Жил бүрийн тавдугаар сарын 28-нд олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиодог. Өнөөдөр энэ өдөр тохиож байна.
Анх Украйн улсын Засгийн газар болон тус улсын энхийг сахиулагчдын нийгэмлэгээс энхийг сахиулагчдын өдөртэй болох тухай хүсэлтийг НҮБ-д гаргаж, Ерөнхий ассамблей хуралдаж 57/129 дугаар тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолыг үндэслэн ‘НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр’-ийг 2003 оноос эхлэн тэмдэглэх болжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо дэлхий дахинд болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна.
2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн ба өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 14000 цэнхэр дуулгатан цэргүүд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож иржээ.