Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярыг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулна

Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон нийслэлийн Соёл урлагын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай” гэсэн 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Түүнчлэн ирэх сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх зургаан төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж байгаа гэнэ. Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг найруулж буй УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж “амилуулна”. Энэ нь 2017 оны хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлана гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд хаана. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм.

Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *