Сэтгүүлч Р.Оюунжаргал, төгөлдөр хуурч М.Цогбадрах нарын хамтарсан бүтээл “Сонгодог хөгжим” хүүхэд залууст зориулсан лавлах ном уншигч таны гар дээр очиж байна. Энэхүү номд XVII зууны үеийн Европын урлагийн хөгжлийн илэрхийлэл болсон Италийн суут хөгжмийн зохиолч А.Виваль-дигаас эхлээд XX зууны алдарт Д.Шостакович хүртэл 32 суу билэгт хөгжмийн зохиолчийн намтар, уран бүтээлийг багтаажээ. Мөн дэлхийн сонгодог хөгжим буюу өрнөдийн хөгжмийн урлагийн хөгжлийн үе шатууд, изм-үүдийн талаарх ойлголтыг тайлбарлах үүднээс төлөөлөл болох хөгжмийн зохиолчдын тухай мэдээллүүдийг оруулсан байна. “Сонгодог хөгжимтэй танилцах гэдэг бол Европын түүх, хөгжилтэй танилцана гэсэн үг. Энэ утгаар нь авч үзвэл ном маань зөвхөн сонгодог хөгжмийн гэлтгүй XVII-XX зууны Европын улс үндэстэн, эзэнт гүрнүүд, тэдний нийгэм журмын байдал, соёл урлаг, ахуйн тухай цухас ойлголт өгөх бүтээл болсон болов уу” хэмээн зохиогчид номынхоо өмнөтгөлд онцолжээ.
Манайхан хүүхэд, залуусаа “мэдлэг боловсролтой, хүмүүжилтэй зөв хүн” болгох гэж хичээдэг. Тэгвэл хүүхэд залуусын хүмүүжил, хэтийн төлөвшилд хөгжим хамгийн чухал нөлөөтэй гэдэг. “Сонгодог хөгжмийн түүх” ном танай хүүхэд, гэр бүлд танин мэдэхүйн болоод хүмүүжлийн энэ орон зайг хангалттай нөхөж өгөх нь ээ. Энэ номд орсон өрнөдийн суут хөгжмийн зохиолчид өнөөдөр хүн төрөлхтний оюун санааны хөгжилд ямархуу нөлөө үзүүлж буйг “Сонгодог хөгжмийн түүх” танд өгүүлнэ. Мөн тэдний амьдралын сонирхолтой бөгөөд гунигтай түүх, алдарт бүтээлүүдээ хэрхэн туурвисан талаар уншиж болох юм. “Сонгодог хөгжим” ном “Интерном”, хөгжмийн “Эгшиглэн” дэлгүүрт борлуулагдаж байгаа аж.
Д.ТУЯА