Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Хуулийн шинэ төслөөр бол улстөрчид төрийн албаны томилгоонд улам нөлөөлөх нь

“Өдрийн сонин”-ы №110 (5677) дугаараас авч нийтлэв

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулгын төсөлд санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-Ардчилсан намын бүлэг сая (өчигдөр) хуралдлаа. Бүлэг дээр Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн талаар чухам юу яригдав. гишүүд ямар байр суурьтай байна. Тухайлбал таны байр суурь ямар байгааг сонсмоор байна?

-Шулуухан хэлэхэд АН-ын бүлгийн гишүүд энэ хуулийн шинэчлэл дээр сэтгэл дундуур байгаа. Хуулийн шинэчлэлийн хоёр төсөл явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Нөгөө нь УИХын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл гэж. Эдгээрийг УИХаар хэлэлцэх нь. Уг хуулийн төсөлд санал дүгнэлт өгөх үүрэг бүхий АН-ын ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байгаа юм.

Хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл нэлээд тусгагдсан тул хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой юм байна гэдэгтэй санал нийлсэн. Гэвч хуулийн төслүүдэд зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлүүд олон байна.

-Тухайлбал юу байна. Төрийн алба үнэхээр чадваргүй, дорой болчихсон учраас хуулийн шинэчлэл хийх гээд байна уу?

-Тэгж нэг талдаа хэт туйлширч болохгүй. Мэдээж сайнтай муутай байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль бол долоон бүлэгтэй, 41 заалттай, цөөхөн бүлэг, зүйл заалттай хууль л даа. Гэхдээ л батлагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл монгол төрийн үйл ажиллагаа, төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг зохих хэмжээгээр хангаж ирсэн. Би хувьдаа боломжийн хууль гэж үздэг. Өнөөдөр оруулж ирж байгаа хуулийн төслүүдтэй харьцуулахад боломжийн гэдэг нь бүр ч мэдрэгдэж байгаа. Мэдээж өнгөрсөн практикаас дүгнэлт хийж засаж өөрчлөх, сайжруулах, зохицуулалт хийхээр байгаа нь ойлгомжтой. Гэхдээ наана нь бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улсад баталсан хууль нь муудаа биш юм, шат шатандаа хэрэгжүүлэхгүй байгаад л гол асуудал нь байгаа. Сонгуулиар олонх болж гарч ирсэн намууд хэм хэмжээнээсээ хэтэрсэн улстөржилтийг хийж байна. Гүйцэтгэх засаглал нь тэр чигээрээ улстөржиж, төрийн албыг хавтгайд нь бужигнуулаад байна. Үүнтэй их олон хүн санал нийлнэ. Тэрнээс биш Төрийн албаны зөвлөл дэндүү муу ажиллаж байна гэж дүгнэж болохгүй. Төрийн албан хаагчид муу ажиллаж байна гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Би бөөрөнхийлж байгаа юм биш. Монгол төрийн төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа том фронт бий шүү дээ. Тэднийгээ бид үгүйсгэж болохгүй. Харин төрийн албан дахь улстөржилтийг үгүйсгэж, алга болгох хэрэгтэй.

-Хуулийн төсөлд амьдралд нийцэхгүй ямар зүйл заалтууд тусгагдсан байна. Тодорхой хэлж өгөөч?

-УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй байна. Энэ нь өмнөх хуулиас бүлэг, зүйлийн тоо нь 3-5 дахин нэмэгдэж маш том хууль болжээ. Зүйл заалтын тоо ихэсч хуудасны тоо олон болсноор хууль сайн болохгүй. Энэ бол амьдралаар батлагдсан үнэн. Миний байр суурь бол өмнөх хуулийнхаа суурин дээр сайжруулах, зохицуулах, өөрчлөх шаардлагатай зүйл хэсгээ тусгаад явах ёстой гэж бодож байгаа. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчим, заалтуудтай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан заалт, нэр томьёо хэрхэн нийцэж байгааг сайтар шүүж нягталмаар байна. Хуулийн шинэ төсөлд тусгаснаар бол улс төрийн намын гишүүн төрийн албанд ажиллахаар бол намын гишүүнээсээ татгалзах заалт байна. Уг санаа нь зөв л дөө. Гэвч Үндсэн хуульд зарим төрлийн албан хаагчийг намын гишүүнээс түдгэлзүүлж болно л гэж байгаа. Тэрнээс татгалзана гэсэн заалт байхгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлнэ, Шүүхэд гомдол гаргаж болохгүй гэсэн агуулга байна. Энэ нь Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд Шүүхэд гомдол гаргах эрхийг хөндсөн ноцтой асуудал болох нь. Ийм илэрхий бүдүүлэг, бярдсан агуулга, үзэл санааг хавчуулж болохгүй л дээ. Энэ нь ямар зорилготой юм гээд цааш ярина. Тэгээд ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөн ярьж байгаа өнөөдрийн цаг үед төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээ эцэг хуультайгаа сайтар уялдуулсан зохицуулалт оруулах нь чухал гэж харж байгаа.

-Төрийн албан хаагчийн шалгалт гэж том босго, шалгуур бий болсон. Энэ үнэ цэнэ хуулийн шинэ төсөлд хадгалагдаж байгаа биз дээ. Бас л өөрчлөлт орсон уу?

-Наана чинь асуудал үүсэхээр байгаа. Тухайлбал шинэ хуулийн төсөлд төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх төрийн албан хаагчаас нэгийг нь сонгож, томилно гэж тусгасан байна. Тэгэхээр тухай албан тушаалд таван хүн өрсөлдөхөд онооны жагсаалтаар хамгийн сүүлд нь буюу тавдугаарт орсон хүнийг ч томилох боломжтой болох нь. Ер нь шалгаруулалтад орж байгаа иргэн яах гэж шалгалт өгч, оноо дүн авч, шалгуур шаардлага давж байгаа юм. Одоо бол шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн нь томилогдож байгаа нь шударга зарчим. Хууль ингэж өөрчлөгдвөл Төрийн албаны шалгалт тэгсгээд утгаа алдах биз дээ. Хуулийг ингэж муутгаж болохгүй.

-Энэ хуулиар сургууль төгссөн залуучууд төрийн албанд орж ажиллах боломж хэр нээлттэй байгаа вэ?

-Төрийн албанд шинэ хүмүүс орж ажиллах боломж зарим талаасаа хязгаарлагдмал байхаар байна. Жилд нэг удаа шалгалт авч нөөцөд бүртгэнэ, дараа нь сул ажлын байр гарсан тохиолдолд эхлээд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээс уг ажлын байрыг нөхнө. Ингэсний дараа л нөөцөд байгаа хүмүүсээс дахин тусгай шалгалт авч сая дурдсан зарчмаар эхний таван хүнээс алийг нь ч сонгож мэдэхээр төсөлд тусгагдсан байна лээ. Мөн төрийн албаны нөөцөд байх хугацаа гурван жил байхаар төсөлд тусгагдсаныг ч бодолцох хэрэгтэй. Хууль бол төрийн албыг тогтвортой, чадварлаг, цомхон байлгах, төрийн албаны нэр хүндийг өргөж, хариуцлагатай ажиллуулахад зориулагдсан байдаг. Тухайлбал, тодорхой хугацааны дараа түвшин тогтоох, мэдлэг ур чадварын шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс авдаг байх нь зөв гэж ойлгож байгаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгаар одоо байгаа Төрийн албаны зөвлөлийн ажил үүргээс зарим төрийн байгууллага хуваалцахаар тусгагдсан байна гэж сонссон?

-Төрийн албаны зөвлөлийн хараат бус байх үндсэн зарчим алдагдах агуулга бүхий заалт шинэ төсөлд байна. ЗГХЭГ нь дангаараа болон хамтран оролцоотойгоор удирдах албан тушаалын жагсаалт, нөөцийн бүртгэл, ажлын байрны тодорхойлолт гаргах нь. Тэр байтугай, төрийн албан хаагчийн мэргэжлийн сургалтын агуулга, хөтөлбөр, төрийн албан хаагчийн шалгалтын агуулга, хэлбэр болон бүр шалгалтыг нь авна гэхчилэн Төрийн албаны зөвлөлийн зуун хувь хариуцан гүйцэтгэх ажилд оролцохоор байна. Энэ нь Төрийн албаны зөвлөл үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана гэсэн заалттай ч зөрчилдөж байгаа юм. Шулуухан хэлэхэд улстөрчид төрийн албаны томилгоонд улам гүнзгий орох нөхцөл үүснэ.

-Ингэхэд энэхүү хуулийн шинэчлэлд мэргэжлийн байгууллагуудын оролцоо, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж, дүгнэлт хэр туссан бэ?

-Хуулийн төслийг боловсруулахдаа Мэргэжлийн байгууллага болох Төрийн албаны зөвлөл болон энэ чиглэлийн туршлага бүхий хүмүүсийг оролцуулах тал дээр хууль санаачлагчид дутуу ажилласан юм уу гэж харагдаж байгаа. Эсвэл санал авсан ч хуулийн төсөлд тусгаагүй байх. Төрийн албаны зөвлөлийн даргаар болон гишүүнээр ажиллаж байсан, төрийн байгууллагуудад ялангуяа төрийн яамд, агентлагт ажиллаж байсан онолын болон амьдралын туршлагатай олон ахмадууд байгаа. Тухайлбал, Норовсамбуу, Зүмбэрэллхам, Чадраабал, Өнөбаатар гуай нар шиг олон арван төрийн зүтгэлтнүүдийн санал бодлыг сонсож, хуульд тусгах шаардлагатай юм. Хуулийн ажлын хэсгүүдэд ч тэднийг заавал оролцуулж санал бодлыг нь авах хэрэгтэй байсан байх. Ингэж байж л үр дүн нь сайн гарч, олон жилийн настай, амьдралд хэрэгжихүйц хууль батлагдана биз дээ.

-АН-ын бүлгээс хэлэлцүүлэг хийх гэж байгаа нь ийм үзэл санаатай юм байна?

-Ерөөсөө л тийм. Манай намын бүлгээс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон нэмэлт өөрчлөлтийн төслөөр дээрх хүмүүс болон салбар бүрийн төлөөлөл, мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байна.

-Ингэхэд Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн ажиллах хугацааны тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Төрийн албаны зөвлөлийн гишүүний тоо, ажиллах хугацааг дахин сайтар нягталмаар юм билээ. Одоо бол орон тооны гурав, орон тооны бус дөрөв, нийт долоон гишүүнтэй ажиллаж байгаа. Гэтэл шинэ хуулийн төсөлд тусгагдсанаар ердөө гурван гишүүнтэй ажиллахаар байна. Энэ нь тус зөвлөлийн тогтвортой, хараат бус ажиллах боломжид сөргөөр нөлөөлөхүйц заалт. Харин ч төрийн албаны зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх ёстой. Гурван гишүүнтэй байх нь хамтын шийдвэр гаргахад нөлөөлнө. Хүний амьдрал баян болохоор янз бүрийн шалтгаанаар нэг гишүүн нь л байхгүй байхад шийдвэр гаргах боломжгүй болохоор байгаа юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг хугацаагүйгээр томилохоор байгаа нь хэдийд ч чөлөөлөх, өөрчлөх боломжийг олгохоор байна. Үүний оронд харин эсрэгээрээ тодорхой хугацаатай томилдог, ажлын үр дүнг нь харгалзан улируулан ажиллуулах эсэхийг шийддэг байхаар хуульд тусгах нь зөв л дөө.

-Өнөөдөр төрийн албан дахь халаа сэлгээ замаа алдаж байх шиг байна. Энэ хуулийг эрх баригчид өөрсдөдөө зориулсан гэж зарим судлаачид үзэж байгаа юм билээ?

-Улс төрийн сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчийг орон тооны бүтэц зохион байгуулалт нэрээр ажлаас нь ямар нэг аргаар халах, чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ удаагийн Их хурлын сонгуулийн дараа 23 мянга гаруй төрийн албан хаагч төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн тухай Төрийн албаны зөвлөлийн тайланд дурдагдсан байна лээ. Тодорхой хэсэг нь хуулийн дагуу тэтгэвэрт гарсан байх. Харин дийлэнх нь намын харъяаллаар ажлаас чөлөөлөгдсөн нь бодит үнэн. Үүнийг худлаа гэж хэлэх хүн байхгүй. Өнөөдөр эрх барьж байгаа нам нь өөрсдийнхөө эрх ашигт илүү нийцүүлсэн нэг хууль гаргана. Маргааш нөгөө нам нь та нар өөрсдөдөө тохируулж хийсэн гээд дахин өөрчилнө. Ийм байхаар Төрийн албаны тогтвортой байдал, улс төрөөс хараат бус байх зарчим алдагдсаар л байна. Тэгэхээр энэ хуулийг олуулаа олон талаас нь ярьж, олон жилийн настай хууль баталмаар байна. Хуулийг хэтэрхий яарч өөрчлөн батлах гээд хэрэггүй. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хэтэрхий гоомой хууль гарчих вий гэдэг болгоомжлол үндсэндээ аль аль талдаа байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Миний зүгээс ингэж л харж байгаа. Тэрнээс “Тогтохсүрээн, чи ингэхгүй шүү” гээд дайрах шалтгаан хэнд ч байхгүй шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *