Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд очиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардацгаалаа. Нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гардуулж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүсч байсан юм. Үнэмлэхээ гардаж авсаны дараа нэр дэвшигчид дэмжигчид болон олон нийтэд хандан үг хэллээ.
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ЭГЭЛ АРД ТҮМЭН ЯЛНА
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. Тэрбээр үнэмлэхээ гардаж аваад үг хэлэв.
“Өнөөдөр Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу 3 сая иргэдийн төлөө юу гэсэн сонголт ирээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болох гэж байна. Гэвч Монголын эгэл ард түмэн ялна” гэв.
Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ийнхүү хэллээ. “Ардчилсан нам үе үедээ сонгуулийн бүхий л явцад шударга өрсөлдөж ирсэн. Бид хэзээ ч сонгуулийн хууль зөрчиж байгаагүй. Тиймээс бусад намыг шударга өрсөлдөхийг уриалж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгадаа амжилт, ялалтыг хүсэн ерөөе” гэв.
Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан Х.Баттулгад баяр хүргэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлэхдээ “Х.Баттулга танд чин сэтгэлийн баяр хүргэе. Нэр дэвшигч нөхөр минь. Монголчуудын шийдэх асуудал өвөрмөц. Хэдийгээр цаг үеийн эрхээр өнгө будаг муу амьдарч байгаа ч Ерөнхийлөгчөөс мөнгө горьдохгүй. Монголын эрх ашгийг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Бид жил гаруйн өмнө сонгууль явуулсан. Сайхан амлалт тасраагүй байна. Ингээд нэр дэвшигчдээ амжилт хүсье” гэв.
М.ЭНХБОЛД: МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛД АХИЦ, ДЭВШИЛ ГАРГАХЫН ТӨЛӨӨ ЯЛАЛТ БАЙГУУЛНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд үнэмлэхээ аваад ийнхүү хэллээ.
“МАН надад их итгэл найдвар, даалгавар, хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн. Би энэ сонгуульд хуулийн дагуу, шударга өрсөлдөж, ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль биш юм. Энэ удаагийн сонгууль бол Монгол орны уруудсан, доройтсон, хагарсан, хямарсан байдалд цэг тавих сонголт юм. Үүний зэрэгцээгээр Монголын ард түмний эв нэгдэл, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн шинэ замыг сонгох сонгууль болно. Энэ шинэ зам дээр гарахын тулд унах хүлэг, хүрэх зам, зорилтоо тодорхойлох ёстой. Би сайн хүлгийг үндэсний эв нэгдэл гэж харж байна. Монголчууд эвтэй байхдаа эх орноо хөгжүүлж, аж амьдралаа дээшлүүлж, тусгаар тогтнолоо улам бүр баталгаажуулж ирсэн түүхтэй. Бид эе эвдэрч явсан үедээ эрч хүч, ухаан дутаж байсан гашуун сургамжтай. Үүнийг бид ямагт санаж байх ёстой. Өнгөрсөн он жилүүдийн алдаатай бодлого, хайхрамжгүй хандлагын улмаас улс орны эдийн засаг ямар байдалд орсон бэ гэдгийг бид сайн мэдэж байгаа. Бид гаднаас дэмжлэг хүсэх, татвар нэмэх, нийгмийн халамжаа багасгах, хөрөнгө оруулалтаа бууруулах арга хэмжээг авахаас өөр аргагүй болсон. Манай ард түмэн ухаантай. Дээрх арга хэмжээний үр дүнд сайн сайхан цаг ирнэ гэдгийг ойлгож байгаа. Сайн цагийг аль болох богино хугацаанд авч ирэх, монголчуудынхаа амьдрал, ажилд нь ахиц, дэвшил гаргахын төлөө бид энэ сонгуульд ялалт байгуулах ёстой. Монголын ард түмэн 10 сарын өмнө бидэнд их итгэл хүлээлгэсэн. Энэ итгэл найдварын ард байгаа том даалгаврыг бүрэн биелүүлэхийн төлөө би өрсөлдөж байна. Бид нэгдмэл байр суурьтай, нэг улс болохын төлөө ажиллах болно.
Миний зүгээс МАХН болон АН-аас нэр дэвшиж буй хоёр эрхэмд хандаж, сонгуульд гүтгэлэггүйгээр, бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалсан захидал бичсэн. Энэ захидлыг нэр дэвшигчид маань хүндэтгэн хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
СЕХ-ны гадна талбайд МАН-ын гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсэн байлаа. Нэр дэвшигч үнэмлэхээ авсныхаа дараа гишүүддээ хандаж сонгуульд ялалт байгуулж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгээ хэлсэн юм.
Түүнийг дэмжихээр Н.Багабанди, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар ирсэн байв.
С.ГАНБААТАР: ИЛҮҮ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ НЬ ЯЛАХ ЁСТОЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл хол замыг, удаан тууллаа. Олон доромжлол дундуур алхаж ирлээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэж үг бий. Үнэн гүйцдэг юм байна. Өнөөдөр жирийн ард иргэд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа зовж байна. Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлд оруулсан намуудаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа ард түмнээсээ уучлалт гуйж эхлэх ёстой. Монголын ард түмнийг лиценз, газрын наймаа, тендерийн луйврууд ядрааж байна.
Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжүүлэх Үндсэн хуулийн төсөл байгаа. Илүү мөнгө хөрөнгөтэй нь ялдагаас өөр сонгууль хийх хэрэгтэй. Илүү төлөвлөгөөтэй, сэтгэл зүрхтэй, үзэл баримтлалтай нь ялах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн дундаас сонгодог. МАХН жирийн ард түмний төлөөлөл Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч болох боломжийг олголоо. Намын дарга Н.Энхбаярт талархаж байна. Тэр хүний хийж, бүтээсэн олон зүйлийг би үргэлжлүүлнэ. Монголын ард түмэн ялж, Монгол босно” гэв.