгтэй юм билээ. Довон дээрээ аж төрөөд байхаар сэтгэлгээний хувьд сэтгэл нь ханасан, эх орноо санах сэтгэлгүй, халгисан улс л байдаг юм байна. Эх орноо санаж шаналж байх үеийн сэтгэлгээ үнэхээр мундаг. Японы дэлхийд гэж яригддаг Мураками гэхэд л том зохиолуудаа Америкт очиж хийдэг нь цаанаа ийм учиртай юм билээ шүү” гэж байна. “Энэ цаг үеийн амьд байгаа зохиолчдоос хамгийн агуу нь Мураками гэх юм. Яг юу нь агуу байна аа” гэхэд ”Над шиг жар гарсан хүн өөрийгөө дөвийлгөөд яах ч билээ. Муракамигийн дүрийн сэтгэл зүй, мэдрэмж нь гайхалтай. Түүнээс бусдаар Мураками онцгой санагдаагүй. Манай зохиолчид мундаг. Гэхдээ англи хэлгүй гэсэн том зовлон, саад бидэнд байна” гэсэн тоомжиргүй хариу өгөөд нөгөө өрөө рүүгээ алхлаа.

Зочны өрөөний нэг хана “Юань улсын судар”-аас эхлээд хайрлаж харамлам номоор дүүрэн, жижиг өрөө нь тэр чигтээ номонд умбасан энэ гэрт өдрийн хугасыг өнгөрөөхөд цаанаа л нэг сэтгэлд дулаан мэдрэмж төрнө. Америкаас жин тан болж ирсэн “Цэвдэг жаран”-ы тухай хууч өрнүүлмээр оргиод болдоггүй. Хэдэнтээ асуусны эцэст бэлэн болсон бичмэлээ дэлгэнгээ “Гучаад оны хэлмэгдлийн тухай роман л даа. Маш эгзэгтэй үе байсан. Дотроо баруун зүүн гээд хуваагдчихсан. Коментерний бодлого хүчээ авчихсан. Монголоо яаж чирч гарах вэ гэсэн эх орончдын сэтгэл өдөр, шөнийг ялгалгүй чилсэн тийм л хэцүү бэрх үе. Нэг талд Хятад булаах гээд, нөгөө зүгт оросууд өөр бодолтой. Лидерүүдийн зөрчил газар авчихсан. Чойбалсан, Амар, Гэндэн, Дэмидийн тухай энэ романд гарна. Чойбалсангийн хувьд 1921 оны хувьсгалд ямар мөртэйг нь монголчууд мэднэ. 1940 он хүртэлх мөр нь бараан шүү. 30 гаруй мянган хүний аминд хүрсэн гэх гашуун үнэн бий. Улстөрийн лидерүүд, лам нар, алтан ургийнхан гээд нийгмийн элит хэсгийг хүйс тэмтэрсэн” гэж байна. “Х.Чойбалсан үнэхээр муу хүн үү, эсвэл цаг үеэсээ шалтгаалаад яах аргагүй байдалд орсон хүн үү” гэж тодруулахад “Оронд нь хэн ч байсан тэгэхээр юм билээ. Мань эр хамгийн сүүлд хувьсгал эхлүүлсэн долоогийнхоо Лосол, Догсом хоёрыг баривчлаад бодож эхэлж байгаа юм. Мөр зэрэгцэн хувьсгал хийж явсан нөхдийнх нь сүүлч наадам болохын өмнөх өдөр өөрийнх нь тушаалаар баривчлагдана гэдэг бэрх л дээ. Тэр үед, нэг л биш боллоо гэдгээ ухаардаг. Нөхдөө гараараа дуусгасны учир юунд байна, ямартай ч тусгаар тогтнолоо аварч гарлаа, одоо цаашид тэвчихгүй ээ, шударгаар үзнэ гэсэн Чойбалсангийн бодол ухаарлаар миний роман төгсөнө. Эмгэнэлтэй ч төрийн роман учраас гэрэлтэй, гийж төгсөх учиртай. Чойбалсан ухаарч байгаагаар төгсөнө гэдэг цаанаа ийм учиртай” гэж ярилаа.

Цэнджав доктор романаа бичих гэж арав гаруй жил судалгаа хийжээ. Чойбалсангийн үеийнхэнтэй уулзсан уулзалт тоогоо алдсан гэж байна. Сүүлд гэхэд Чойбалсангийн нарийн бичгийн дарга Шагдарсүрэн гуайтай хууч хөөрчээ. Жанжны дэргэд арав гаруй жил байсан Шагдарсүрэн гуайгаас нарийн ширийн зүйлс их сонссон гэнэ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Бямбаагаас өнөөгийн бидний мэдэх нь байтугай гадарлах ч үгүй нууцуудыг сонсчээ. Ер нь манай түүхчдийн тэр бүр орж судалж чадаагүй нууцуудыг мэдэж авсан юм байна.

“Нууц гэдэг үг сэтгүүлчдийн хувьд загатнасан газар маажих шиг болдог шидтэй эд. Ганцханыг нь жишээ болгож яриач” гэлээ. Зохиолынхоо эх хувийг дэлгэнгээ ганц нэг хуудсаар эргүүлж суусан До.Цэнджав доктор “Чойбалсан 1928 он, гучаад оны үед Орост байгаад чимээгүй болчихсон. Намтрыг нь бичигчид энд очоод зогсчихдог. Тэр нууцыг би мэдэж авсан юм. Лхүмбийн хэрэгт хүчээр хэлмэгдүүлж, нэлээд нарийн шалгаж, байцааж, тамлаж байгаад гар хөлөө болгосон байдаг юм. Бараг КГБ-д элсүүлсэн. Тэгээд ухамсрын шанаа өгсөн. Яг өөрийн хүн болгосон гэсэн үг. Энэ цаг үеийн тухай түүхчид таамаг л дэвшүүлдэг. Чойбалсан хойд хөршид авгайтайгаа, туслахтайгаа очсон юм билээ. Туслахынх нь яриаг сонсох нь ээ жанжин өглөө эртээ гэгч гараад орой нь маш баргар царайтай ирдэг байж. Ирэхгүй өдөр ч цөөнгүй. Амралт, сувиллаар явж байж яагаад ингэж барайж ирдэг юм бэ гэж асуухаар нэг их уртаар санаа алдаж, та нарт хэлж болохгүй юм байна аа, болохгүй юмтай зууралдчихлаа гэдэг байж” хэмээн хэлээд урдаа байгаа мөнгөн аягатай цайг удаанаар оочлов. Сталиныг алгадаж явсан гэх Пэлжидийн Гэндэн хэмээх хөдөөх эрийг сонирхмоор санагдаад “Гэндэн Ерөнхий сайдын талаар хүмүүсийн мэдэхгүй хэр мэдээлэл цуглуулсан бол. Аль муугаар нь хэлэх хүмүүс ч байдаг. Сайнаар хэлэх жишээ ч цөөнгүй дуулддаг” гэж сониучирхлаа. Цэнджав докторын нүд сэргэснээ “Гэндэн их тод гарна шүү. Ер нь аливаа улс төрийн зүтгэлтэн хоёр талтай. Сайн, муу аль нь ч бий. Гэндэнгийн хувьд боловсрол муутай, хөдөөний задгай хар ухаантай, амьдрал мэддэг, сайн ярьдаг тийм л хүн. 1924 онд ирж хуралд оролцоод л өөрийгөө таниулчихсан” гээд эх бичмэлийнхээ хуудсыг шалмаг гэгч нь эргүүллээ. Гэндэнгийн үгийг сонсч суусан Ерөнхий сайд Цэрэндорж “Амьдрал мэддэг хүн Бага хурлын дарга байх хэрэгтэй. Арвайхээрийн хазгар нөхөр саруул ухаантай хүн шиг санагдлаа. Тал талаас нь дэмжихэд малчин хүн дарга болж яагаад болохгүй билээ” гэж л дээ. Цаадуул нь “Бичиг үсэг тааруу юм билээ” гэж болгоомжлоход Ерөнхий сайд Цэрэндорж тэргүүтнүүд “Бичиг үсгийг сурна шүү дээ” гээд зүтгүүлж. Ингээд л XX зууны эхэн үеийн Ерөнхий сайд нарын нэг түүхийн тавцнаа гарч иржээ. “Гэхдээ Гэндэн бичиг үсэг сураагүй явсаар дууссан даа” гэсэн зохиолчийн үг чихний хажуугаар өнгөрсөнгүй.

“Гэндэн Сталиныг үнэхээр алгадсан болов” уу гэсэн сониуч асуулт өнөө хэр түүх судлаачдын дунд бий. До.Цэнджаваас энэ талаар асуухад “Ер нь их зоригтой хүн. Сталиныг арай ч алгадаагүй юм билээ. Согтоод яаж ч магадгүй хүн байсныг нь мэдэх, гадарлах хүмүүс нь үгүйсгэдэггүй. Гэндэн Сталины үгэнд ер ордоггүй байсан. Лам нараа устга гэхээр үгүй гэчихнэ. Цаанаас чинь Япон орж ирэх гээд байна, алийг нь дагах гэж байгаагаа хэл, дайсныг дагавал туслахгүй шүү гэхээр нь бас дуугарахгүй. Дотор бодолтой хүн л дээ. Япон бол түшиж болох орон гэдгийг харчихсан байсан юм билээ. Хоёр улсын хоорондын л маргаан, манайх оролцох албагүй гэсэн улстөрийн хатуу бодлоготойгоо хэлчихсэн. Согтохоороо оросуудаа тувт шүүмжилнэ. Сталиныг хуцан хамарт гэнэ. Хуцан хамартаас айхгүй гэж онгирно. Сталины зориуд зохион байгуулсан хүлээн авалт дээр их согтсон байдаг юм. Сталин “Чи муу Чингисийн гөлөг” гэнгүүт “Гүржийн бух шүү дээ чи” гэж. Маргасан, боссон, заамдсан, босонгуут нь шкаф шиг улс дор нь хэмхчих шахаад бариад авалгүй хаачихав. Өөрөө өөрийгөө л алсан хүн” гэж хэлээд санаа алдаж байна.

Гэрийн эзэн “Зохиол бичихийн 80 хувь нь баримт цуглуулах. Зохионо гэж яриад байгаатай би санал нийлдэггүй. Зүй нь туурвигч гэж ярих учиртай. Дээшээ хараад зохиодог байдал явахаа өнгөрсөн. Баримтат уран сайхны роман энэ цагт хөгжиж байна” гэж ярилаа.

Удам судрын тухай хуучаар бидний яриа үргэлжиллээ. До.Цэнджав доктор “ Бид чинь их урагшаа хөөвөл Батмөнх Даян хаан, Гэрсэнзийн удам юм билээ. Угсаа залгамжилсан цагаан ясны тайж улс л даа. Ээжийн аавын аав Мэндбаяр туслагч гэж байсан. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны туслагч. Хошуу ноёны дараагийн хүн гэсэн үг. Жинхэнэ тамгыг нь барьдаг, хэргийг нь нийлдэг мундаг алба. Улиастайн амбаны газар хэрэг нийлнэ, эр төөлнө. Эрчүүдийг нас шүдээр нь ялгаж цэрэгт явах гэх мэт ажилд хариуцахыг эр төөлнө хэмээдэг. Манжийн үеийн зүтгэлтэн гэсэн үг. Манай говийнхон даруухан. Богдод баахан хандив өргөөд бэйл, бэйс, гүн, чин ван болно гэсэн хүсэлгүй. Нэлээд догшиндуу хүн байж. Үүдээр нь морьтой хүн өнгөрдөггүй. Өнгөрвөл эмээлийг нь хуулж аваад мянга мөргүүлнэ. Манжийн үеийн ёс л доо. Ёсоо л дагаж байгаа хэрэг. Түүний хүү нь Цэдэв тайж. Жинхэнэ даруу номын хүн байж. Ерөнхий бичээч. Хачин гоё бичнэ. Гар бичмэл нь бий. Дараагийнх нь Чоймбол аграмба. Гавж хүн ч байлаа. Миний ээжийн удамд жирийн хар хүн нэг л байж” хэмээн ярилаа. Ээжийнх нь талын ах дүү зургааг хэлмэгдүүлэлтийн үед цаазаар авч байсан гэнэ. Одоогоор нэг гэрийн ах дүү зургааг цаазаар авсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Ах дүү зургуул тайж, лам байсан нь эдний гэр бүлд асар уй гашууг авчирчээ. До.Цэнджав гуай ааваараа бол Со жанжны удмын хүн юм билээ. Аавынх нь өвөг Манжийн үед урд талын хилийг хамгаалж байж. Аав, ээж нь амьдралын эрхээр тусдаа аж төрсөн учраас ээжээрээ овогложээ.

Гэрийн эзэн Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны түүхийг нутгийнхаа түүхч өвгөн Дондовтой хамтран бичиж эхэлсэнээ сонирхуулав. Тэрээр Америк яваад улам дурлах болсон араб кофегоо чанаж өгөх зуураа “Түүх багаддаггүй. Бага түүх, бага хүн гэж үгүй. Ямар ч хүн мөр гаргаж байгаа л бол өөрийн гэсэн түүхтэй. Бид тоомсоргүйгээр том том түүх ярих дуртай. Их Монгол энэ тэр гээд мэдэх мэдэхгүй юм хичнээн ихийг ярьдаг билээ. Эхлээд хошуудын түүхээ сайн мэдэх хэрэгтэй гэж боддог. Хаа очиж түүхийн эрдэмтдийн сайхан залгамж гарч ирсэнд олзуурхаж суудаг. Чулуун, Дэлгэржаргал, Содбилэг гээд мундаг залуус олон байна. Том түүхч бага орноо авардаг юм билээ. Хятад, Солонгос, Тайвань, Японы хооронд Сенкаку гээд нэг арлын маргаан болсон доо. Тэгэхэд түүхчид нь л хоорондоо маргаж байх жишээний. Манай түүхчид оюун санааны ийм байлдаанд бэлэн байх ёстой” гэж ярилаа.

Гэрийн эзэн чанасан кофегоо аягалах зуураа “Зарим солиотой нөхөд Чингис хаан гэж хэн юм, бэлтгэгдсэн арми гэж байгаагүй, яалаа гэж хэдэн мянганы түүхтэй Европын бэлтгэгдсэн армийг ялдаг юм гэдэг. Сүүлд Оросын нэг солиотой түүхч тэгж хэлсэн шүү” гэж байна. Тэгэхээр нь философич Молор-Эрдэнийн Чингисийн талаар хэлсэн үг дээр ямар байр суурьтай явааг нь сонирхмоор санагдаад тодруулж асуутал “Молор-Эрдэнийн хэлсэн үгний 30-40 хувийг нь үнэн гэж боддог байсан ч сүүлийн үед нэг л биш болсон. Бас юу гэчихэв ээ” гээд нүдээ томруулав. Молор-Эрдэнийн сүүлд хэлсэн байр суурийг нэг бүрчлэн тайлбарлатал дургүйцээд жигтэйхэн. “Нэг удаа архив үзээгүй, сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхөр Германы хоцрогдсон философийг уншиж ирээд галзуурч байгаа нь тэр л дээ. Шизофрений философи гэж хүртэл бий. шүү дээ. Нэр хаягаа ч зөв хэлж чадахгүй яваад нь голох сэтгэл төрдөг. Ар Монголын түүх гэж яриад байдаг. Ар Монгол гэдэг чинь өнгөрсөн зууны арваад оны нэр томьёо. Тэрийгээ ч ялгахгүйгээр түүх ярина гэдэг эмгэнэл. Хамаг хүнийг доромжилж дууслаа. Ийм балай амьтдаар Монголын оюун санааг доромжлуулаад дуугүй сууж болохгүй. Ямар азаар “Монголын нууц товчоо” үлдэж, Карпини, Рубрук дэлхийд тэр цагийн түүхийг бичиж үлдээсэн юм бэ. Ийм мундаг хүмүүс Их Монгол Улсын түүхийг цагаан дээр хараар бичиж үлдээгээгүй бол Молор-Эрдэнэ мэтийн нөхөд алах нь л дээ. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг. Баабарыг муу хэлснийг нь лав тод санаж байна. Баабарын хувьд ийм амьтантай яриад яахав дээ л гэж бодож суугаа байх. Баабар шиг уншсан, тав зургаан хэлээр мэдэрдэг хүн ийм хүнтэй ярихгүй л дээ. Гэхдээ нэг том аюул бийг мартаж болохгүй. Юу ч мэдэхгүй залууст Молор-Эрдэнэ мэтийн үг хөөргөн сайхан санагдаж байгаа” гэж ярилаа.

Удам дамжсан, 200 жилийн түүхтэй эд зүйлс

Гэрийн эзэн Дундговь аймгийн Гурвансайхан сумынх аж. Сумын номын сан нь өөрийнх нь нэрэмжит гэнэ. Намраас сургууль орохоор номынхоо талыг нь сургуулийнхаа номын санд хандивлахаар болж. Эдний жижиг, том өрөө номоор дүүрсэнээс гадна лагерийнх нь байшин номын өргөө гэж хэлэхээр болчихсон гэнэ. Эхнэртээ цаасан хайрцаг захисан гэж ярилаа. Цаасан хайрцагнууд бэлэн болонгуут номоо бэлдэж эхэлнэ гээд жигтэйхэн догдлолтой сууж байна. Сумынхаа номын санд өгөхөөр бэлдсэн номуудаас “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн гурван боть анхаарал татна. Гэрийн эзэн “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн хариуцлагатай редактораар ажиллажээ. Хөл гишгэх зайгүй шахам ном өрсөн жижиг өрөөний номын тавиур дээр тавьсан яст мэлхийн хэлбэртэй чулуу сонирхол татаад болдоггүй. Учрыг нь асуутал “Төрсөн гэрийн минь буурин дээр энэ чулуу байсан. Мэлхий хэлбэртэй болохоор хүмүүс их сонирхдог юм. Нүцгэн талд ийм чулуу байна гэдэг гайхам шүү. Чулуу гэдэг байгалийн эд эс. Байгаль чулуугаа харамлана. Гуйж аргадаж байж авсан” гэж хэлээд нэгэн хөгжилтэй хэрнээ сургамжтай түүх ярив. Цэнджав доктор уржнан Өмнөд Монголын оюутнуудтай Хэнтийгээр явжээ. Дадалын ойролцоо явж байгаад амрахаар түр буудаллатал хачин гоё чулуудтай газар таарч. Урд зүгийн залуус өнөө чулуудыг булаалдан түүхэд гэрийн эзэн “Чулуу бүхэн амьтай. Хамаагүй авбал амьтай чинь яригдана шүү” гэж хэлээд болиулсан гэнэ. Цэнджав доктор төрсөн гэрийнхээ бууринаас олсон мэлхий дүрст чулууг илэнгээ “Буриадын хамба Аюушжав гэж хүн бий. Оросын Ерөнхийлөгч Путины Буддын шашны зөвлөх. Тэр хүн, танайхан Туул гол багаслаа, машинаа угааж байна гэж ярих юм. Лам нар чинь номхон даруу хүлцэнгүй байна. Би бол шууд очоод л зогсооно. Энд машин угаах юм бол удмынхан чинь сүйрнэ шүү гээд л дархалчихна гэж байгаа юм. Санах л үг. Ер хэзээнээсээ л байгалийг тахиж, шүтүүлж бишрүүлж, айлгаж байж хамгаалж ирсэн” гэж ярилаа.

Зохиолчийн хувийн тамга

Эднийд өвгөөс өвлөж ирсэн хэд хэдэн нандин эд байна. Чулуунаасаа сийлбэртэй шүрэн толгойтой хөөргийг нь эд мэддэг хүмүүс 200 гаруй жилийн настай гэж оношилжээ. Хуучны мөнгөн хэт хутга ч тэр үеийнх ажээ. Хятад ваар, зэс домбо бас өвгөөс нь өвлөгдөж иржээ. Гурван удаа хөрөнгөө хураалгаад үлдсэн эд зүйл гэж гэрийн эзэн тайлбарлав. Цэнджав докторын зоосны цуглуулга ч сонирхолтой санагдав. Хамгийн эртнийх нь 1796 оны Америкийн нэгдсэн улсын мөнгөн зоос ажээ. 1873, 1915 гээд эртний зооснууд олноороо байна. Өдгөө цагийнх бол зүсэн бүрээрээ.

Хоол унд, кофе цайгаар үйлчлэнгээ дуугүйхэн инээмсэглэн суух гэрийн эзэгтэй Тэгшжаргал Америк руу өвгөнтэйгөө явж, зээгээ асраад иржээ. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин Энхжаргал нь “Форбес”-ийг Монголд оруулж иржээ. Америкт арваад жил суралцсан охиноо аав нь “Монголдоо ир” гэсээр ирүүлжээ. Энхжаргал одоо Харвардын төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Хоёр дахь охин Болорцэцэг нь Америкт амьдардаг аж. Отгонхүү Оюутбилэг нь “ХААН” банкинд инженер хийдэг юм байна. Өвөө, эмээгийн амины зээ Гүнбилиг “Сант” сургуульд сурдаг аж. Төгөлдөр хуур тоглодог, шүлэг уншдаг, үлгэр зохиодог гэж ирээд яривал тал талын авьяастай мундаг эр юм байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *