Categories
мэдээ нийгэм

Бригадын генерал Т.Бадрал хоёр талт уулзалтуудад оролцов

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 5 дугаар чуулган Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдаж 180 гаруй улс орны 5000 орчим төлөөлөгч хуран чуулж байна.

Чуулганы үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Япон Улсын Кобе хотноо төвтэй Азийн гамшгийн аюулыг бууруулах төвийн гүйцэтгэх захирал хатагтай Кёоко Кондо, Тайландын Вант Улсын Бангкок хотноо төвтэй Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал ноён Ханс Гуттман нартай тус тус уулзаж Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьж, санал солилцлоо.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллага Азийн гамшгийн аюулыг бууруулах төвийн дэмжлэгээр тус төвийн гамшгийн эрсдэлийг бууруулах судалгааны “Зочин судлаач” хөтөлбөрт албан хаагчдыг оролцуулж, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр урт хугацаанд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг 2013 онд байгуулж, олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *