Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Б.Чулуунцэцэгийн “Ээж” хэмээх номын нээлт өчигдөр “Аз хур” номын дэлгүүрт боллоо. Мөн энэ өдөр түүний хорвоод мэндэлсний баяр, төрдөө үнэлүүлсэн одонгийн найр зэрэг гурван давхар баяр тохиов.
Тэрээр “Ээж” номынхоо тухай “Эх дэлхий, бүсгүй хүн хийгээд эх хүний дотоод сэтгэлийн илч дулааныг гаргахыг зорилоо. Ном маань уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ. Номын нээлтэнд оролцохоор ээж маань Дорноговь аймгийн Мандах сум, Шавартын зуслангаасаа замд гарчээ.
Маргааш миний нарт хорвоод мэндэлсэн өдөр. Ээж минь намайг энэ хорвоод авч ирсэн өдөр. Ээждээ зориулж ном бүтээлээ. Ижий бурхад үрдээ барих номын нэг нь байгаасай гэж чин сэтгэлээс итгэж, залбирч, ерөөж бүтээлээ” хэмээн бичжээ.
ЧУЛУУНЦЭЦЭГ – I
Амрагийнхаа сэтгэлд би цэцэг тарьсан
Андуурахгүйн тулд нэр хайрласан
Анх уулзсан үдшийн тэнгэрийн
Асгарсан их оддоор нь шүүдэр хийсэн
Зүрхэнд нь хаврын бороо болж асгарсан
Зүүдэнд нь намрын навч болж хийссэн
Зүггүйхэн явахад нь аянгын гялбаа болсон
Зүс нь гундахад халуухан үнсэлт илгээсэн
Би яг л зүггүй нэгэн шувуухай адил
Бишүүрхэж тохуурхан нисэж буусан
Эцэст нь би цэцэг болж гэрэлтэнхэн найгасан
Эр сэтгэлд нь гэргийн буурь засаж дэлгэрсэн
Миний амрагийн сэтгэл нилдээ бүрхсэн цэцэгтэй
Мөнх насласан ч уйдахгүй олон өнгийн араншинтай
Иш нь өргөстэй ч, дэлбээ нь тасрахгүй тамиртай
Ийм нэгэн цэцгийг ганцхан миний л амраг танина
ЧУЛУУНЦЭЦЭГ – II
Сэрүүхэн салхи түмэн жил шуурсан ч
Шүүдэр нь гялтагнан найгах Чулуунцэцэг болно
Сэтгэлийнх нь уудам зайг нэлд нь бүрхсэн
Шүтэж хайрласных нь оройд залрах Чулуунцэцэг болно
Он цагийн тоосонд хээнцэрхэн дэлбээлсэн
Орчлонд ганцхан хувь Чулуунцэцэг болно
Оддын нулимсыг амраг минь надад шингээхэд
Орхиж боломгүй хайр нь Чулуунцэцэг болно
Мөрөөдлийн цагаан туузаа гэзгэнд минь зангидаж
Мөрөөр минь тэврэхэд би Чулуунцэцэг болно
Мөргөж сүсэглэсэн бурхнаасаа итгэл гуйж алга хавсарахад чинь
Мөнхөд чамаас явахгүй ээ, би чиний Чулуунцэцэг болно
ЧУЛУУНЦЭЦЭГ – III
Хархан нүд минь гэрэлтэнхэн гялалзвал
Харзны усан дээр цэцэг ургана, тэр нь Чулуунцэцэг байна
Цагаахан сэтгэл минь гэрэлтэнхэн цацарвал
Цасан дээр цав цагаан цэцэг ургана, тэр нь Чулуунцэцэг байна
Адтайхан инээд нь хад цуурайтам жингэвэл
Агаар тэнгэрт цэцэг ургана, тэр нь Чулуунцэцэг байна
Амраг минь наддаа чин үнэнч явбал
Амьдралыг би цэцэг гэж харна, тэр нь Чулуунцэцэг би өөрөө байна аа
О.ӨНӨР